Б.Ундрал: Би Эрдэмтэйгээ уулзахгүй байсаар байгаад мартчихсан

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 01

Хүүхэд гэдэг цагаахан, ариухан ертөнц. Тэд энэ хорвоод хайр, гэрэл гэгээ, инээд баярыг авчирч, аав ээжийн бүтэн хайранд эрхэлж өсөх учиртай билээ. Дэлгэцээр хүүхдэд зориулсан олон нэвтрүүлэг гардаг ч “Таван настнуудын нууцлаг ертөнц” нэвтрүүлэг шинэлэг, сонин, басхүү өхөөрдөм болж чадсан. Хүүхэд гэдэг ертөнцийг илүү тод, илүү сонирхолтой харуулсан тус нэвтрүүлгийн оролцогчдын нэг Б.Ундралыг аав, ээжүүд болон үе тэнгийн найзууд нь андахгүй. Эх үрсийн баяр болох гэж байгаа энэ цаг мөчид хөөрхөн ааш, найрсаг тусч зангаараа үзэгчдийн хайрыг эрхгүй татсан бяцхан охины дотоод сэтгэл, хүсэл мөрөөдлийн ертөнцөөр хамтдаа аялцгаая.


 

-Миний дүү аль сургуульд сурч байгаа вэ. Ангийнхаа хүүхдүүдээс хэнийг их санаж байна вэ?

-Би гэрийнхээ хажууд 133 дугаар сургуулийн 1е ангид сурдаг. Есүй, Цэлмүүн гээд хоёр найзаа их санаж байна.

-Хичээл нь цахимаар орох ямар байдаг вэ, юу юу сурсан бэ?

-Тоо бодож, үсэг уншиж, бичиж сурсан. Ангид хичээл орохгүй болохоор найзуудтайгаа тоглож чаддаггүй. Бушуухан хичээл ороосой.

-Хичээл хийхэд нь хэн тусалдаг вэ?

-Ээж, эгч хоёр маань тусалдаг. Манай эгчийг Ундрах гэдэг. Эгч маань тавдугаар ангид сурдаг болохоор миний хичээлд бас тусалдаг. Бас надад зөндөө дуу, бүжиг зааж өгдөг.

-Хичээл нь орвол хамгийн түрүүнд хэнтэй тоглохыг хүсэж байна вэ?

-Есүй, Э.Цэлмүүн, Гарьд гуравтай тогломоор байна.

-Гэртээ юу хийж цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж байна даа?

-Ээждээ тусална. Дүүгээ хардаг. Аав ээжийнхээ ор, дэрийг засна. Зураг зурах, зурагт үзэх, бүжиглэх дуртай. Зураг зурахдаа ээжийгээ, эгчийгээ гоё даашинз өмссөн байгаагаар зурдаг. Би цэцгэнд хайртай болохоор өнгө өнгийн цэцэг зурдаг.

-“Таван настнуудын нууцлаг ертөнц” нэвтрүүлэгт ороод олон найзтай болсон уу, тэднээс юу сурч мэдсэн бэ?

-Индра, Эрдэм, Учрал, Баяржавхлан, Тэгшдэлгэр гээд олон найзтай болсон. Отгоо багш, Заяа багш хоёроо бас найзуудаа санаж байна. Тэднээсээ хүнд тусч байхыг, эвтэй байхыг суралцсан. Бас хоол хийхийг ч сурсан.

-“Чимгээ шоу” нэвтрүүлгээр миний дүү "Би Эрдэмд сайн" гэж хэлж байсан даа, Эрдэмтэйгээ уулзаж байгаа юу, мартчихсан уу?

-Би Эрдэмтэй уулзахгүй байсаар байгаад мартчихсан. Хааяа санадаг л даа. Гэхдээ хайргүй болчихсон.

-Эрэгтэй хүүхдүүдийн ямар зан таалагддаг вэ?

-Охидыг хүндэлдэг, тусалдаг зан нь таалагддаг. Харин муухай үг хэлэх, муухай хандах нь таалагддаггүй.

-Зуныхаа амралтыг хэрхэн өнгөрүүлэх гэж байна даа?

-Богд ууланд аялна, дугуй унаж сурсан болохоор дугуйгаа унана, усан бассейнд явна, олон найзуудтай болно. Ууланд гарч жимс түүж иднэ. “Хусхан” гэдэг амралтанд гэр бүлээрээ явах гэж байгаа. Манайхан өмнө нь явж байсан юм л даа. Коронагаас болоод явж чадаагүй. Энэ зун явна гэж ээж хэлсэн.

-Коронавируснээс хүмүүс яагаад айдаг юм бол, ямар хор уршигтай өвчин гэж боддог вэ?

-Коронавирус гарснаас хойш бид гадагшаа хамаагүй гарч, тоглож болохгүй болсон болохоор надад муухай санагддаг. Амны хаалтаа зүүхгүй бол бидэнд өвчин халдана. Коронавирус явчихвал бид хүссэн үедээ тоглоод гоё байна даа.

-Чамайг найзууддаа тусалдаг, найрсаг зантай болохоор хүмүүс маш их өхөөрдөж магтдаг. Ялангуяа ээжийг нь охиноо маш сайн хүмүүжүүлж байна гэж хэлдэг шүү. Ээж нь охиндоо юу гэж зааж сургадаг вэ?

-"Миний охин ухаантай шүү" гэж хэлдэг. Бас "дасгалаа сайн хийгээрэй, тэгвэл чи хурдан өндөр болно" гэж хэлдэг.

-Дүүгээ төрөхөд ямар санагдсан бэ?

-Дүүгээ төрөхөөс өмнө би аав ээждээ эрхлээд гоё байдаг байсан. Төрснөөс нь хойш дүү маань уйлаад хааяа хэцүү санагддаг. Гэхдээ би дүүдээ хайртай л даа.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болохыг мөрөөддөг вэ?

-Би том болоод бүжигчин, эмч, саван зохион бүтээгч болохыг хүсдэг.

-Яагаад?

-Яагаад бүжигчин болохыг хүсдэг вэ гэхээр тайзан дээр гоё хувцастай бүжиглэж байгаа хүмүүс гоё харагддаг. Бүжиглэх үед аз жаргалыг мэдэрдэг. Бас эмч болвол өвдсөн хүмүүсийг эдгээгээд л хүмүүсийг баярлуулах гоё шүү дээ. Саван чинь хүмүүсийн нүүрийг хөөрхөн, цагаан болгодог байхгүй юу. Батгатай нүүрийг ингээд л угаагаад цэвэрхэн болгочихно.

 

Хүмүүс намайг таниад “Таван настнуудын нууцлаг ертөнц” нэвтрүүлгийн охин мөн үү. Чиний фен шүү, зургаа авахуулъя” гэдэг. Бас “Миний дүү ухаантай шүү, мундаг шүү” гэж хэлдэг.

 

-Томчуудыг ямар байгаасай гэж боддог вэ?

-Томчуудыг уурлахгүй тайван ярьдаг байгаасай гэж боддог. Бүх хүн баяр баясгалантай байвал гоё санагддаг.

-Гадуур явж байхад хүмүүс чамайг таньж байна уу, хүмүүс чамд юу гэж хэлдэг вэ?

-Хүмүүс намайг таниад “Таван настнуудын нууцлаг ертөнц” нэвтрүүлгийн охин мөн үү. Чиний фен шүү, зургаа авахуулъя” гэдэг. Бас “Миний дүү ухаантай шүү, мундаг шүү” гэж хэлдэг.

-Ямар үед хамгийн баяртай, ямар үед гунигтай байдаг вэ?

-Хүмүүс миний үгийг сонсохгүй, намайг ойлгохгүй бол гомддог. Намайг үргэлж хайрлаад, ярилцаж байхад баяртай байдаг.

-Сонсох дуртай дуу, унших дуртай үлгэрээ нэрлээч?

-“Black pink” хамтлагийн дуунуудыг сонсох дуртай. Бас “Maria” дууг тавьж байгаад бүжиглэдэг. Ээж маань “Үнэг, тогоруу хоёр”, “Улаан малгайт” гээд зөндөө үлгэрийг уншиж өгдөг.

-Хүүхдийн баяр болох гэж байна. Яаж тэмдэглэдэг байсан бэ?

-Хүүхдийн баяр болно гэхээр догдлоод байна. Өмнө нь Хүүхдийн баяраар эмээ өвөө, аав ээжээсээ зөндөө гоё бэлэг авч байсан. Талбай ороод машин унаад, хүүхдийн паркт очиж эргэдэг тоглоом дээр тоглоод л үнэхээр гоё байдаг байсан.

-Энэ жилийн Хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлэх гэж байна даа, ямар бэлэг авахыг хүсэж байна вэ?

-Хүүхдийн баяр тэмдэглэхгүй гэхээр муухай санагдаж байна. Эмээ, өвөө дээрээ ч очиж чадахгүй, парк дээр ч тоглож болохгүй гэхээр уйтгартай санагдаж байна. Хөөрхөн жижигхэн, цагаан өнгөтэй нохой авахыг хүсэж байна. Нохойтойгоо тоглоод л гоё.

-Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж үеийн багачууддаа юу гэж хэлэх вэ? 

-Хүүхдийн баярын мэнд хүргэе. Аав, ээжтэйгээ баяраа зугаатай өнгөрүүлээрэй. Аав, ээждээ тусалж байгаарай, үгэнд нь сайн орж байгаарай. Ариун цэврээ сайн сахиарай гэж хэлмээр байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(85.218.48.83) 2023 оны 06 сарын 26

л хөөрхөн хүүхэд нас ийм гэгээлэг ариухан ,ккк бас жаахан гэхгүй анхы таалагддаг хөвгүүн нь Эрдэм байжээ хөөрхөнймаа,том болоод мундаг бүжигчин юмуу сайн эмч болж хүнд тустай сайн хүн болоорой

4  |  3
Залуур(202.179.26.87) 2021 оны 06 сарын 02

Коронагаас болоод дурлалт залуугаа мартсан байна хэ хэ

6  |  0
Top