Өмнөговь аймгийн Онцгой комисс аймгийн хэмжээнд мөрдөгдөж байгаа Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны долоодугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл сунгах шийдвэр гаргалаа.
Тодруулбал,
- Зөвшөөрснөөс бусад бүх үйл ажиллагааг хязгаарлан, хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-18:00 цаг байхаар тогтов.
- Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэх, зөөвөрлөгдөн ирэхээс сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллага, сумдын Онцгой комиссын дарга нарт даалгав.
- Шуурхай штабын жижүүрт үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдад улсын болон аймгийн Онцгой комисс, Шуурхай штабаас гаргасан шийдвэрийг тухай бүр танилцуулан, мэдээллээр хангаж, иргэдэд үнэн зөв, бодит мэдээлэл хүргэж ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг аймгийн Онцгой комиссын Шуурхай штабт даалгав.
- Нийтийн эзэмшлийн гудамж талбай, худалдаа үйлчилгээний газруудад чанга яригч төхөөрөмжөөр цар тахлаас урьдчилан сэргийлэх мэдээлэл, заавар, зөвлөмжийг иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулахыг Мэргэжлийн хяналтын газар сумдын Онцгой комиссын дарга нарт хариуцуулав.
- Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, нэг дор 3-аас дээш хүн цугларахгүй байхад хяналт тавьж, уг ажилд төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын албан хаагчдыг дайчлан, ажлын хуваарийг батлуулан мөрдүүлж ажиллахыг Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар Даланзадгад сумын Онцгой комиссын дарга нарт үүрэг болгов.
- Худалдааны төв, үйлчилгээний газруудад иргэдийн бөөгнөрөл, дараалал үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын захирал, эрхлэгч нарт, хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар Цагдаагийн газар, сумдын Онцгой комиссын дарга нарт үүрэг болгов.
- Харъяа байгууллагын үйл ажиллагааг Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй уялдуулан зохион байгуулж, аймгийн Онцгой комисс болон Шуурхай штабаас гаргаж буй шийдвэр, журам, зааврыг байгууллагын хэмжээнд мөрдүүлэн, ажлын хийдэл, хоцрогдол гаргахгүй ажиллахыг нийт байгууллагын дарга, эрхлэгч нарт үүрэг болгов.
- Төрийн байгууллага болон үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн аж ахуйн нэгж, байгууллагын албан хаагчдыг 50 хүртэл хувиар ажиллах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт чиглэл болгов.
- Спиртийн сул агууламжтай буюу 18 хувиас доош градустай согтууруулах ундаа худалдаалахыг зөвшөөрсөнтэй холбогдуулан тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, гаргасан зөрчилд хариуцлага хүлээлгэн аймгийн Шуурхай штабт мэдээлж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар Цагдаагийн газар,сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.
- Улаанбаатар хот болон халдварын тархалт бүхий орон нутгаас албан томилолтоор ирэх иргэдийн нэвтрэх хүсэлтийг Улсын Онцгой комиссын шуурхай штабын зөвшөөрлийг үндэслэн, харилцаа холбоо, шуудан, эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа, хүнс шатахуун түлш болон өвс тэжээлийн тээвэрлэлт, түгээлт, уул уурхай, зам барилга, эрчим хүч, инженерийн барилга байгууламж, буяны ажил, эрүүл мэндийн шалтгаанаар зорчих иргэдийн хүсэлтийг аймгийн Онцгой комиссын шуурхай штабын зөвшөөрлийг үндэслэн ямар ч тохиолдолд ПСР шинжилгээний 72 цагийн сөрөг хариу, түргэвчилсэн оношилгооны 48 цагийн сөрөг хариуг үндэслэн www.smartgobi.com цахим мэдээллийн системээр нэвтрэх зөвшөөрөл олгохыг холбогдох ажлын хэсгүүдэд, хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар Цагдаагийн газар, сумдын Засаг дарга нарт даалгалаа.
- Сум хооронд зорчих иргэдийн хүсэлтийг www.smartgobi.com цахим мэдээллийн системээр дамжуулан хүлээн авч, шаардлага хангасан иргэдийн нэвтрэх зөвшөөрлийг олгон хяналт тавьж ажиллахыг сумдын Онцгой комиссын дарга нарт үүрэг болгов.
- Коронавирусын халдвар авсан нийгмийн зорилтод бүлгийн иргэдийн судалгааг гаргаж ажиллахыг багийн Засаг дарга нарт, тэдгээр иргэдэд тусламж, дэмжлэг үзүүлж ажиллахыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн бодлогын хэлтэст зөвлөв.
- Ойрын болон дам хавьтал, гэрийн ажиглалтанд байгаа иргэдэд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах, холбогдох дүрэм журмыг мөрдүүлэх, дэглэм зөрчсөн иргэдэд хариуцлага тооцож ажиллахыг Сумдын Онцгой комиссын дарга нарт үүрэг болгов.
- Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэн, эмнэл зүйн багийн тусламжийг чадавхижуулж, тусламж үйлчилгээний болон, хүчилтөрөгчийн нөөцийн бэлэн байдлыг хангаж, 24 цагийн үйл ажиллагаатай эмнэл зүйн хариу арга хэмжээний багийн үйл ажиллагааг чангатгаж ажиллахыг Бүсийн оношилгоо, эмчилгээний төв,сумдын Онцгой комиссын дарга нарт үүрэг болголоо.
- Уул уурхайн ээлж солих үйл ажиллагааг холбогдох журмын дагуу зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Шуурхай штабт үүрэг болгов.
- Коронавируст халдвар (Ковид-19)-ын нөхцөл байдал, харъяа сумын онцлогт уялдуулан холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллахыг сумдын Онцгой комиссын дарга нарт зөвлөв.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, бүх шатны төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг аймгийн Онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын газрын дарга, хурандаа тус тус даалгасугай гэсэн аймгийн Засаг даргын Захирамж гарлаа.
Сэтгэгдэл ( 0 )