ЭЕШ-ыг танхимаар судалсан хичээлийн агуулгын хүрээнд боловсруулжээ

С.Данзан | Zindaa.mn
2021 оны 06 сарын 12

Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-ийн үүдээр оруут сонсогч хувцастай нэгэн залуу “ЭЕШ-ын бүртгэлээ хаана хийлгэх вэ” гэж асуух нь чих дэлсэв. “2021 оны ЭЕШ-ын бүртгэл орон даяар 2021 оны хоёрдугаар сарын 25-ны 09.00 цагаас тавдугаар сарын 5-ны 18.00 цаг хүртэл онлайнаар явагдсан, одоо бүртгэх боломжгүй” гэсэн хариулт сонсоод мөнөөх залуу урамгүйхэн гарлаа.

БШУЯ, элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) жилд хоёр удаа авдаг болох зорилготойгоо зарлаж, бэлтгэлийг хангаж байгаа боловч эцэслэж албан ёсны шийдвэр гаргаагүй байгаа учир энэ залуугийн тээж явсан хүсэл, төлөвлөгөө ахиад нэг жилээр хойшилно гэж бодохоос түүний өмнөөс харамсав.

Энэ жил 42280 хүн ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ. Хамгийн залуу 27 шалгуулагч 15-16 настай. 50-аас дээш насны 13 хүн байгааг сонирхвол багын мөрөөдлөө биелүүлж, дуртай мэргэжлээрээ сурах гэсэндээ ЭЕШ өгөх хүн байгаа бол ажлын байранд тавигдах шаардлагаар бүртгүүлсэн хүмүүс ч байна. Өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль, журмаар бол ЕБС төгсөж, “Бүрэн дунд боловсролын гэрчилгээ” авсан л бол нас хамаарахгүйгээр ЭЕШ өгч болох ажээ. Газарзүйн хичээлээр хамгийн цөөн буюу 1235 шалгуулагч ЭЕШ өгнө. Харин хамгийн олон буюу 27951 хүн математикийн хичээлээр шалгуулахаар бүртгүүлжээ.

Шалгуулагчид ЭЕШ-аас өмнө монгол хэл, бичгийн шалгалт заавал өгөх ёстой байдаг.  Гэхдээ энэ жил улс орны нөхцөл байдлыг харгалзан, Засгийн газар 2021 оны тавдугаар сарын 12-ны хуралдаанаараа энэ шалгалтыг цуцлах шийдвэр гаргасан. Түүнчлэн тавдугаар сарын 17-ноос зургаадугаар сарын 17 хүртэл ЭЕШ өгөх сурагчдад танхимаар давтлага өгөх болсон билээ.

 

“ЭЕШ-2021” БЭЛТГЭЛ ҮНДСЭНДЭЭ ХАНГАГДСАН

 

БҮТ-ийн Шалгалт, судалгаа хариуцсан хэлтсийн дарга М.Болдсайхантай уулзав.

 

-2021 оны ЭЕШ-ын бэлтгэл хэдэн хувьтай байна?

-БҮТ тавдугаар сарын 20 гэхэд шалгуулагчдын тов, суудлын хуваарилалтыг хийж дууссан. Одоогийн байдлаар шалгалтын сэдэв боловсруулах, шалгуулагчдын шаардлагатай бусад бичиг баримтыг хэвлэх, уутлах, савлах ажил цагдаагийн 24 цагийн хараа хяналтан дор хийгдэж байна. Шалгалтын сэдэв, даалгаврыг боловсруулж дууссаны дараа ТЕГ-ын тусгай шуудангийн албаар шалгалтын төвүүдэд хүргэж өгнө. Үндсэндээ ЭЕШ-ын бэлтгэл ажил хангагдсан, одоо шалгалтын зохион байгуулалтад оролцох багш нарыг сургалтад хамруулах ажил үлдээд байна.

-ЭЕШ авах байруудад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримтлах вэ?

-Өнгөрсөн жил цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор 85 шалгалтын байранд  шалгалтыг зохион байгуулж байсан. Энэ жилийн хувьд “Нийт хүн амын 80 гаруй хувь нь вакцины II тундаа хамрагдсан” гэсэн мэдээлэл байна. Мөн цар тахалтай холбоотой эрдэмтэд, судлаачдын судалгаагаар “зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 1-ны хооронд цар тахлын дэгдэлт нэлээн буурна” гэсэн дүгнэлт гарсан. Тийм учраас энэ жил улсын хэмжээнд 48 шалгалтын байранд ЭЕШ-ыг зохион байгуулна.

-Халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөх вэ?

-Шалгалтад хамрагдаж байгаа хүүхэд бүр амны хаалт зүүнэ. ЭЕШ-ын комиссын гишүүд бүгд амны хаалт, нэг удаагийн бээлий зүүхээс гадна  тухайн шалгалтын байр болгон дээр эмнэлгийн ажилтан, үйлчлэгч нар ажиллана. Эмч, эмнэлгийн ажилтнууд ирж байгаа шалгуулагчдын биеийн байдалд үзлэг хийж, коронавирус авсан эсэх дээр хяналт шинжилгээ хийх бол, үйлчлэгч нар тухайн анги танхимд ариутгал, цэвэрлэгээ, агааржуулалт хийх гэх мэтээр эрүүл ахуйн талын шаардлагыг хангаж ажиллана.

Мөн шалгалтын байр тус бүрд хоёр тусгай анги бэлдсэн. Магадгүй шалгуулагч тухайн өдөр бие нь халуурсан, өвчний янз бүрийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчийн үзлэгээр оруулаад, тусгай ангид шалгалтыг нь зохион байгуулна. Тусгай ангид шалгалт авч байгаа багш халдвар, хамгааллын хувцас, хэрэглэлийг бүрэн өмсөж орно. Нэг шалгалтын байранд 20 ширхэг хамгааллын хувцас бэлдсэн. Иймэрхүү байдлаар эрүүл ахуй, халдвар, хамгааллыг сахиж байна.

Аймаг, нийслэлийн Боловсролын газар УОК-оос ирүүлсэн заавар, чиглэлийг хангаж, тэнд тавьсан шаардлагын дагуу хөдөө, орон нутгаас аймгийн төвд зорчин ирж байгаа хүмүүсийн бичиг, баримтын бүрдүүлэлт, эрүүл мэндийн асуудалд анхаарах чиглэл өгөөд явж байна.

 

12 ДУГААР АНГИ ТӨГСӨГЧДӨД СЭТГЭЛЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ БАЙНА

 

"Ковид-19" хүүхдүүдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байгаа талаар гадаад, дотоодын эрдэмтдийн судалгаа бий. Тиймээс БШУЯ-ын санаачилгаар ЕБС-ийн 12 дугаар анги төгсөгчдөд БҮТ-ийн фэйсбүүк чатботоор сэтгэлзүйн зөвлөгөө өгч эхэлжээ.

2021 оны тавдугаар сарын 24-нөөс эхэлж, нэг сар үргэлжлэх энэ ажлын хүрээнд мэргэжлийн сэтгэлзүйчид 12 дугаар анги төгсөгчдөд  ЭЕШ-ын өмнөх стрессийг нь бууруулж, сэтгэлзүйн дэмжлэг өгөхөөр ажиллаж байна. Түүний зардлыг БОАЖЯ, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслөөс дэмжин санхүүжүүлж байгаа ажээ.

 

Сурвалжлах үед БҮТ дээр “Монголын сэтгэлзүйчдийн нийгэмлэг”-ийн сэтгэлзүйч Д.Пүрэвсүрэн ажиллаж байлаа.

 

-Хэдэн сэтгэлзүйч ямар цагийн хуваариар ажиллаж байна?

-Манай нийгэмлэгийн есөн сэтгэлзүйч гурван ээлжээр, 10.00-22.00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд ч ажиллаж байгаа. Шалгалт дөхөөд ирсэн чинь хандалт маш ихэсч байна.  Голдуу шалгалтын айдсаа хэрхэн давах, шалгалтандаа хэрхэн төвлөрөх талаар сэтгэлзүйн зөвлөгөө авч байгаа. Дунд нь гэр бүлийн болон үе тэнгийнхний гээд бусад асуудал орж ирж байна.

-Тэр хүүхдүүдэд утсаар зөвлөгөө өгөх үү?

-Үгүй. “Z” үеийнхний онцлог бол дуу хоолойгоо гаргахгүй, хэн гэдэг нь мэдэгдэхгүй орчинд өөрийгөө илэрхийлэх нь илүү байдаг учраас тэр онцлогоос нь хамаарч зөвхөн чатаар зөвлөж байгаа юм.

-Танай баг хэр туршлагатай баг вэ?

-Бүгд урьд нь ажиллаж байсан туршлагатай хүмүүс. Бид “Дэлхийн зөн”-гийн санхүүжилттэйгээр 108 утсан дээр ажиллаж байгаад түүнийгээ үргэлжлүүлж, зорилтот бүлэг болох ЕБС төгсөгчдийн сэтгэлзүйг тогтворжуулах зорилготой ажиллаж байна. Хэрвээ энэ үйлчилгээ хүүхдүүдэд үр дүнгээ өгч чадвал цаашаа урт хугацаагаар үргэлжлүүлэх төсөл болгохоор зорьж байгаа юм.  

Хэрвээ хүү, охиндоо мэргэжлийн сэтгэлзүйчийн тусламж авъя гэвэл www.facebook.com/eec.mn хуудсаар холбогдоорой.

 

ШАЛГАЛТЫН АГУУЛГЫГ ТАНХИМД СУДАЛСАН ХИЧЭЭЛЭЭР БОЛОВСРУУЛСАН

 

ЭЕШ-тай холбоотой асуух лавлах зүйлийг ажлын өдрүүдэд 8.30-17.30 цагт БҮТ-ийн 70119498 утсаар хандан лавлаж болох юм. Гэхдээ нэг зүйлийг урьдчилан анхааруулахад БҮТ-тэй утсаар ч, сошиалаар ч холбогдоход нэлээн төвөгтэй юм билээ. Учир нь зав зайгүй ачаалалтай байдаг. Мэдээж үүний цаана хаа сайгүй түгээмэл байдаг хүн, хүчний хүрэлцээний асуудал бий.

БҮТ-ийн хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэннадмид бидний яриа эцэг эхчүүдийн санааг зовоож байгаа асуудлаар үргэлжлэв.

-Шалгалтын агуулгыг яаж гаргасан бэ?

-Энэ жил ЕБС төгсөгчдийн хувьд Ковидоос болоод хоёр жил танхимаар хичээллээгүй. Гэхдээ ЕБС-ийн 11, 12 дугаар ангид өмнөх ангиуддаа үзсэн агуулгаа бататгасан хичээлүүд ордог.  Тиймээс энэ жилийн ЭЕШ-ын сэдэв, даалгаврыг танхимаар судалсан хичээлийн агуулгын хүрээнд боловсруулж гаргасан.

-Гадаадад байгаа монгол хүүхдүүд дотоодын их, дээд сургуульд сурна гэвэл яах вэ?

-Заавал ЭЕШ өгнө. Хэрэв гадаадад ЕБС төгсөж ирээд, энд суралцах болбол ЕБС-ийнхаа дүнг БШУЯ дээр дүйцүүлээд ЭЕШ өгөх боломжтой болно. Гадаадад бакалавраар суралцсан хүмүүс дотоодын их дээд сургуульд суралцахыг хүсвэл дүнгээ дүйцүүлээд, ЭЕШ өгөхгүйгээр суралцаж болно. Гэхдээ энэ нь тухайн их, дээд сургуулийн дотоод журмаас хамаардаг.

-ЭЕШ өгөх хүүхдүүд заавал вакцин хийлгэх шаардлагатай юу?

-Олон нийтийн сүлжээгээр ЭЕШ өгөх хүүхдүүд заавал вакцин хийлгэх, PCR шинжилгээ өгсөн байх ёстой гэсэн мэдээлэл тархсан. Манайхаас тийм шаардлага тавиагүй, ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Харин шалгуулагч шалгалт өгөхөөр ирэхдээ халуунтай, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тусгай ангид орж шалгалт авахаар зохицуулж байгаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top