Японы шилдэг ахлах тогоочид Токио-2020 Олимпын их наадамд хүчээ сорих дэлхийн шилдэг тамирчдын хоол, хүнсийг бэлтгэхээр ханцуй шамлан ажиллаж байна.
Гэрэл зураг дээр танилцуулсан зоог нь энэ сарын 23-наас есдүгээр сарын 5-ныг хүртэл Япон даяар 'konbini' сүлжээ дэлгүүрүүдээр санал болгох тусгай цэсний нэг хэсэг юм.
Токио-2020 Олимпын тамирчдын тосгоны тусгай цэс тамирчдад тохирсон уураг, нүүрс ус, амин дэм болон эрдэс бодисоор баялаг. Тамирчдын хоолны цэсийг Олимпыг зохион байгуулах хорооноос баталсан албан ёсны зөвшөөрөл бүхий бүтээгдэхүүний жагсаалтад оруулсан байна. Үүнд дөрвөн төрлийн хоолыг санал болгож байгаагийн нэг нь “сомен”.
“Сомен” нь Японы цагаан буудайн гоймон бөгөөд сомен нь тос багатай ч тамирчдын эрх хүчийг сэлбэх нүүрс усаар баялаг аж. Сомен гоймонг улаан лооль, жигнэсэн тахиагаар хачирласан нь тамирчдын уураг, тэжээлийг нөхөх үүрэгтэй.
Мөн тамирчдад “Занги” зөгийн бал, нимбэгийн сүмсээр амталсан яргай загасыг санал болгож байна. “Томачики” бүрдэлд төмс, тахианы мах, брокколи, луувангийн хачир оржээ.
Цэсийг “Японы Шокү хоолыг Олимпын тамирчдад хүргэе” төслийн хүрээнд ирүүлсэн 715 төрлийн цэсээс сонгон авчээ. Шокү гэдэг нь японоор эрүүл хоол гэсэн утгатай.
Сэтгэгдэл ( 0 )