Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан болж, салбартай холбоотой бодлого шийдвэр болон хуулийн этгээдүүдийн бизнесийн үйл ажиллагаатай нь холбоотой ажлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.
Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийн өсөлтийг дээшлүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл, чанарыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүд банкны зээлийн санхүүжилтээс гадна хөрөнгийн зах зээлд хувьцаа, бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах замаар урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэрээ бүрдүүлэхийг дэмжиж, олон улсын санхүүгийн зах зээлийн интеграцид нэгдэх чиглэлээр томоохон бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь 2020 онд үнэт цаасны давхар бүртгэлийн журмаар гадаадын болон дотоодын хөрөнгийн бирж хооронд үнэт цаасаа чөлөөтэй хөрвүүлж, арилжаалах зохицуулалтын орчинг бүрдүүлсэн явдал юм.
Зохицуулалтын орчин ийнхүү бүрдсэн тул хуралдаанаар үнэт цаасаа давхар бүртгүүлсэн хоёрдогч компани болох “Степ голд лимитэд”-ийн Канадын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 68,422,607 ширхэг үнэт цаас, дотоодын хөрөнгийн зах зээлд санал болгон нэмж гаргаж буй 1,111,110 ширхэг энгийн хувьцааг өөрийн бүртгэлд бүртгэж, арилжаа эрхлэх болон төвлөрсөн хадгаламжийн байгууллагын бүртгэлд дээрх хувьцааг бүртгэхийг даалгалаа. Энэхүү үнэт цаасыг бүртгэснээр гадаад улсын хөгжингүй зах зээлд бүртгэлтэй үнэт цаасыг дотоодын биржээр дамжуулан арилжаалж, зах зээлд шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, зах зээлийн үнэлгээг өсгөж, хөрвөх чадварыг дээшлүүлэхэд чухал нөлөө болно.
Мөн “Мандал ассет менежмент ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулсан “Мандал ирээдүйн өсөлт хамтын ХОС” ХХК-ийн 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 50.0 сая ширхэг нэгж эрхийн танилцуулгыг бүртгэсэн бөгөөд ингэснээр тус сан нэгж эрхээ олон нийтэд нээлттэй санал болгон арилжаалж, бодлогын баримт бичигт заасан хөрөнгийг татан төвлөрүүлэх боломж бүрдэнэ. Одоогийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй нэг, нэгж эрхийн танилцуулгаа бүртгүүлсэн нэг хамтын хөрөнгө оруулалтын сан хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйлчилгээг үзүүлж байна.
Түүнчлэн нэр бүхий хоёр аудитын компанийг үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдээр бүртгэхийн зэрэгцээ гурван хадгаламж зээлийн хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, гурван компанид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор, хоёр компанийн хувьцаа эзэмшигчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөв.
Хуралдаанаар мөн гурван компанид банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх, банк бус санхүүгийн зээл болон хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх үйл ажиллагаа эрхлэх, банк бус санхүүгийн зээл, гадаад валютын арилжаа, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх гэж байна. Иймээс уг хуулийн үйлчлэх хугацаа, нөхцөл байдалтай уялдуулж “Банк бус санхүүгийн байгууллагуудын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журам”, “Хадгаламж, зээлийн хоршооны активыг ангилах, активын эрсдэлийн санг байгуулж, зарцуулах журам”-д өөрчлөлт оруулахаар хуралдаанаар мөн хэлэлцсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )