Токио-2020 олимпын их наадмыг зохион байгуулагчид олимпын нээлтийн үеэр сайн дурын ажилтнуудад өгөх ёстой байсан дөрвөн мянган бенто хайрцаг хоолыг хаяснаа хүлээн зөвшөөрчээ.
Лхагва гарагт /2021.07.28/ хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч Масанори Такая үүнийг баталж, уучлал хүссэн байна.
Олимпын нээлтийн үеэр цэнгэлдэх хүрээлэнд маш олон тооны хүмүүс ажиллаж байсан бөгөөд их хэмжээний хоол бэлтгэгдсэн байсан ч ихэнх нь хэрэглэгдээгүй хаягджээ. Өндөр ачаалалтай ажилласан сайн дурынханд хоол идэх боломж гараагүй тул хаягдсан хоолыг амьтны тэжээл болгох мөн эрчим хүч үйлдвэрлэх зориулалт бүхий биомасс болгон боловсруулж, дахин ашигласан хэмээн Такая тайлбарлажээ.
Түүний хэлснээр, нээлтийн өдөр бэлтгэсэн хоол хүнсний 20-30 хувийн илүүдэл гарсан гэнэ. Тиймээс зохион байгуулагчид цаашид хоол хүнсний хаягдал гаргахгүйн тулд хоол захиалгыг илүү оновчтой болгохоор ажиллана гэж амласан байна.
Картон цаасыг ашиглаж хийсэн ор, дахин боловсруулсан металлаар медалиудаа хийх зэргээр Токио-2020 олимп байгаль орчинд хамгийн ээлтэй наадам болох зорилго дэвшүүлсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )