Австралийн софтболын эмэгтэйчүүдийн шигшээ баг Токиогийн Олимпын их наадамд оролцохоор Нарита нисэх онгоцны буудалд өнөөдөр буулаа гэж Киодо агентлаг мэдээлжээ.
Тэд Олимпын их наадамд оролцохоор ирж буй анхны тамирчид гэнэ. Австралийн эмэгтэй тамирчид бүхий 30 хүний бүрэлдэхүүнтэй баг коронавирусний эсрэг вакцин хийлгэсэн бөгөөд гурван хоног зочид буудалд өнгөрүүлж, энэ сарын 5-наас эхлэн бэлтгэлдээ орох гэнэ. Тамирчид Гүнма мужийн Ота хотод байрлах бааз дээр байрлах ба бэлтгэлийн хүрээнд нийт 12 тэмцээн явуулахаар төлөвлөжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Токиогийн Олимпын зохион байгуулагчид тамирчид болон тэдэнтэй харьцдаг хүмүүсээс өдөр тутам шинжилгээ авах тохиролцоонд хүрсэн. Олимпын бусад оролцогчид Японд ирсэн өдрөөс гурван хоног дараалан шинжилгээ өгөх ба ямар хүмүүстэй харьцсанаас шалтгаалан шинжилгээний давтамж өөр өөр байх аж.
2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан Токиогийн Олимпын их наадам цар тахлын улмаас нэг жилээр хойшилж 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд болох юм. Өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд зохион байгуулагчид Олимпыг гаднын үзэгчгүй зохион байгуулах шийдвэрийг эцэслэн гаргасан билээ. Харин дотоодын үзэгчдийг оруулах эсэх шийдвэрийг цар тахлын нөхцөл байдлыг харгалзан энэ сард багтаан гаргах ёстой.
Сэтгэгдэл ( 0 )