Энэ удаад эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын сацуу хэдэн жилийн дараах хөдөлмөрийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүлэх эмзэг суваг нь боловсролын салбар болоод байна. Энэ салбар хоёр жил хүнд байдалд байлаа. Үүнийг анхаарахгүй байж болохгүй. Боловсрол, мэдлэг, ур чадварын ялгаатай байдал нь орлогын тэгш бус байдлыг нэмэгдүүлдэг. Манайд ерөнхий боловсролын сургалтаас олон хүүхэд хоцрогдож байна. Боловсрол бол зөвхөн хувь хүний асуудал биш, энэ нь улс орны хөгжлийн чухал асуудал юм.
Эдийн засагч С.Даваасүрэнтэй КОВИД & ЭДИЙН ЗАСАГ сэдвийн хүрээнд ярилцлаа.
-Ковидын тархалт намжиж, нийгмийн эрүүл мэндийн нөхцөл байдал тогтворжих хүртэл багагүй хугацаа шаардагдах төлөвтэй байна. Тэр хүртэл бид эдийн засгийн идэвхжилээ боломжийн хэмжээнд барихын тулд ямар арга хэмжээнүүд авах нь зохистой гэж та эдийн засагчийн хувиар үзэж байна вэ?
-Дэлхий нийтэд ковид тархаад жил хагас болж байна. Монголд батлагдсан тохиолдлын тоо 100 мянга давлаа. Ялангуяа сүүлийн саруудад өвчлөл, нас баралт огцом нэмэгдлээ. Цар тахлын тархалт эрчимжихээр эрүүл мэндийг хамгаалах зардал дагаад өснө. Энэ зардлын өсөлт нь эргээд эдийн засгийн бусад үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд олгосон зээлийн нийт үлдэгдэл, тавдугаар сарын эцэст 18 их наяд төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 7 хувиар өссөн үзүүлэлт. Банкны системийн хэмжээнд чанаргүй зээл 2 их наяд төгрөгт хүрсэн нь, зээлийн өрийн үлдэгдлийн 12 хувийг эзэлж байна.
Хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлыг авч үзэхэд, жижиг болон дунд бизнесийн үйл ажиллагаа зогсонги, уналтын байдалд байна. Энэ нь бизнесийн үйл ажиллагаанаас олсон орлогоороо өрхийнхөө амьдралыг залгуулдаг иргэдэд маш хүнд цохилт болж байна. Цаашид хөдөлмөрийн зах зээлд бүтцийн томоохон өөрчлөлт орохоор байгааг бид ойлгох хэрэгтэй.
10 гаруй жилийн өмнө 2008 онд дэлхийн санхүүгийн хямралтай холбоотойгоор манай эдийн засагт шокууд үүсч байсан шүү дээ. Ул мөр нь хоёр жилийн дараа хөдөлмөрийн зах зээлд үйлчилгээний салбарын эзлэх хувь хэмжээ өсөж, бүтцийн том өөрчлөлт гарч байсан.
Энэ удаад эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын сацуу хэдэн жилийн дараах хөдөлмөрийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүлэх эмзэг суваг нь боловсролын салбар болоод байна. Энэ салбар хоёр жил хүнд байдалд байлаа. Үүнийг анхаарахгүй байж болохгүй. Боловсрол, мэдлэг, ур чадварын ялгаатай байдал нь орлогын тэгш бус байдлыг нэмэгдүүлдэг. Манайд ерөнхий боловсролын сургалтаас олон хүүхэд хоцрогдож байна. Боловсрол бол зөвхөн хувь хүний асуудал биш, энэ нь улс орны хөгжлийн чухал асуудал юм.
Тухайлбал, боловсролын түвшин өндөр байх тусам иргэд нь урт насалдаг. Дунд сургууль төгссөн, их сургууль төгссөн хүмүүсийн дундаж насжилт нь 10 насны зөрүүтэй байгааг Америкт хийсэн судалгаа нотолж байна. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хүүхдүүд 5-10 жилийн дараа хөдөлмөрийн зах зээлд гарна. Тэр үед хөдөлмөрийн зах зээл дээр маш том ялгаа бий болно.
-Танхимын сургалтын давуу талуудыг ковид өнгөрсөн хугацаанд тод харуулж байна л даа. Гаднын улс орнуудыг харахад цар тахалтай зэрэгцэн танхимын сургалтуудаа хэвийн явуулахад голчлон анхаарч байгаа. Манай тухайд танхимын хичээл есдүгээр сарын 1-нээс эхлэх эсэх нь тодорхойгүй байна. ЭЕШ гэхэд наймдугаар сарын дунд хүртэл хойшилчихлоо шүү дээ?
-Ер нь ковидын улмаас дэлхийн хөдөлмөрийн зах зээлд зайнаас ажилладаг ажлын байрууд улам нэмэгдэж, томоохон өөрчлөлт гарах төлөвтэй байна. Энэ хэмжээгээр мэдлэг, ур чадвар улам бүр шаардагдана. Гэтэл боловсролын салбарын хоёр жилийн энэ хоцрогдол, улсын сургуулиудын олгож буй теле хичээлийн үр нөлөө бага байгаа явдал нь эргээд боловсролоос үүдэлтэй нийгмийн тэгш бус, ялгаатай байдлыг үүсгэх том нөхцөл гэж харж байна.
Зөвхөн Монгол биш бусад улс орнуудыг харахад, эдийн засаг руугаа бүхий л боломжтой сувгуудаар мөнгө нийлүүлж байсан бол эргээд татах, хумих чиглэлд анхаарч байна.
-Ковидоос өмнө ч манай тэгш бусад байдал өндөр хэмжээнд байсан шүү дээ. За, энэ тухай яриаг орхиод таниас төсвийн нөхцөл байдлын талаар асууя. Сангийн сайд тодотгох нөхцөл байдал бүрдээгүй байна гэж буй бол цөөнгүй эдийн засагчид төсөвт тодотгол эрт хийх ёстой гэж ярьж байна. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Долоодугаар сарын 1-нээс үйлчлэл нь зогсох эдийн засгийн 6-8 арга хэмжээний үр нөлөөллийг тооцъё, төсвийн сахилга батыг сайжруулъя, төсөвт тодотгол хийх нь зайлшгүй шаардлага үүсээгүй гэж байна гэж Сангийн сайд мэдэгдсэн. Эдийн засагч хүний хувьд хоёр зүйлийн нөлөөг тооцож байна. Гадаад болон дотоод эдийн засгийн хүчин зүйл.
Дотоод эдийн засгийн хувьд татварын орлого 50 орчим хувиар өссөн байна. Орлогын татвар 850 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 2.1 дахин өссөн байна. Мөн НӨАТ, төлбөр хураамжийн орлого 40 гаруй хувиар өссөн. Тэгэхээр орлого талаасаа энэ сайн мэдээлэл. Аж ахуйн нэгжүүд өмнө нь төлөөгүй, хуримтлагдсан байсан татвараа төлөхөд, манай жижиг эдийн засагт томоохон аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлт эерэг нөлөө үзүүлж байгааг үгүйсгэхгүй. Мөн дотоод эдийн засгийн тоон мэдээллийг харахад инфляц өсөж байна. Өнгөрсөн сарын инфляц 6.2 хувь байсан. Энэ нь өндөр тоо биш боловч өмнөх оны мөн үетэй харьцуулахад, 50 хувиар өссөн үзүүлэлт.
Инфляц өссөн шалтгааныг бүтцээр нь аваад үзэхээр 60 орчим хувийг нь хүнсний барааны өсөлт, 35 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс байна. Нөхцөл байдал ийм байхад төсөвт тодотгол хийх нь инфляцыг улам хөөрөгдөх эрсдэлтэй.
Ер нь дэлхийн олон оронд төсвийн тэлэх, мөнгөний зөөлөн бодлогоо хумих, хатууруулах чиглэлийн арга хэмжээг авч эхэлж байна. Ковидын дараа эдийн засаг нь идэвхжээд эхлэхээр инфляц нь өсөх явдал улс орнуудад гараад эхэлсэн. Хязгаарлалтууд зогсохоор хумигдсан байсан олон үйл ажиллагаа нь нийлүүлэлтийн гаралтай инфляцын өсөлтийг бий болгож байна. Энэ өсөлт нь эдийн засагт эргээд томоохон аюул авчрах эрсдэлтэй. Мөнгөний бодлогоо зөөллөх арга хэмжээ авна гэж байсан АНУ-ын Төв банк 2023 оноос өмнө бодлогын хүүгээ өсгөх, чангатгах арга хэмжээ авах зайлшгүй шаардлага үүсэж магадгүй гэж мэдэгдээд байна.
Төсөвт тодотгол хийснээр төсвөөр санхүүжүүлэх зардлууд зах зээл рүү гарна гэсэн үг. Тэгэхээр нэг талаас инфляц өсөлттэй, одоогоор төсвийн орлого бүрдэлт харьцангуй боломжийн байгаа нь тодотгол хийхгүй байх шалтгаанууд байж болох юм. Зөвхөн Монгол биш бусад улс орнуудыг харахад, эдийн засаг руугаа бүхий л боломжтой сувгуудаар мөнгө нийлүүлж байсан бол эргээд татах, хумих чиглэлд анхаарч байна. Тийм учраас Сангийн сайдын байр суурь үүнтэй уялдаж байгаа юм болов уу.
Дэлхийн олон оронд төсвийн тэлэх, мөнгөний зөөлөн бодлогоо хумих, хатууруулах чиглэлийн арга хэмжээг авч эхэлж байна. Ковидын дараа эдийн засаг нь идэвхжээд эхлэхээр инфляц нь өсөх явдал улс орнуудад гараад эхэлсэн. Хязгаарлалтууд зогсохоор хумигдсан байсан олон үйл ажиллагаа нь нийлүүлэлтийн гаралтай инфляцын өсөлтийг бий болгож байна.
-Мөнгөний бодлогын хороо сүүлийн хурлаараа Бодлогын хүүг 6 хувьд хэвээр үлдээлээ. Та мөнгөний бодлогын шийдвэрийг эдийн засгийн нөхцөл байдалд хэр нийцтэй гэж хэлэх вэ?
-Төсөв тодотгоно гэдэг бол сангийн бодлогоороо дамжуулаад эдийн засагт санхүүжилтээ тэлнэ. Харин Бодлогын хүүгээ өсгөнө гэдэг бол зах зээл дээрээс мөнгө татна, хүүг сулруулна гэдэг бол зах зээл рүү мөнгө гаргана гэсэн үг. Одоогийн нөхцөл байдлыг аваад үзэхэд, ялангуяа хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой нийлүүлэлтийн гаралтай, импортын хамааралтай инфляц байна. Одоогоор айдсын түвшинд биш ч хүнсний хэрэглээний бүтээгдэхүүний зардлын өсөлт өөрөөр хэлбэл нийлүүлэлтийн үнийн өсөлт нь эрэлтийн инфляцыг бий болгоод үнийн өсөлт цаашид нэмэгдэх аваас асуудал төвөгтэй болно. Тиймээс мөнгөний бодлогын хүүг хэвээр хадгалах цаашид шаардлагатай бол өөрчлөх стратегийг сонгох болов уу гэж харж байна.
Вакцинжуулалтын нөлөөгөөр дэлхийн улс орнуудын эдийн засаг идэвхжиж байгаагийн бас нэг тодорхой жишээ бол түлшний хэрэглээ өсөж байгаа. Газрын тосны нэг баррелийн үнэ сүүлийн гурван жилийн хамгийн дээд түвшинд хүрсэн. Манай өмнөд хөршийн түлшний хэрэглээ 5 хувиар өсчихсөн байгаа. Өндөр тоо биш боловч, том суурьтай эдийн засгийн хувьд нөлөө нь их байгаа юм.
Нөгөө талаас аваад үзэхэд зэс, алтны үнэ харьцангуй буурах төлөвтэй байгаа. Төв банкууд бодлогын хүүгээ нэмэгдүүлээд, эдийн засгийг дэмжих бодлогоо зогсоох хувилбар руу орохоор, эрсдэл багатай хөрөнгө оруулалтын хэрэгсэл алтны үнэ буураад, өгөөж өндөртэй бондын эрэлт нэмэгдэхээр байна. Лондонгийн бирж дээрх зэсийн үнэ ч сүүлийн саруудын хамгийн доод түвшин рүү орж буураад байна.
- Та сая манай төсвийн орлого бүрдүүлэлтэд гол нөлөөтэй түүхий эдийн ханшийн төлөвийн талаар дурдлаа. Гэтэл бид энд “супер цикл”-д өндөр найдаад л, бодит байдлаа харахаар ковидоос шалтгаалаад нүүрс, зэсийн экспорт тааруу байна шүү дээ?
-Хамгийн ойрын жишээ байна л даа. Гашуунсухайт, Ганцмодны боомт дээр түгжрэл, урт цуваа үүссэн. Өмнө нь өдөрт дунджаар 800-1500, ихдээ 2000 авто машинаар экспорт гарч байсан бол одоогоор 100 гаруйхан машин хилээр гарч байгаа. Эрдэс түүхий эдийн салбараас гол орлогоо бүрдүүлдэг манай улсын хувьд энэ үйл явц том асуудал. Энэ байдал дахиад хэсэг хугацаанд үргэлжлэх юм бол томоохон хүндрэл авчирна. Нүүрс, зэсийн баяжмалыг өмнө гаргаж байсан хэмжээнээс үндсэндээ 8-15 дахин бага байна.
-Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 70 орчим мянган ажлын байрыг хадгалсан гэж Сангийн яамнаас мэдэгдээд байна. МҮХАҮТ-ын судалгааг харахаар 500 мянган ажлын байр ковидын улмаас эрсдэлд орсон гэх мэдээлэл байна. Та эдгээр тоонууд дээр эдийн засагчийн хувиар ямар харьцуулалт, дүгнэлттэй байна вэ?
-Нийтэд байгаа тоон мэдээллээс ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 17.785 зээлдэгчид буюу 3500 аж ахуйн нэгж, 14 мянга гаруй иргэдэд 1.3 их наяд төгрөгийн зээл олгосон. Гэхдээ зээлийн нөлөөлөл, үр дүнгийн талаар мэдээлэл одоогоор байхгүй байна, хэлэхэд эрт байна.
Ирэх жилүүдэд дэлхийн хөдөлмөрийн зах зээлд томоохон өөрчлөлт орохоор байна. Өрсөлдөх чадвартай бизнес, ажил олгогчдод ажилчдынхаа ур чадварыг улам дээшлүүлэх шаардлага нэмэгдсээр байна. Ирэх арван жилд хөдөлмөрийн зах зээлд 80 гаруй хувь нь онлайнаар ажиллах шаардлага бий болно гэсэн судалгаа байна. IT дээр суурилсан ур чадвараа ашигладаг хүмүүсийн орлого нь өсөх, ингэснээр орлогын ялгаа улам их болохоор байна.
Дэлхий нийтэд аналитик сэтгэлгээтэй, дүн шинжилгээ хийдэг, мэргэжилтэн, мэргэжлүүд өндөр эрэлттэй, эзэмшвэл зохих ур чадварууд байхаар байна. Үүнд өгөгдлийн шинжээч, хиймэл оюун ухаан, биг дата шинжилдэг хүмүүс, цахим маркетинг, стратегийн чиглэлийн мэргэжилтнүүд хамгийн эрэлттэй байхаар байна.
Санхүү, хөрөнгийн зах зээлд ажиллаж байсан хүний хувьд харж байхад, өнгөрсөн сард хөрөнгийн биржээр 3.8 тэрбум төгрөгийн л үнэт цаас арилжсан байгаа юм. Энэ нь өмнөх сараас хоёр дахин буурсан үзүүлэлт. Өмнө хэлсэнчлэн, жижиг дунд аж ахуйн нэгжүүд ямар хүнд байгааг мэднэ. Дээр нь биржид бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн хувьд ч үнэт цаасных нь арилжаа унаад байна. Эдгээр нь санаа зовоох асуудал юм. Нэг дор шийдчих боломжгүй ч, үүнийг маш сайн бодох, анхаарах, төлөвлөх ёстой. Хүлээгдэж байгаа нөхцөл байдал биднээс улам их сорилт, хүчин чармайлтыг шаардаж байна.
-Танд баярлалаа
Сэтгэгдэл ( 0 )