Олноо “Дамбын 58” гэж алдаршсан Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургууль 3554 сурагчтай. Дийлэнх нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүд. Тэднээс 1-5 дугаар ангийн 1900-гаад хүүхэд сургууль дээрээ халуун хоол иддэг ажээ. Ингэж хооллосноос хойш “Сурагчдын хичээл таслалт эрс багасч, хүүхдүүдийн өсөлт, сурах идэвх сайжирсан, улирлын чанартай өвчлөл буурсан” гэж сургуулийн захирал Д.Болд танилцуулсан. Тэд ШУТИС-аас хэрэгжүүлсэн “Үдийн халуун хоол” төсөлд хамрагдсан байна. Төслийн хүрээнд эдгээр сургуульд мэргэжлийн хоол зүйч ажиллаж, сурагчдын насны онцлогт тохирсон, шимтэй тэжээллэг хоол өгч, судалгаа хийжээ.
Өдөрт өгдөг аяга хоолыг идэх гэж хичээлдээ яаран ирэх хүүхдүүдээ хараад 58 дугаар сургуулийн удирдлага энэхүү төслийг улсаас баталсан төсвийн хүрээнд үргэлжлүүлсээр өнөөг хүрсэн байна. Тиймээс УИХ-ын гишүүн П.Анужин, Б.Баярсайхан, Б.Жаргалмаа болон салбар яам, бусад мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн Ажлын хэсгийнхэн тус сургуулийн “Үдийн халуун хоол” төслийн хэрэгжилттэй танилцсан нь санамсаргүй хэрэг биш.
Гуравхан сарын дараа хичээлийн шинэ жил эхэлнэ. Түүнтэй цуг “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хууль хэрэгжих учиртай. Тиймээс үлдсэн богино хугацаанд, хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхнийг тодруулж, шийдэх үүрэг авсан “ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах” Ажлын хэсгийн гишүүд ажил ихтэй, амьсгаа дээгүүр явлаа.
ЕБС-ийн үдийн цайг үдийн хоол болгохын тулд нэн тэргүүн сургуулийн гал тогооны талбай, тохижилтыг шийдэх хэрэгтэй. “Эрдмийн хөтөч” сургуулийнхан зориулалтын бус гал тогоогоо хоол үйлдвэрлэлийн технологийн горимд нийцүүлэн, зай талбайг нь өргөтгөн засчээ. Түүхий эдийг бэлтгэх, боловсруулах, түгээх ажиллагааг технологийн урсгалын дагуу тус бүрд нь зааглаж, ариутгал, халдваргүйтэлд чанд анхаарчээ. Үүнээс гадна Гал тогооны ажилтнуудыг сургах, хүүхдүүдэд эрүүл, зөв дадал эзэмшүүлэхэд сургуулийн Хоолзүйч нэн чухал үүрэгтэй. ШУТИС 2000 оноос “Хоол зүйч” хөтөлбөрөөр сургалт явуулж, 200 гаруй мэргэжилтнийг бэлтгэн төгсгөсөн байна. Мэргэжлийн Хоолзүйчийн тоо өнөөдөр шаардагдах хэмжээнд хүрэхгүй тул БШУЯ сургуулийн эмч нарыг зайн сургалтад хамруулж, Хоолзүйчээр ажиллуулах, хүүхэд цөөтэй хөдөөгийн сумдын сургуулиудын дунд сум дундын Хоолзүйч ажиллуулах гэх мэт төрөл бүрийн хувилбарыг боловсруулж байгаа аж. “Эрдмийн хөтөч” сургуулийн Хоолзүйч А.Янжмаа “Бага насны хүүхдэд шаардлагатай илчлэг, тэжээллэгийг тооцож, басхүү төсвөөс баталсан 900 төгрөгтөө тааруулан хоолны цэсээ зохиосон. Шарсан, хайрсан хоолыг хориглосноор хоолны төрөл багассан ч сард нэг хоолыг давтан өгдөггүй” гэв.
Энэ үеэр “Эрдмийн хөтөч” цогцолбор сургуулийн Хоолзүйч А.Янжмаа “Хоолны цэсээ гаргахдаа зохистой хооллолтын зөвлөмжид заасан таван төрлийн хүнсийг өдөр өдрөөр ээлжлэн өгөхөөр зохицуулсан. Түүнээс бүгдийг нь зэрэг өгнө гэвэл батлагдсан төсөв хүрэхгүй. Нэг хүүхдэд ногдох зардлыг сардаа зохицуулж, зарим өдөрт 500- 600 төгрөг, зарим өдөрт нь 1200 төгрөгийн хоол өгдөг” хэмээлээ.
Мөн тус сургуулийн тогооч М.Алтанцэцэг, М.Сарангуа нарын ярьснаар сурагчдын хоолонд цэцэгт байцаа, хулуу, яншуй, цагаан гаа гээд бүх төрлийн нарийн ногоо их хийдэг. Эхэндээ хулууны шөл идэж чаддаггүй байсан хүүхдүүд сүүлдээ амтанд нь орсон. Бас зутан шөл, брокколины шөл, шинэ ногооны салатад их дуртай гэнэ.
Сургууль дээрээ амттай, шимтэй хоол иддэг хүүхдүүд гэртээ хариад хоолондоо ийм ногоо хийе гэж ээж, ааваасаа гуйсан тохиолдол ч гардаг байна. Хүүхдүүд хооллохын өмнө гараа угаадаг, хоолны орц найрлага, хүнсний ногооны ашиг тусын талаар сайн мэддэг, эрүүл, зөв амьдрах дадалд суралцсан нь энэ төслийн хамгийн том ололт юм. Мөн нэг зүйл байгаа нь “Эрдмийн хөтөч” сургууль хэдэн зуун хүүхдийг нэг дор хооллох танхимгүй болохоор хоолоо анги ангид нь хүргэж өгдөг юм байна. Олон хүүхдийн халуун хоол зөөх амаргүй ажилд эцэг эхчүүд тусалдаг. Сүүлдээ эцэг эхчүүд төвөгшөөдөг болсон учраас ангийн багш нар хуваарь гаргах юм уу, хүүхэд бүрээс 1500 төгрөг хурааж, хоол түгээлтэд тусалж байгаа эцэг эхчүүдэд олгох гэх мэтээр дор бүрнээ л зохицуулж байгаа аж.
Энэ яриаг сонсоход хүүхэд олонтой сургуульд багагүй чирэгдэл учрах нь тодорхой. Бас дунд, ахлах ангийн сурагчид болон сургуулийн багш, ажилчдын үдийн хоолны асуудал ч шийдлээ нэхэх бололтой. Нэмээд гал тогооны тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээний асуудал нэмэгдэнэ. Ийнхүү Ажлын хэсгийнхэн “Гал тогоонд нийлүүлэх тоног төхөөрөмжийг анхаарах шаардлагатай юм байна. Түүний засвар үйлчилгээний асуудлыг хариуцсан нэгж, байгууллага бий болгох, хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг засдаг мэргэжилтэн, засварчдыг бэлтгэх цаг иржээ” гэх дүгнэлтэд хүрсэн.
Ажлын хэсгийн гишүүд эндээс хөдлөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 25 дугаар сургуульд очив. Энд оюуны хөгжлийн бэрхшээлтэй 210 хүүхэд сурдаг. Бүх зүйлд хүний гарыг хардаг хөөрхий хүүхдүүдэд зориулж, ШУТИС-ийн ҮТС-ийн Хоол судлалын тэнхмийн багш нар 2019- 2020 онд сургуулийнхаа санхүүжилтээр төсөл хэрэгжүүлжээ. Тэд шим тэжээлтэй хоол хүнс хүүхдийн оюуны хөгжилд яаж нөлөөлж байгааг судлах, улмаар батлахыг зорьсон аж. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хоолны төсөв нь энгийн сургуулиас өндөр, өдөрт 2400 төгрөг. Хүүхдүүдэд өдөрт нэг удаа халуун хоол, нэг удаа цай, долоо хоногтоо гурван удаа сүү, ОХУ-ын жишгээр хүчилтөрөгчийн коктейль уулгасан байна. Чингэхдээ тухайн хүүхдийн гэртээ иддэггүй, шимтэй хоол өгөхийг зорьжээ. 25 дугаар тусгай сургуулийн хоолзүйч С.Нямцэцэг “Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зажлах, залгих рефлекс нь алдагдсан байдаг. Тиймээс тухайн хүүхдийн оношоос хамаарч, хоолны бэрхшээлийг тодорхойлдог. Бид хүүхдүүддээ аль болох хурдан шингэх, алдагдсан рефлексийг нь ажиллуулахгүй хоол, зутан шөл, машиндсан махтай хоол өгдөг. Сүүг аягаар ууж чаддаггүй учраас соруултай сүү өгдөг. Хүүхдүүд маань соруултай сүүгээ өөрөө аяндаа дадлаараа уугаад сурсан” гэж хэлж байна.
Анги дээрээ хооллох дадлыг бага багаар бий болгоход оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд дагалдаад ахуйн олон дадалд суралцдаг нь ажиглагджээ. Тухайлбал халбагаа барьж чаддаггүй хүүхэд хоолоо идэхийн тулд халбагаа барьж сурахыг хичээдэг, аажим аажмаар хөгжинө. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хооллох орчин, сурах арга барил эрүүл хүүхдээс өөр учраас аль болох түүнтэй нь уялдуулаад мэдлэг олгож явдаг аж. Энэ байдлаар төсөл хэрэгжүүлсний дараа хоол зүйч, СЭМҮТ-өөс мэдрэл, сэтгэцийн эмч нарыг авчирч шалгуулахад хүүхдүүдийн оюуны хөгжлийн үзүүлэлт эрс сайжирсан байж. “Энэ бол шим тэжээлтэй хоол хүнс эсийн түвшинд нөлөөлдгийн нэг баримт” гэж төслийг удирдсан Н.Пүрэвжав багш ярьсан. Энэ үеэр ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн стандарт, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, хүнсний хангамжийн тогтолцоо, хоолзүйч, тогоочийн орон тоо, цалингийн асуудал гээд шийдлээ хүлээж буй олон асуудал хөндөгдсөн. Энэ үеэр Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн П.Анужин “Монгол хүн хүүхдээсээ юм харамладаггүй. Тэгсэн атлаа сургуулийн хүүхдийн хоолны зардлыг хамгийн багаар тогтооно, тоног төхөөрөмжийн зардлыг хямд байлгана гэж ярих зохисгүй. Хүүхдүүдэд өгөх үдийн хоолны асуудал бол зөвхөн ам руу хоол хийх төдий ойлголт биш. Харин хүүхдүүдийн эрүүл мэнд, ирээдүйн амьдралын чанар, хандлагыг өөрчлөх том зүйл” хэмээв.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Уих ын эмэгтэй гишүүд олигтой л юм хийхгүй бол эмэгтэй гишүүдийн тоог нэмж чадахгүй шүү
Монголын залгамж ирээдүй хүүхдүүд маань эрүүл өсч торних ёстой шүү коммунистууд аа.