Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймаг дахь Ульхан боомтод ажиллажээ. Монгол Улс хилийн 26 боомттой, үүний 13 нь ОХУ-тай, 13 нь БНХАУ-тай залгадаг. Дорнод аймаг Хавирга, Эрээнцав, Ульхан, Баянхошуу, Сүмбэр гэсэн таван боомттой боловч өнөө хэр нь хатуу хучилттай авто замаар холбогдоогүй. Тухайлбал, Ульхан боомт хоёр талын зэрэглэлтэй, байнгын горимтой бөгөөд жилд 4-5 мянган зорчигч, мянга гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрч 18 орчим тонн ачаа тээвэрлэдэг байна. Тус боомтын үйл ажиллагааг цар тахлаас болж өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш зогсоожээ. Боомтын нөхцөл байдалтай танилцсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс далайд гарцгүй орон.
Бид төмөр зам, авто зам, агаарын замаа хөгжүүлж байж л асуудлаа шийдэх боломжтой. Хилийн боомтуудаа эхний ээлжинд авто замаар холбох ёстой. Ингэж чадвал экспорт, импортын урсгал сайжирна. Нөгөө талаас аялал жуулчлал, ачаа тээврийн татан авалт нэмэгдэхийн хирээр нөөц боломжууд нээгдэх юм. Үүнийг даган зүүн бүсийн эдийн засаг, үйлдвэрлэл үйлчилгээ тэлж, иргэдийн амьжиргаа эрс сайжирна” гэдгийг тэмдэглэжээ.
Засгийн газраас ОХУ-тай холбогдох Ульхан, БНХАУ-тай холбогдох Хавирга боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, төвлөрсөн аялал жуулчлалын бүсүүдтэй авто замаар холбох зорилт тавьж байгааг ч онцолсон байна. Хил залгаа ОХУ-ын Приморск, Хабаровскийн бүс нутагт жилд 10 гаруй сая, БНХАУ-ын ӨМӨЗО, Жилин, Хейлонжианг, Лиаоинингийн болон хил залгаж буй бүс нутагт жилд 310 гаруй сая жуулчин аялж байгаа тоо мэдээ байгаа аж. Дээрх жуулчдын 0.06 хувийг Монгол Улсад татахад л зүүн бүсэд жилд аялах жуулчдын тоо 200 мянгад хүрч, аялал жуулчлалаас 150 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой аж. Тиймээс Норовлин-Баян-Уул чиглэлийн 71 км, Баян-Уул-Ульхан чиглэлийн 46 км, Чойбалсан-Хавирга чиглэлийн 124.5 км замыг хатуу хучилттай болгосноор ОХУ, БНХАУ-аас ирэх зорчигч, тээврийн хэрэгслийн тоо 30-50 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Ийм мундаг боомтуудыг авто замаас гадна төмөр замаар холбох хэрэгтэй ш дээ