Монголчууд бид найм дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулж, түүний үр дүнгээр нь зургаа дахь Ерөнхийлөгч сонгогдоод долоо ч хоноогүй байна.
Бүтэн 12 жил Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаагүй Ардын намын кандидат ийнхүү зургаа дахь төрийн тэргүүн боллоо. Эрх баригч Ардын нам одоо жинхэнэ утгаараа засаглах нөхцөл бүрдлээ гэж товч тодорхойлж болно. Зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөрийн хөтөлбөртөө олон зүйл тусгасан, одоо хийх л үлдлээ. Улс төр судлаачид Ерөнхийлөгчийн гэхээс илүү аж ахуйн шинж чанартай амлалтууд гэж шүүмжилсэн ч нэгэнт аудитаас батлаад, амласан нь сонгогдсон учраас одоо л түүний амлалтыг сануулах цаг. Зургаа дахь Ерөнхийлөгчийн зургаан жилд хийнэ гэснийг эрхэм уншигч танд товч сануулъя.
Жич: Аудитаар батлагдсан мөрийн хөтөлбөр нь нийт 14 хуудас тул чухал гэсэн амлалтуудыг уншигч танд сануулах болно.
Хариуцлага, шударга ёс
У.Хүрэлсүх мөрийн хөтөлбөрийнхөө нэгдүгээр зүйлийг “Шударга ёс” гэж томъёолсон. Нэгдүгээр зүйлийг товчхондоо хүний эрхийг дээдлэн, төрлийн алба үгүй болж, мерит зарчим бий болоод ард нийтээрээ олон тулгуурт эдийн засагтай болж, баялгаа шударгаар хуваарилан өв соёлтойгоо үлдэнэ гэж зураглаж болох юм.
Мэдээж хэрэг сонгуулийн өмнө хүний эрхийн асуудлыг олон нийт ярьж, өөрөө Ерөнхий сайд байхдаа хүний эрх гэх шалтгаанаар өөрийн хүсэлтээр огцорч байлаа. Энэ утгаар нь харвал нэгдүгээр зүйлийн томъёолол зүй тогтлынхоо дагуу эхэлсэн гэж дүгнэж болно. Түүний мөрийн хөтөлбөрийн 1.1.3-т “Хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдаж байгаа эсэх асуудлаар шийдвэр гаргах, шийдвэр нь бүрэн хэрэгждэг байх чиглэлээр хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ” гэж тусгажээ.
Өрсөлдөгч талаас нэг намын дарангуйлал эхэллээ гэдэг “хар пиар” явсан тул сонгуулийн сурталчилгаа нь ч, мөрийн хөтөлбөр нь парламентын сонгодог ардчиллыг бэхжүүлэх рүү чиглэж байлаа. Аудитаар батлагдсан тайланд ч мөн адил энэ тухай тусгажээ. Мөрийн хөтөлбөрийн 1.1.6-д “Улс төрийн дарангуйлал, дүр эсгэсэн ардчиллаас ангид байж, ардчиллын шалгуур үзүүлэлтийг ахиулан, сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлнэ” гэж дурдсан байна. Түүнчлэн намуудын шинэчлэлийг гүнзгийрүүлэх, намын санхүүжилтийг ил тод болгоно гэдгийг мөн дурдсан.
Төрийн албыг мерит зарчимгүй учраас хөгжихгүй байгаа гэж дүгнэх улс төр судлаачид цөөнгүй. Ард иргэдийн дийлэнх нь гагцхүү ийм л бодолтой яваа. Төрийн тэргүүний хувьд мөн үүнийг анхаарахгүй бол болохгүй. Түүний мөрийн хөтөбөрийн 1.1.10-т “Улс орныг хөгжилд хөтлөх чадамжтай, зөв бүтэц, зохион байгуулалттай төрийн албыг төлөвшүүлж, “Сайн засаглал”-ыг бэхжүүлнэ” гэж тусгажээ. Сайн засаглалыг ярихын тулд авлигыг ярихаас өөр арга байхгүй. Өнгөрсөн хэдэн жил бид авлига гэдгийг бишгүйдээ сонссон, нэр бүхий албан тушаалтнууд ч энэ хэргээр шалгагдаад, ял эдлэх болсон. У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрийн 1.1.12-т “Шударга ёсны үзэл санааг нийгмийн үнэт зүйл болгон хэвшүүлж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангатган, улс үндэстнээрээ авлигаас ангид байх хатуу зарчмыг тогтоосон хууль санаачлан хэрэгжүүлнэ” гэжээ. Гэхдээ энд нэг зүйлийг сануулахгүй өнгөрч боломгүй. Түүнийг Владимир Путиныг дуурайдаг гэж шүүмжлэгчид олон бий. Сурталчилгаан дээрээ ч “Намайг дуурайгаад байгаа харагддаг” гэж хөөрхөн эерүүлчихэж байна билээ. Чухамдаа өнгөрсөн жил Владимир Путин төрийн бүх шатны албан тушаалтан оффшор данстай байхыг хориглосон хууль баталсан. У.Хүрэлсүх мөрийн хөтөлбөртөө “Төр засгийн аль ч шатны албан тушаалтан оффшор дансанд, мөнгө хадгалахыг хориглох эрхзүйн орчин бий болгоно” гэж 1.1.13-таа тусгажээ.
Цахимаар мэтгэлцэж чадалгүй Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх 1.1.17 болон 1.1.18-д “Цахим Монгол” болон “Цахим үндэстэн” болохыг санаачилгыг бүрнээ дэмжин ажиллахаа мэдэгдсэн нь анхаарал татаж байлаа. Угтаа дарамт чирэгдэлээ бууруулж, авлигагүй улс болохын тулд “цахим” болох шаардлагатай төрийн тэргүүн болох гэж байгаа хүн дэвшүүлсэн нь онцлууштай зүйл байсан юм. Одоо хэрэгжүүлэх л үлдлээ.
Эдийн засаг гэх дэд сэдэв
“Шударга ёс” гэж томъёолсон нэгдүгээр зүйлийн хоёрдугаарт эдийн засгийн тухай ойлголтыг дурдсан байв. Эдийн засгийг яагаад “Шударга ёс” гэсэн томъёолол дор оруулсныг нэг л ойлгоогүй. Ямартаа ч “Иргэндээ хүртээмжтэй эдийн засаг-Шударга хуваарилалт” гэж тодотгосон нэгдүгээр зүйлийн хоёрдугаар хэсэгт олон тулгуурт эдийн засаг гэх улиг болсон уриа бас л явж байгаа харагдав. Гэхдээ нэг зүйлийг эндээс онцгойлох ёстой. Н.Энхбаяр чухамдаа ямар ч байсан “Мянганы зам” гэдэг бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Нэг нам байж байгаад сонгуулийн өмнөхөн эргээд нэгдсэн үйл явдлын дараа У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрийн 1.2.3-т “Мянганы төмөр зам” үндэсний их бүтээн байгуулалтыг санаачлан, хэвтээ болон босоо тэнхлэгийн төмөр замын нэгдсэн сүлжээтэй болгохыг дэмжиж ажиллана” гэж тусгажээ.
Ерөнхий сайд байхдаа зорьж байсан зорилтуудаа ч тэр энэ хэсэгт онцолсон. Хүнс экспортлогч улс байгаад зогсохгүй, импортоор хараат байгаа эрчим хүчний салбарыг хөл дээр нь босгоод Зүүн Өмнөд Азийн сүлжээнд Монгол Улсыг холбож эрчим хүч экспортолдог улс болох бодлогыг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. Бүтээлч үйлдвэрлэлгүй Монгол Улс байгаа хэдээ халамжаар тараачихаад сонгуулийн дараа хөлөө жийгээд хэвтдэг дэгс тогтолцоо арилалгүй өнөөг хүрсэн нь үнэн. Төрийн тэргүүн болох гэж буй хүний хувьд үүнийг ч орхилгүй тусгажээ. Мөрийн хөтөлбөрийн 1.2.8-д “...Алт, зэс, төмөр, нүүрс, газрын тос, газрын ховор элемент зэрэг баялгаа боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн олборлолтоос боловсруулалтад шилжих бодлогыг дэмжинэ” гэжээ. Олон жил “Оюу Толгой”-тойгоо учраа ололгүй явж ирсэн байдлыг халж үр өгөөжтэй болгох тухай 1.2.10-т дурдсан байна. Тодруулбал, “Оюу Толгойн гэрээг улсын эдийн засаг, ард иргэдэд өгөөжтэй, үр ашигтай болгон өөрчлөх хатуу шаардлага тавьж, Монгол Улсын эрх ашгийг бүрэн хангахын төлөө УИХ, Засгийн газартай хамтран ажиллана” гэж тусгажээ. Хамгийн гол нь асуудлын гол зангилаа болоод хөрөнгө оруулагч талдаа ч хэрүүлийн алим болоод буй “Дубайн гэрээ”-г хүчингүй болгохоор УИХ, Засгийн газартай хамтарна гэдгээ тусгасныг тодотгоё. Түүнийг Ерөнхийлөгч байх хугацаанд, өөрөөр хэлбэл 2022 онд Монгол Улсад уул уурхайн салбар үүссэний 100 жилийн тэгш ой тохионо. Эхнээсээ хэрэгжээд эхэлбэл Монголыг тэжээдэг уул уурхайн салбар цэгцрэх юм даа.
“Ковидгүй Зун” гэж сошиалаар сэвсэн уриалга лөө лөө болох дээрээ тулаад байхад У.Хүрэлсүх мөрийн хөтөлбөртөө “Ковидгүй Монгол” гэх тодорхойлолт оруулжээ. Дэлхийн томоохон эрдэмтэд 2022 оныг дуустал байдал намжихгүй гэж байгаа ч шинэхэн Ерөнхийлөгч мөрийн хөтөлбөрийнхөө 1.2.18-д “Ковид-19 цар тахлыг богино хугацаанд даван туулах, эдийн засгаа хурдан сэргээх Засгийн газрын хөтөлбөрийг тууштай дэмжиж, нягт хамтран ажиллана” гэж тусгасан байна.
Соёл гэх ойлголт
Олон жил уул уурхайдаа анхаараад соёлоороо мөнгө хийхээ таг мартчихсан Монгол Улс ирэх жилүүдэд энэ салбараасаа мөнгө босгох ёстой гэж ухаарч байна уу гэлтэй. Учир нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн дэвшигчид бүгдээрээ энэ тухай дуугарах болов. У.Хүрэлсүх мөрийн хөтөлбөрийн 1.3.9-д “Монгол Улсыг дэлхийн нүүдэлчдийн соёл иргэншлийн төв болгох, дэлхийн монголчуудтай хамтран ажиллах зорилгоор “Нүүдэлчдийн өв соёл спортын их наадам”-ыг эх орондоо тогтмол зохион байгуулах санаачилгыг дэмжин ажиллана” гэж тусгажээ. Гэхдээ энд нэг зүйлийг сануулах нь зүй. Учир нь Киргизстан улс энэ санаачилгыг аль хэдийнээ хэрэгжүүлээд долоон жилийн нүүр үзжээ. Хоёр жил тутамд спортын 37 төрлөөр зохион байгуулагддаг. Хэдийгээр 2020 онд Турк улсын Бурса хотод болох байсан ч коронавирусний улмаас хойшлогдоод буй. Ямартаа ч ийм наадам байдгийг ойлгоод Ерөнхийлөгч болох хүн мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Бас нэг зүйл байгаа нь “Чингис судлалын холбоо” байгуулах тухай ойлголт. Тэрбээр мөрийн хөтөлбөрийнхөө 1.3.6-д “Чингис судлалын олон улсын холбоо”-г байгуулж өв соёлоо, эх орондоо төвлөрүүлэн судлах ажлыг эрчимжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгч ажиллана” гэсэн байна.
Үндэсний аюулгүй байдал ба гадаад бодлого
Бас ч гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд багтаж байсан хүний хувьд мөрийн хөтөлбөртөө Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг цаг үетэйгээ тохируулан шинэчилнэ гэж зоригтой дуугарчээ. Түүний мөрийн хөтөлбөрийн 2.2.2-т “Үндэсний аюулгүй байдлын Үзэл баримтлал, холбогдох хууль тогтоомжийг үндэсний язгуур эрх ашигт нийцүүлэн шинэчилнэ. “Монгол хүний аюулгүй байдал”, “Эдийн засгийн аюулгүй байдал, “Эм, хүнсний аюулгүй байдал” хөтөлбөр санаачлан боловсруулна” гэсэн нь анхаарал татах амлалтуудын нэг байлаа. Түүнчлэн “Үндэсний аюулгүй байдлын мэдээллийн нэгдсэн сан” боловсруулах тухай ч дурдсан байв. Хамгийн чадамжгүй гадаад паспортын нэг бол Монгол Улсын гадаад паспорт. Түүний амлалтаас нэгэн зүйлийг уншигч танд онцгойлон сануулъя. Мөрийн хөтөлбөрийнх нь 2.3.7-д “Хүчирхэг монгол паспорт” хөтөлбөр хэрэгжүүлж, үндэсний гадаад паспорттой иргэдийн визгүй зорчдог орны тоог хоёр дахин нэмэгдүүлнэ” гэж заажээ. Түүнчлэн гадна талд бид хэдээ төлөөлж буй дипломат албыг шинэчилж улмаар 2.3.13-т “Дипломат албаны мэргэжил, ур чадварын шаардлагыг дээшлүүлж, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чангатган, алдаа дутагдал гаргавал заавал хариуцлага хүлээлгэдэг байх зарчмыг тууштай хэрэгжүүлнэ” гэж заасан байна.
Монгол хүн Монголын баялаг
Мөрийн хөтөлбөрөөс нь зайлшгүй олж харах ёстой сэдэв нь монгол хүний тухай хэрхэн тусгасныг харах ёстой. Мөрийн хөтөлбөрийнх нь 3.1.1-т Монгол хүн бүрийг чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор бүрэн хангаж, эх оронч сэтгэлтэй, зөв хандлагатай, өрсөлдөх чадвартай, бүтээлч иргэн болгон хөгжүүлэх бодлогыг дэмжинэ” гэж заасан байна. Түүнчлэн 3.1.3-т “Эх хэл бичгийг бага сургуульд бүрэн эзэмшүүлсний дараа, дэлхийн “Хоёр гадаад хэл”-ийг ерөнхий боловсролын дунд, ахлах анги болон коллеж, их, дээд сургуульд сургах хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлнэ” гэж тусгажээ.
Хүнээ хөгжүүлэх тулд орчин нь чухал. Тэрбээр мөрийн хөтөлбөрийнхөө гуравдугаар зүйлийн гуравдугаарт “Хот, хөдөө-Хөгжлийн тэнцвэр” гэх санаачилга дэвшүүлжээ. Улсаа жигд хөгжүүлэхийн тулд хөдөөг хөгжүүлэх нь чухал гэж тодотгосон мөрийн хөтөлбөрт онцлууштай хэд, хэдэн зүйл байлаа. Тухайлбал, түүний мөрийн хөтөлбөрийн 3.3.13-т “Баруун, Хангайн, Төвийн, Зүүн бүс бүрт үйлдвэрлэл, технологийн парк, тээвэр логистикийн төв бүхий “Үндэсний кластер”-ууд байгуулах, чөлөөт бүсүүд хөгжүүлэх бодлогыг дэмжин ажиллана” гэсэн бол 3.3.14-т “Аймгийн төвүүдийг орон нутгийн хотууд болгон хөгжүүлнэ” гэж тодорхой заажээ. Хөдөөнөөс хот руу чиглэх хөдөлгөөн их байгаагаас шалтгаалан өнөөгийн Улаанбаатарын төрх тодорхой болсон гэж судлаачид үздэг. Ерөнхийлөгчид нэр дэвшсэн У.Хүрэлсүх 3.3.24-т “Хот суурийн газраас орон нутагт шилжин суурьших иргэдийг нийгэм, эдийн засгийн цогц бодлогоор дэмжиж, хөдөлмөрлөх, бизнес эрхлэх, ая тухтай амьдрах бүхий л таатай нөхцлийг бүрдүүлэх” Нутагтаа сайхан амьдаръя” хөдөлгөөн өрнүүлж ажиллана” гэж дурдсан байна.
* * *
Мөрийн хөтөлбөрөөс хамгийн чухлыг нь онцлоход ийм байна. Хэрэв уншигч та мөрийн хөтөлбөртэй нь бүрэн эхээр нь танилцахыг хүсвэл Аудитын газрын /audit.mn/ цахим хуудаст зочилж болно. Одоо У.Хүрэлсүхийн цаг явж эхэлсэн. Ирэх зургаан жилд амлалтуудаа хэрэгжүүлэх үү гэдгийг харах, хүлээх үлдлээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Тангаргаа өргөөгүй байхад нь шаардаад яах вэ дээ
БИД ЭНЭ НӨХРИЙГ АЖИЛ ХИЙНЭ ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХӨДӨЛГӨНӨ ГЭЖ ХАРСААР ХУЛХИДУУЛСААР...2024 ОНООС ОДООГИЙН С.ЭРДЭНЭЭГЭЭС ИЛҮҮ ҮЗЭН ЯДАХ БОЛНО.ОЮУК НЬ ЯМАРЧ АЖИЛ ХИЙХГҮЙ ЭНЭ УЛСЫГ НУС ЦУСТАЙ НЬ ХУТГАНА .ТА НАР АЖИЛ ХИЙНЭ ГЭЖ ИТГЭЭД ХЭРЭГГҮЙ. АЖИЛ ХИЙХ ХҮН ЧИНЬ ӨӨР ЮМ ЯРЬДГИЙН