Ковидын дараах эдийн засагт шилжих бэлтгэлийг хангаж байна гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 14

Цар тахлын хугацаанд жилийн инфляц зорилтот түвшинд тогтвортой байлаа гэж Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдэж байна. Тэрбээр “Эдийн засгийн идэвхжил, шатахуун, cайжруулсан түлшний үнийн нөлөөгөөр инфляц цаашид өсөх дарамттай байх хэдий ч 2021 онд дунд хугацааны зорилтын орчимд хадгалагдах төсөөлөлтэй байна. Эдийн засгийн цаашдын төлөв нь вирусын дотоодын тархалт, түүнээс улбаатай хөл хорио, вакцинжуулалтын явц, үр дүн болон экспортын бүтээгдэхүүний хил дээрх саад тодгор зэргээс хамаарч өөрчлөгдөж болзошгүй нөхцөл байдал хэвээр байна.

Эдийн засгийн ийм орчинд эдийн засгийн сэргэлтийг бат суурьтай байлгах зорилгоор Монголбанк мөчлөг сөрсөн мөнгөний бодлогоо 2021 оны туршид баримтлахаар тооцож байна. Эдийн засаг бодитой сэргэж, бизнесийн бүх салбаруудад жигд өсөлт гарч, цар тахлын үед үзүүлж буй хөнгөлөлт, чөлөөлөлтийн дэмжлэгийг буцаасны дараа ч эдийн засаг өөрөө өөрийгөө хэвийн аваад явах чадамжтай болсон үед л бодлогын төлөвөө өөрчлөх стратеги баримталж байна. Бодлогын дэмжлэг, хөнгөлөлт, чөлөөлөлтийг нэгэн зэрэг зогсоох бус, шат дараатай, банкны салбарын нөхцөл байдал, банкны харилцагчдын төлбөрийн чадвар зэргийг тасралтгүй үнэлэн төлбөрийн чадварын дарамт үүсгэхгүй байхаар эдийн засгийн сэргэлттэй уялдаатай алгуур гарах стратеги, зарчим баримталж байна. Энэ хүрээнд Ковид-19 цар тахлын дараах эдийн засагт шилжих, тогтвортой байдлыг хангах бэлтгэлийг одооноос хангаж байна. Энэхүү бодлогын сонголт нь инфляцыг 6/+-2/ хувьд байлгах, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг мөнгөний бодлогын дунд хугацааны зорилттой нийцтэй байх болно. Монголбанк түр зуурын, нийлүүлэлтийн шалтгаантай инфляцад мөнгөний бодлогыг чангаруулж хариу арга хэмжээ авахаас илүүтэй эдийн засгийн суурь сэргэлт, тогтвортой байдалд илүүтэй анхаарна” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top