Олимпын нээлтэд олон улсын удирдагчид очсонгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 23

Олон улсын Төрийн тэргүүнүүдийн дийлэнх нь Токиогийн олимпын нээлтийн ёслолд оролцохгүй нь тодорхой болсон. Энэ нь олимпын нээлтийн ёслолын арга хэмжээний нэр хүндэд нөлөөлж байна гэж шинжээчид үзэж байна.

Тэгвэл дараагийн зуны олимп зохион байгуулагдах Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Токиогийн олимпын нээлтийн ёслолд оролцоно гэдгээ мэдэгджээ. Түүний Токиод ирэх явдал нь Японы Ерөнхий сайд Ешихидэ Сүгагийн нэр хүндийг аварна гэж шинжээчид бичиж байна.

Гэсэн хэдий ч олон улсын удирдагч нар Токио-2020-ын нээлтэд оролцохгүй байх нь ёслол төгөлдөр арга хэмжээний дипломат үнэ цэнийг алдагдуулж, эцэст нь Япон улсын улс төрийн элитүүдийг бухимдуулах аж.

Олимп нь спортын арга хэмжээний хувьд уламжлал ёсоор улс орнуудын өндөр албан тушаалтнуудын хооронд дипломат солилцооны талбар болж иржээ. 2012 онд Лондоны олимпын нээлтэд 80 орны Төрийн тэргүүн ирж байв. Рио-де-Жанейрогийн олимпын нээлтэд 40 орчим улсын Ерөнхийлөгч оролцсон байна.

Японы нийслэлд болох зуны олимпын нээлтэд 2016 оны Риогийн олимпын нэгэн адил олон орны удирдагч ирнэ гэж Токио тооцоолж байжээ.

Гэвч өчигдөр оройны байдлаар олон улсын Төрийн тэргүүнүүдээс Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон л Токиод очихоо мэдэгджээ.
 


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Токиод өөрөө очилгүй эхнэр Жилл Байденыгаа олимпод оролцогчдыг ахлуулан явуулсан бол хойд хөрш ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ жил онцгой жил болж, олимпын наадмыг онцгой нөхцөл байдалд зохион байгуулж байгаатай холбоотойгоор Токиог зорихгүй гэсэн юм.

Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Ерөнхийлөгч Владимир Путиныг төлөөлж Токио руу хэн ч явахгүй" гэжээ.  
 


Токиогийн олимпын үеэр хийх байсан БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сүга нарын дээд хэмжээний уулзалт ч цуцлагдаж байгаа бололтой. Учир нь Сөүл дэх Япон улсын Элчин сайдын яамны дэд сайд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний талаар ёс бус үг хэлснээс болж Мүн Жэ Ин Токиог зорихгүй гэжээ.
 


Дэд сайд Хирохиша Сома “Японы Засгийн газар хоёр улсын харилцаанд Өмнөд Солонгосын тал шиг их санаа зовохгүй байгаа. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин дэмий “гар хангалга хийж” өөрийгөө зовоож байна” гэж хэлсэн байна.

Тэгвэл Монгол Улсаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японд айлчилж, олимпын нээлтэд оролцохоор Токиод очсон билээ.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top