“Монгол, Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээг өнөөдөр /2021.06.25/ эхэллээ. Арав хоногийн хугацаанд үргэлжлэх уг арга хэмжээг манай талаас Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсаны таван жилийн ойн хүрээнд өнөөдрөөс эхлэн долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулж байна.
Цахим форум, үзэсгэлэнг нээлтийн арга хэмжээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан үг хэллээ.
Тэрбээр “Эрхэм хүндэт Монгол болон Япон Улсын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, үйлдвэрлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид, нийт үзэсгэлэнд оролцогч Хүндэт зочид оо,
Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлсний таван жилийн ойн хүрээнд тав дахь удаагийн “Монгол-Японы бизнес форум үзэсгэлэн” нь цар тахалтай холбоотойгоор энэ жил анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна.
Энэхүү форум, үзэсгэлэнг зохион байгуулахад хамтран ажилласан Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Япон Улс дахь Монгол Улсын Элчин Сайдын яам, Экспорт олон улсын худалдааны төв, МҮХАҮТ, салбарын холбоодод Монголын үйлдвэр эрхлэгчдийн өмнөөс болон хувиасаа баярлаж, талархсанаа илэрхийлье.
Үзэсгэлэнд Япон улс руу экспорт хийх хүсэлтэй, Японы бизнесүүдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах зорилготой Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, жижиг, дунд үйлдвэр, аялал жуулчлал, мэдээллийн технологи, барилгын салбарын олон аж ахуйн нэгжүүд хүнс, эрүүл мэнд, гоо сайхан, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнээр оролцож байна.
Энэ удаагийн үзэсгэлэнг ковидын нөхцөл байдлын улмаас анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа нь нэг талаас бид орчин үеийн технологийн шийдлийг ашиглах, нөгөө талаас хил хязгааргүйгээр үндэсний бараа бүтээгдэхүүнийг Монголдоо төдийгүй дэлхий нийтэд таниулах, экспортлох гарц нээгдэж байна гэж үзэж байна.
Цаашдын бидний зорилго нь Монгол үндэсний ёс заншил, нүүдэлчдийн соёл иргэншлийн онцлогийг тусгасан хүнс, хөнгөн, хүнд, жижиг, дунд үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнийг Японы хэрэглэгчдэд таниулах, сурталчлах, холбоо тогтоох, Японы хэрэглэгчдийн таашаалд нийцсэн байгалийн гаралтай органик бүтээгдэхүүний экспортын хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх явдал юм.
Энэ үзэсгэлэнгээс олон гэрээний суурь тавигдан, Японы бизнесүүдтэй харилцаа холбоо тогтоож, жил ирэх бүрд Япон улсад экспортлох бүтээгдэхүүн нэмэгдэнэ гэж итгэж найдаж байна. Ингээд үзэсгэлэнгийн арга хэмжээнд амжилт хүсье” гэв.
Сэтгэгдэл ( 0 )