Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Ардын цол, Гавьяат цол, одон, медалийг өчигдөр гардуулж өглөө. Энэ дундаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх цолоор дөрвөн хүн шагнагдсан юм. Бид бүхэн шинэхэн Хөдөлмөрийн баатар, найруулагч, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатартай ярилцлаа.
-Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаач, танд одоо хамгийн түрүүнд юу бодогдож байна вэ?
-Монгол төр л бодогдож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Ерөнхий сайд гээд энэ бүхэн бол Монгол төрийн нэгэн түшээ. Тэгвэл төрийнхөө нэгэн баганыг нь түшилцэж явдаг хүмүүс бол бүжиг гэдэг их урлагийн төлөөлөл гэж боддог. Бүжиг гэдэг бол урлаг дотроос хамгийн хүнд мэргэжлүүдийн нэг. Ийм л мэргэжлийг бид бүхэн эзэмшсэн. Энэ хүнд мэргэжлийг миний бие эзэмшиж, өнөөдөр 50 жилийн нүүрийг үзэж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 4000 гаруй авьяаслаг бүжигчин, бүжиг дэглээч, бүжгийн багш, найруулагч, судлаач, өв тээгч нартайгаа хамтран ажиллажээ.
Энэ бүхэн бол хөдөлмөр. Монголчууд бид бүхэн дэлхий ертөнцийн хөдөлмөрийн бүхий төрлийн мэргэжлийг эзэмшиж чадсан байдаг юм. Харин эдгээр сайхан хөдөлмөр, мэргэжлийг бүжигчин бид бүхэн ард түмэндээ түгээн дэлгэрүүлэх, сурталчлах үүрэгтэй хүмүүс байдаг. Тийм учраас бүх мэргэжлийг тодорхой хэмжээнд сурч, харж, мэдэрч, уран сэтгэмжээр хөгжүүлэх ёстой болдог. Хүний хөдөлмөр, мэргэжлийг хөдөлгөөнөөр ард түмэндээ үзүүлдэг нь бидний мэргэжлийн хүнд бөгөөд хариуцлагатай үүрэг гэж хэлж болно. Үүгээрээ Монгол төр, улсаа дэлхий дахинаа үндэснийхээ урлаг, биет бус өвөөр нь сурталчилж чадсан. Тэдгээрийн нэгэн төлөөлөл болж хөдөлмөрлөх авьяасын ухааныг эзэмшсэнээрээ, хөдөлмөр бүхнийг хөдөлгөөнөөр дамжуулан бусдад үзүүлж, гоо сайхны таашаал өгч байснаараа С.Сүхбаатар миний бие өнөөдөр Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цол тэмдэгийг авч чадлаа.
-Ааваар тань, танаар үргэлжилсэн бүжгийн урлагт залуу үе ч түрэн гарч байгаа даа?
-Тэгэлгүй яахав, маш олон авьяаслаг залуучууд хүч түрэн гарч, ургаж, өндийж байгааг харахад сайхан байдаг. Дээрээс нь манай монголчууд нэн эртний буюу хүрэл зэвсгийн үеэс эхлэн өөрийнхөө зэр зэвсгийг хийж, өв уламжлалаа бий болгож ирсэн гайхамшигтай түүхтэй ард түмэн. Харин энэ бүхнийг шинэ эрин үед бид нар хөгжүүлж, хослуулж авч явах шаардлага бий. Өнөөдөр улс төрд л гэхэд төрийн ухаан, мэдлэг боловсролтой шинэ төлөөлөл бий болчихлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэхэд л дөчөөд насны л залуу байна. Өдий насандаа би ид гялалзаж, тэмцэж, хөлөө хугалсан ч гэсэн Монголоо сурталчилж явсан тэр үе шиг л шинэ залуучууд түрэн гарч ирж байгаа нь үнэхээр сайхан байна. Тэд монголоо хөгжүүлэх, шинэ түүх бүтээхийн төлөө тэмцэж явна. Тиймээс улс төрийн ухаанаар, урлахуйн ухаанаар бид нар хамтдаа улсаа хөгжүүлж чадна. Өнөөдөр төрж байгаа монгол хүн, бурхан болсон ахмад үеийн бурхадууд энэ үедээ хамтдаа амьдарч чадсан юм. Үүнтэй нэгэн адил цаашид ч урлахуйн ухааны авьяастнууд маань зовж, хөлсөө дуслуулж, хөдөлмөрлөж чаддагийг монголын бүжигчид харуулж чадна гэж итгэж байна. Энэ л итгэлийг маань бататгаж С.Сүхбаатар надад төлөөлөл болгож энэ том алдар цолыг өгсөн байх гэж бодож байна даа. Би өөрөө бүжгийн их урлагт 50 жил зүтгэхдээ олон сайхан авьяаслаг хүмүүстэй хамтран ажилласан. Бид хөдөлмөрлөж, авьяасаа хөгжүүлж л чадах юм бол өөрийнхөө эзэмшсэн мэргэжил бүхнээр дэлхийд эх орноо таниулж, сурталчилж чадна гэдгийг хэлмээр байна. Ард түмэндээ дахин баярлалаа гэж хэлье.
-Та театрынхаа дөрөв дэх Хөдөлмөрийн баатар боллоо. Тэгэхээр бүжгийн урлагийг өдий зэрэгт хүртэл тээж ирсэн ахмад буурлуудаа дурсаач?
-Тэгэлгүй яахав. Би өөрөө их азтай хүн юм. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад гуайнхаа 60 насны ойгоор өөрийнх нь “Уяхан замбативийн наран” хэмээх тайлан тоглолтыг хийж явлаа. Энэ аугаа дуучны тоглолтыг хийснээрээ надад өнөөдөр тэр буян заяа нь ирлээ гэж бодож байна. Нэрт хөгжмийн зохиолч, Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншарав багштайгаа хамт олон уран бүтээл хийсэн. Хөгжмийг нь зохиолгоод өөрийнхөө идэрмэг, ирмүүн бүжгүүдийг дэглэж явлаа шүү дээ. Мөн дэлхий нартайгаа байсан цагт хүн, амьтан байх, эв нэгдэлтэй байвал хүн төрөлхтөн оршин байна гэсэн Алунгоо эхийн домгоор хийсэн “Нарны домог” гэдэг бүжгэн жүжгийнхээ зохиолыг Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн ахаараа бичүүлж, Ш.Тэнгисболд найзаараа зургийг нь зуруулж явлаа. Энэ сайхан алдартай хүмүүстэйгээ нэгэн цагт амьдарч, хамтдаа уран бүтээл туурвиж, түүнийхээ төлөө шатаж явснаа, аугаа биелээчдээсээ ур ухаан, авьяасыг нь сурч, өвлөж авсанаа хамгийн азтай завшаан, хувь ерөөл гэж ойлгодог. Тийм ч учраас дараагийн олон Хөдөлмөрийн баатар олон мэргэжил дотроос төрж гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Мэргэжил бүхэн сайхан. Тэдний сайхан бүхнийг нь бүжгийн урлагаар дамжуулан та бүхэндээ үзүүлж, үзэгч олон маань түүнд баярлан огшиж байдаг юм. Түүнийг нь олж харж чадсанаараа би тайзан дээр урлаг болгон үзүүлдэг.
-Таны энэ их авьяас, хөдөлмөр зүтгэл таны аав зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид гуайтай салшгүй холбоотой. Нэгэн ярилцлагадаа та “Аав маань ажил дээрээ чиний багш, гэртээ аав чинь” гэж хэлсэн хэмээн дурссан байдаг?
-Ц.Сэвжид багш маань намайг хүн болгосон. Хүн байхыг бий болгож, ээжид маань бэлэглэсэн юм. Харин ээж маань намайг төрүүлж, өсгөсөн. Эх, эцэг гэдэг алдар бол бидний хөдөлгөөнөөс л бий болдог зүйл. Хөдөлгөөнгүйгээр хүн оршихгүй. Тиймээс би өнөөдөр хөдөлгөөнөөр хүн болж, өсөж хөгжиж, амьдарч байна. Аавынхаа авьяасыг өвлөж, ээжийнхээ ухааныг авсан болохоор өдий зэрэгтэй явна. Би өнөөдөр өөрийгөө балчирхан залуу гэж боддог. Яагаад гэхээр миний шавь нар, Монголын үндэсний урлагийн их театрын Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын бүжигчид маань дэлхийд эх орноо сурталчилж чадаж байна. Тэдэнтэйгээ хамтдаа би өдөр бүр залуужиж, тэдэнтэйгээ хамтдаа амьдардаг.
-Шагналаа аваад ээжтэйгээ уулзсан уу?
-Ээж маань надтай утсаар ярьсан л даа. Өнөөдөр миний ээж 91-хэн настай би өөрөө 70-хан настай. Хөгшин хүний зүрх эмзэг, хэцүү шүү дээ. Хүүгийнхээ төрдөө үнсүүлэх болсон тухай мэдээг сонсоод ээжийн маань зүрх жаахан эвгүй байдалд орсон. Ер нь бид нар машиныхаа моторыг ямар байгааг үргэлж анхаарч, тосыг нь хийж явдаг хэрнээ ээж, аавынхаа моторт тосыг нь хийхээ үр бид нар мэддэггүй юм байна. Гэхдээ ээж маань ямар ч байсан ирнэ гэсэн. Театрын маань захирал Цогоо дүү маань дүүгийн хувиар, уран бүтээлчийн ч үүднээс “Ээж заавал ирэх ёстой” гээд авч ирэх гэж байтал ийм зүйл боллоо. Ямар ч байсан ээж маань утсаар ярьж мэндчилгээ дэвшүүлсэн. “Хүүгээ зурагтаар харсан чинь ямар залуухан юм бэ, ямар ухаантай юм бэ” гэж байна лээ. Ээжтэйгээ удахгүй уулзаж хамтдаа амралтанд амарна. Би ээжтэйгээ жил бүр аль нэг сувилалын газар амардаг юм.
-Нөгөө дээд давхарт өрөө захиалдаг хэвээрээ юу?
-Би ингэж амрахдаа дээд давхаруудад дандаа өрөө авдаг юм. Ээж минь нэг давхарт ч амардаг л байсан л даа. Харин нэг удаа дөрвөн давхарт өрөө авсан чинь “Ээ дээ хүү минь, хэцүү дээ” гэсэн юм. Тэгэхээр нь би “Та минь бүжиглэдэг шүү дээ” гээд л дагуулаад явчихсан. Маргаашнаас нь эхлээд надгүй байсан ч ганцаараа явдаг болсон байсан. Энэ юу вэ гэхээр хөдөлгөөн юм байна. Үүнийг би амьдралынхаа туршид судалж чадсан, ээжээрээ ч туршиж чадсан байна. Ээж маань ч үүнийг надад харуулж, нотолсон. Өнгөрсөн хугацаанд ээжтэйгээ хамтдаа хэдэн ч удаа сувилалд амарсан юм, бүү мэд. Тэр болгонд л ээждээ эрхлээд л, хайрлаад байж байхдаа хүний тэсвэр гэж ямар аугаа юм байдгийг мэдэрсэн. Хөдөлгөөнөөр л хүн амьдардаг юм байна, хөдөлгөөн багатай хүн илүү хөдөлж л байх хэрэгтэй гэдгийг өнөөдөр зүрх сэтгэлээсээ мэдэрч авсан даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Сэвжид гуан л нэр буян шүү дээ
Баярлалаа, танаар бахархдаг шүү