Төгрөгийн ханш зургаан хувиар суларлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 27

Монголын үндэсний мөнгөн дэвсгэрт болох төгрөгийн ханш өнгөрсөн онд 13 хувиар өсч байсан бол 2011 он гарсаар ханш нь даруй зургаан хувиар сулраад байна. Төгрөгийн ханш суларч буй нь хэд хэдэн хүчин зүйлээс хамаарч байгаа. Юуны өмнө гадаад валютын урсгал, эргэлт ихээхэн нөлөөлөх боллоо. Энэ үзүүлэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 68 хувиар нэмэгдэв. Ингэснээр 2011 онд Монгол руу орсон мөнгөний хэмжээ гадагшаа гарснаасаа 257 сая ам.доллараар даваад байна. Төгрөгийн ханшид урсгал дансын алдагдал шууд нөлөөлдөг бөгөөд энэ үзүүлэлт өсвөл төгрөгийн ханшийг сулруулах үйлчлэл үзүүлдэг. Энэхүү алдагдлыг  экспорт, импортын харьцаагаар тодорхойлдог юм. Монгол Улсын хувьд урсгал дансны алдагдал 2011 оны эхний таван сарын байдлаар нэг жилийн хугацаанд 2.8 дахин өсөөд байна. Хамгийн сүүлийн статистикаас үзвэл манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2011 оны тавдугаар сарын 15-ны байдлаар гурван тэрбум 106.2 сая ам.долларт хүрлээ. Үүнээс экспорт нэг тэрбум 317.5 сая ам.долларт, импорт нэг тэрбум 788.7 сая ам.долларт хүрээд байна. Гадаад худалдааны тэнцэл 2011 оны тавдугаар сарын 15-ны байдлаар 471.2 сая ам.долларын алдагдалтай гарлаа гэсэн үг юм. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 420.8 сая ам.доллараар өссөн үзүүлэлт ажээ.

Төгрөгийн ханшид банк хоорондын худалдаа хэр явагдах нь ихээхэн нөлөөтэй. Хэрэв энэхүү худалдаа тааруухан явагдвал үндэсний мөнгөн дэвсгэртийн ханш чангардаг. Монголд банк хоорондын валютын худалдаа өнгөрсөн нэг жилийн хугацаанд гурав дахин нэмэгджээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top