Аймгийг Засаг дарга бус УИХ-ын гишүүд удирдаад удлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 17

Орон нутгийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд аймгийн удирдлагыг гартаа авах зорилгоор үеийн үед Засаг дарга нарыг томилж иржээ.

Энэ нь орон нутгийн өөрөө удирдах ёсыг бүдүүлгээр зөрчиж байгаа хэрэг. Аймгийн Засаг даргаар нутгийнхаа иргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн, жинхэнэ төрийн албаны дадлага туршлагатай, боловсрол мэдлэгтэй, ахуй амьдрал мэддэг гэх мэт наад захын шаардлага бол тэдэнд хамаагүй. Гагцхүү өөрсдийнхөө гар хөлийг л хүчээр томилуулж иржээ. Үүнд  Өмнөговь, Хэнтий, Дорнод гээд нэр дурдаж онцлох хэрэггүй. Бүх аймгийн Засаг дарга нар ийм замаар тамга гарддаг болоод удсан. Нэгэнт ийм замаар томилогдсон Засаг дарга нар томилсон гишүүдийнхээ үгнээс гарна гэж үгүй. Орон нутгийн хэмжээнд засаг ноёны тамга тэмдэг бүхий тушаал шийдвэр гарч л байна, шагнал урамшуулал гардуулж л байна, шийтгэл зэмлэл явж л байна. Энэ бүгдийн цаана УИХ-ын гишүүд л байдаг нь нуух аргагүй зүйл.

Өөрөөр хэлбэл аймгийг аймгийн Засаг дарга нар бус УИХ-ын гишүүд шууд удирдаж байна гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Гагцхүү тэд “Утсан хүүхэлдэй” болж байгааг цэгцлэх цаг нь болжээ. Үүнийг хууль эрх зүйн хүрээнд зохицуулах замаар олон арга хэрэглэсэн ч үр дүнд хүрсэн нь үгүй, нөхцөл байдал хэвээрээ л байна. Харин өнгөрөгч 2020 онд “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн ч УИХ дахь АН-ын бүлэг хоёр удаа завсарлага авснаар ээлжит бус чуулганы хугацаанд багтаан хэлэлцэж чадаагүй.

Уг нь УИХ дахь АН-ын бүлгийнхний завсарлага авсан шалтгаан хийгээд хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхгүй байх үндэслэлийн нэг нь Засаг дарга нарын томилгоотой холбоотой. Тодруулбал, “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгад Засаг дарга нарыг тухайн шатны ИТХ, Иргэдийн нийтийн хурал нэр дэвшүүлэхээс гадна дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд санал гаргах эрхтэй байхаар тусгаад буй. Энэ нь орон нутгийн сонгуулиар аль ч нам нь олонх  болсон Ерөнхий сайд нь аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг, аймаг, нийслэлийн Засаг дарга нь сум, дүүргийн Засаг дарга нарыг, сум, дүүргийн Засаг дарга нь баг, хорооны Засаг даргаа санал оруулж, томилуулах эрхтэй болно гэсэн үг. Тиймээс сөрөг хүчнээс Байнгын хорооны хуралдааны үеэр хуулийн төслөөс “Засаг даргад нэр дэвшигчийг дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд санал гарган, нэр дэвшүүлж болно” гэсэн заалтыг хасах санал гаргасан ч олонхын санал аваагүй юм.

Өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиас харвал тус хуулийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэсэн бий. Мөн хуулийн 26.3-т “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй” гэсэн байдаг.

Харин “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгад  зааснаас харвал “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч, түүнчлэн дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд нэр дэвшүүлэх санал гаргаж болно” гэсэн байна. Гагцхүү эсэргүүцэлтэй тулгарч байгаа зүйл гэвэл бүх шатны Засаг дарга нарыг Ерөнхий сайдаасаа эхлээд шат шатны дарга нар санал болгож болно гэсэн нь өнөөх л нам дагасан томилгоо улам бүр эмх замбараагаа алдахад хүрнэ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоч(103.229.123.112) 2021 оны 06 сарын 17

Өөрсдөө л сонгосон шүү дээ

0  |  0
Тимо(66.181.191.235) 2021 оны 06 сарын 17

Эрдэнэтийн засаг дарга С.Батжаргал гээч нуусан таглааг Батлах гээч гишүүн авгайгаа загвараас дор байна гээч

0  |  0
Иргэн(103.57.92.120) 2021 оны 06 сарын 17

үнэхээр утгаа алдсан. За тэгээд хорчин гишүүнтэй аймаг бол

0  |  0
Top