Шатахууныг төрийн өмчит компаниар импортлуулах нь зөв

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 28

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж маргаан дэгдээгээд байгаа Сонгуулийн тухай хуулийн төслийн талаар ярилцсан байна. Ингээд Зөвшилцөх ажлын хэсгийнхэн харилцан тодорхой санал тавьж, тус тусын саналыг бүлгийн хурлаараа хэлэлцжээ. Ажлын хэсэг дээр нэгдсэн үр дүн гарахад одоогоор хүнд байгаа тул тодорхой хугацаанд Сонгуулийн хуулийн хэлэлцээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхгүй байхаар тохиролцсон бололтой. Харин бүлгийн хурлаар бензин, шатахууны хангамжийн талаар ярилцжээ. Хэдийгээр үр дүн нь урт хугацаанд гарах боловч дотооддоо нефть боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлэх асуудалд Засгийн газар дорвитой, яаралтай арга хэмжээ авах ёстой гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдсэн байна. Нөгөө талаар шатахуун импортолдог компаниудын үр дүн тааруу байгаа тул төрийн өмчийн 100 хувийн төлөөлөлтэй компани Монгол Улсын төрийн өмнөөс шатахууны захиалга хийж, оруулж ирсэн шатахууныг түгээгч компаниуд жижиглэнгээр худалдаалах ажлыг хийх нь зүйтэй гэж ярилцжээ. Төр захиалагч болсноор шатахуун нэг үнэ, нэг зориулалтаар орж ирнэ. Оруулж ирсэн шатахууныг компаниуд авч жижиглэнгээр борлуулбал нефтийн үнэ тогтвортой, улмаар буурах боломжтой гэж үзэж буйтай холбоотой ажээ. Бизнес эрхлэгчдэд хохирол байхгүй. Компаниудын жижиглэн худалдаанаас олдог орлого хэвээрээ үлдэнэ. Харин ч гадна талд захиалга хийх гэх мэт ажил хялбарчлагдана гэдгийг ч сэтгүүлчдэд тайлбарлаж байлаа. Улмаар шаардлагатай бол уг асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор ярихаар болж, УИХ-ын гишүүн Б.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг гаргажээ. Мөн «Роснефть»-ийн захидалд ямар хариу өгөх вэ. Төр шатахууны захиалга хийх нь төрөөс бизнест оролцохгүй гэдэг зарчимтай хэр нийцтэй вэ гэсэн сэтгүүлчийн асуултад, Засгийн газрын зүгээс ийм захидал байхгүй гэж байгаа. Сая байгуулсан ажлын хэсэг дээр захидал байгаа эсэхийг ярилцах байх. Төрийн оролцооны талаар нарийвчилсан асуудлыг ажлын хэсгээр ярилцана гэдэг мэдээллийг бүлгийн дарга Ч.Сайханбилэг өглөө.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top