Эрүүл мэндийн ажилтнууд энэ салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх, олгогдох ёстой урамшууллуудыг олгох асуудлаар Засгийн газарт санал, шаардлага хүргүүлж, талбай дээр суулт хийж байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй Сүхбаатарын талбай дээр очиж уулзлаа. Тэрбээр “Та бүхний шаардлагыг сайдын хувьд дэмжинэ, энэ асуудлаар байнга өөрийн байр сууриа илэрхийлж байна. Гэхдээ та хэд маань энэ хэцүү цаг үед ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаад баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байна. Цалин нэмэх асуудлыг Засгийн газарт байнга тавьж, холбогдох сайд нартай уулзаж байгаа. Би яг энэ асуудал ямар хэцүү байдгийг мэднэ. Би эмч хүн. Та бүхнийг сайн ойлгож байна. Цаашдаа энэ асуудлаар үзэл бодлоо байнга илэрхийлнэ. Гэхдээ хуулийн ямар гаргалгаа байна вэ гэдгийг сайтар хэлэлцэх хэрэгтэй” гэлээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд мөн “Хамтдаа гурван талт хэлэлцээрийн ширээнд сууж, сайн ярилцах хэрэгтэй байна. Өнөөдөр 17:00 цагт Эрүүл мэндийн яаман дээр Үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд, МАН-ын гишүүдтэй гурван талт хэлэлцээр хийнэ. Ямар гаргалгаа байна, хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн юм.
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэх асуудлыг судалж байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайд салбарынхаа ажилтнуудын цалинг нэмэх болон нийгмийн асуудлыг сайжруулах тал дээр өөрөөс шалтгаалах бүх ажлыг хийнэ гэв.
Эрүүл мэндийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх бодит боломж байгаа гэж үзэж байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
Ядарч байгаа эмнэлгийн ажилтнуудаа бас нэмж гадаа цемэнтэн дээр суулгаад яахав Цалинг нь 2 дахин нэмээд өгөөрэй