Засгийн газрын хуралдаан өнөөдөр /2021.06.01/ болж дараах шийдвэрийг гаргалаа.
Сумдыг инженерийн дэд бүтэцтэй болгож, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх болов. Энэ хүрээнд нэр бүхий 19 аймгийн 59 сумыг дэд бүтэцтэй болгоно. Сумдыг хүн амын тоо, газар зүйн байршил, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль экологийн эмзэг байдал, газар нутгийн даац, ус хангамжийн эх үүсвэр, усны нөөц зэргийг харгалзан сонгосон байна. 2024 он гэхэд:
- Иргэдийг шаардлага хангасан ундны усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж, цэвэрлэх байгууламжаар дамжуулан цэвэрлэх
- Дулаан, хэрэгцээний халуун устай болгох
- Сумын төвийн орон сууц, худалдаа, үйлчилгээний зэрэг барилга, байгууламж, айл, өрхийн 40 хүртэлх хувийг буюу нийт 7,800 өрхийн 31 мянган хүн амыг төвлөрсөн шугам сүлжээтэй болгох
- Шилжилт хөдөлгөөнийг бууруулж, сумандаа ая тухтай амьдрах боломж бүрдүүлэх
- Бичил өрхийн үйлдвэрлэл хөгжих нөхцөл бүрдүүлэх зэрэг зорилт тавьж байна.
Барилга, хот байгуулалтын яам Төв аймгийн Бүрэн суманд “Сумын төвийн шинэчлэл” төсөл хэрэгжүүлсэн байна. Ингэснээр:
- Сумын төвийн байгууллага, аж ахуйн нэгжүүд ус, дулааны төвлөрсөн шугамд холбогдож, 10 гаруй нүхэн жорлонг халсан
- Байгууллага, аж ахуйн нэгжүүд тус бүрдээ халаалтын зуух ажиллуулж агаар, орчин бохирдуулахаа больсон
- Сургууль, цэцэрлэгт явах хүүхдийн тоо нэмэгдсэн
- Иргэд, аж ахуйн нэгжүүд найман айлын орон сууц, нарийн боовны цех, бусад барилга ашиглалтад оруулсан
- Газрын үнэ нэмэгдсэн зэрэг эерэг үр дүн гарчээ.
“Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд 238 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд жил бүрийн улсын төсөв, гадаадын зээл, тусламжаас санхүүжүүлэх юм байна.
Сэтгэгдэл ( 5 )
Хоцрогдсон ухаарал.
цахилгааныг нь хамгийн сүүлд шийддэг дэд бүтцийн төсөлүүд зөндөө байна. цахилгаанаа хүлээж баахан үхмэл хөрөнгө хэдэн жил шороонд булаатай арчилгаагүй байх уу?
худлаа даа. дэд бүтэц зөндөө хийсэн цахилгааныг нь хамгийн сүүлд шийднэ гээд хэдэн жил үхмэл хөрөнгө булах юм уу.
Шаа
Энэ их сайхан ажил болно доо.