ТОП-100 аж ахуйн нэгжийн шинэ эрэмбийг энэ сарын сүүлээр зарлана

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 19

2020 оны ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэн өргөмжлөх арга хэмжээ энэ сарын  сүүлээр цахимаар болно.

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагаа 20 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. 

Аж ахуйн нэгжийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн, ашиг, хөрөнгийн хэмжээ болон ажилтнуудын тоо гэсэн үндсэн таван үзүүлэлтээр дүгнэн Сангийн яам, ГЕГ, Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэлийн газар, Статистикийн үндэсний хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүд хамтарсан ажлын хэсгийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ТОП-100 ААН-үүдийг эрэмбэлэн зарладаг уламжлалтай юм.

2019 оны ТОП 100 аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 3.4 их наядаар өсч, 34.3 их наяд хүрсэн нь ДНБ-ий 93 хувь, төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 54 хувиар өсч, 6.3 их наяд төгрөгт хүрсэн нь татварын нийт орлогын 65 хувьд хүрсэн үзүүлэлттэй байсан юм. 

Өнгөрсөн оны ТОП-100 аж ахуйн нэгжүүд эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх чиглэлээр сонгуулийн үр дүнгээр зохион байгуулагдах шинэ Засгийн газарт тавих хамтран ажиллах санал зөвлөмжийг гаргаж, Монгол Улсын хөгжлийн төлөөх хамтарсан “Эдийн Засгийг Эрчижүүлэх” тунхаг бичигт гарын үсэг зурж байсан.

Сүүлийн жил хагасын хугацаанд ковидын нөхцөл байдал аж ахуйн нэгжүүдийг сорьсоор байгаа. Түүнчлэн  хатуу хөл хорио, эдийн засгийн хүнд нөхцөл байдлын үед ТОП аж ахуйн нэгжүүдийн эрэмбэ,  ашиг орлого хэрхэн өөрчлөгдсөн  нь  энэ сарын сүүлээр зарлагдах нь ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top