Токио-2020: Японы 87 хүртэлх насны ахмад цагдаа нар хамгаалалтад гарна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 22

Японы 65-87 насны чөлөөнд гарсан цагдаагийн алба хаагчид Токиогийн Олимпын их наадмын аюулгүй байдлын хамгаалалтад сайн дурын үндсэн дээр оролцохоор болжээ.

Өнөөдөр /2021.06.22/ ахмад цагдаагийн алба хаагчдын анги Токиогийн хотын цагдаагийн газарт үзлэгт оржээ. Одоогийн байдлаар, 90 ахмад цагдаа бүртгүүлээд байна. Тэд Токио Олимпын их наадмын нээлт, хаалтын ёслолын арга хэмжээ болох Токиогийн Үндэсний цэнгэлдэх хүрээлэн орчим эргүүлийн үүрэг гүйцэтгэх гэнэ.

Үүний сацуу, ахмад цагдаа нар үзэгчдийг шалгах, хүмүүсийн хөдөлгөөнийг зохицуулахаас гадна олон нийтийн сүлжээнд Олимпын наадмын оролцогч, зочдыг заналхийлсэн аливаа нийтлэлүүдийг шалгах үүрэг хүлээжээ.

Ахмад цагдаагийн алба хаагчдын ангийг танилцуулах ёслол дээр 1964 оны Токиогийн Олимпын хамгаалалтад оролцож байсан чөлөөнд гарсан 87 настай цагдаагийн алба хаагч Юзо Сүзүки үг хэлжээ. Тэрбээр чөлөөнд гарсан мэргэжил нэгт нөхдөдөө хандан Зуны Олимпын наадмыг аюулгүй зохион байгуулахад нь залуустаа бүхий л хүчээрээ туслахыг уриалжээ.

Токио хотын эрх баригчид нийт хэдэн цагдаагийн алба хаагч наадмын аюулгүй байдлыг хангах талаар одоогоор мэдээлээгүй ч таван мянга гаруй алба хаагч дайчлагдана гэсэн таамаг байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top