Улс төрийн намын тухай хуулийн төслийг ЕСДҮГЭЭР САРД өргөн мэдүүлэх чиглэл өглөө

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 08 сарын 18

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.08.18) Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд, дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа. “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолд нийт 31 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан бөгөөд 12 хуулийг хэлэлцэн баталсан бол хэлэлцүүлгийн шатанд 4 хуулийн төсөл, хүлээгдэж буй 15 хуулийн төсөл байгаа юм байна.

Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах улс төрийн намыг байгуулахаар, улс төрийн намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байхаар Үндсэн хуульд тусгасан. Эдгээр зарчмыг “амилуулах”-аар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэгээр ахлуулан байгуулсан юм. Тус ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр уулзалт зохион байгуулж буйгаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд танилцуулав.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Д.Ганбат, Ц.Мөнхцэцэг, С.Одонтуяа, Д.Сарангэрэл, Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан болон ажлын дэд хэсгийн гишүүд болох МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан, улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Од, Монгол Улс дахь “Трансперенси Интернешнл” иргэний нийгмийн байгууллагын гүйцэтгэх захирал Л.Төр-од, “Нээлттэй нийгэм форум”-ын засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг болон албаны бусад хүмүүс оролцов.

Улс төрийн намуудыг хариуцлагажуулах, үйл ажиллагаа нь хууль дээдлэх зарчимд суурилсан байх, тэдгээрийн хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нийтэд ил тод байх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь нэн чухал гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг хэллээ. Тэрбээр “Улсын Их Хурал 2012 оноос хойш гурван бүрэн эрхийнхээ хугацаанд улс төрийн намын эрх зүйн орчныг шинэчлэх, улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах хуулийг батлан гаргахаар ажиллаж байна. Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан энэ удаагийн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд улс төр судлаач, туршлагатай эрдэмтэд байгаа юм. Бид пост-коммунист улс орнууд болон хөгжингүй, ардчилал өндөр хөгжсөн орнуудын улс төрийн нам, түүний санхүүжилтын талаарх эрх зүйн зохицуулалтуудыг нарийвчлан судалж, Монгол Улсын онцлогт нийцсэн, хэрэгжих бүрэн боломжтой зохицуулалт бүхий төслийг боловсруулахаар ажиллаж байна. Улс төрийн нам нь онол, судалгаанд үндэслэн боловсруулсан бодлогоороо өрсөлддөг, үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод, ардчилсан болж төлөвших юм бол энэ нь төрийн үйл ажиллагаа тогтвортой, авлигаас ангид байхын суурь болдог” гэлээ.  

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт дэх “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2028 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан болохыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн онцолж, төслүүдийг боловсруулахдаа улс төрийн намын гишүүнчлэлийн талаарх зохицуулалтыг нэн тодорхой болгох нь зүйтэй гэдэг саналыг хэлэв.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг нэн шуурхай хэлэлцэн, батлахыг дэмжиж буйгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ш.Адьшаа нар илэрхийлсэн юм. Ингэхдээ олон намын тогтолцоонд шилжсэн өнгөрсөн 30 жилийг, өнөөгийн нийгмийн нөхцөл байдлыг дүгнэж, тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх зохицуулалтуудыг төслүүдэд тусгах нь зүйтэй гэв. Иймд хууль тогтоогчид, улс төрчид нийгмийн шаардлагад анхаарч, улс орны хөгжил дэвшилд улс төрийн намуудын оролцоог нэмэгдүүлэх бололцоог бүрдүүлэх, төрийн тогтвортой байдлыг бий болгох зорилгоор, улс төржилтгүйгээр хамтарч ажиллах ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Түүнчлэн Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн хэрэгжилтийн хугацааг өөрчлөх санал хэлж байлаа.

 

Улс төрийн намууд эрх мэдэл, сонгуулийн ялалтыг биш харин улс орны хөгжлийг чухалчилдаг болоход дээрх хуулийн төслүүд нэн чухал ач холбогдолтой гэж үзэж буйгаа Д.Сарангэрэл гишүүн хэллээ. 100 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчнээс эхлээд 30 жилийн түүхтэй, түүнээс “залуу” улс төрийн намууд шинэчлэгдэж, улс орны хөгжлийн төлөө ажилладаг, нэгддэг, бодлого төлөвлөлтийн эх уурхай болж төлөвших эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намууд төдийгүй Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй улс төрийн бүх нам хамтран ажиллаж, зөвшилцөх нь зүйтэй гэлээ.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт дэх чухал зохицуулалтын нэг нь улс төрийн нам дотоод ардчилалтай, ил тод санхүүжилттэй байх хэсэг гэдгийг профессор, доктор О.Мөнхсайхан хэллээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах”-ын тулд улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг нэн шуурхай хэлэлцэн, баталснаар олон эерэг үр дагавар гарна гэдэг хүлээлттэй байгаагаа илэрхийлж байв. Тэрбээр Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн талаар дэлгэрэнгүй тайлбар, мэдээлэл хийсэн.

Аливаа засаг төрийн бодлого, үйл ажиллагаа судалгаа, баримт, нотолгоонд үндэслэсэн байх шаардлагын талаар Монгол Улс дахь “Трансперенси Интернешнл” авилгын эсрэг дэлхийн хөдөлгөөний тэргүүлэгч иргэний нийгмийн байгууллагын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Л.Төр-од байр сууриа илэрхийлээд, 2020 оны авлигын төсөөллийн индексийг гаргах үеэр “Авилгал ба улс төрийн санхүүжилт” сэдвээр судалгаа хийлгэсэн талаараа танилцуулсан. Улс төрийн намын талаарх эрх зүйн зохицуулалт, улс төрийн санхүүжилтийн талаарх эрх зүйн орчныг бүрдүүлсэн эсэх, тэдгээрийнх нь хэрэгжилтийн хувиас хамаарч улс орны авилгалын түвшин шууд хамааралтай байсан гэдгийг хэллээ. Улс төрийн нам, тэдгээрийн санхүүжилтийн талаарх эрх зүйн орчныг сайн бүрдүүлсэн, хэрэгжүүлдэг орнуудад авлигал бага байдаг бол улс төрийн нам, тэдгээрийн санхүүжилтийн талаарх эрх зүйн орчныг бүрдүүлээгүй, байсан ч хэрэгжүүлдэггүй улмаас авлигалд илүү өртөмтгий, төрийн бодлогод хөрөнгө, мөнгө, санхүүжилтээр дамжуулан нөлөөлөх эрсдэл үүсгэдэг гэдгийг судалгаагаар дүгнэсэн гэв. Дээрх хуулийн төслүүдийг Улсын Их Хурал хэлэлцэн баталснаар Монгол Улсын авлигалын индекс хоёр оронтой тоо руу шилжихийн чухал хүчин зүйл болно гэдгийг Л.Төр-од захирал хэлж байв.

Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр олон жил ажиллаж байгаа бөгөөд улс төрийн намуудын хүсэл зориг, хүчин чармайлт нэн чухал гэдгийг доктор Э.Гэрэлт-Од тэмдэглэн хэлсэн. Улсын Их Хурлын сонгуулийн зардлын хэмжээ нэмэгдсээр байгаа нь улс төрийн өрсөлдөөнийг бууруулах, ардчиллын чанарыг бууруулах сөрөг үр дагавартай байдгийг “Нээлттэй нийгэм форум”-ын засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг хэлсэн. Улс төрийн намын эрх зүйн орчныг цогцоор нь шинэчлэх олон асуудлыг шийдэх тул судалгаа, шинжилгээ, нотолгоонд суурилан хамгийн дэвшилтэт, оновчтой зохицуулалтыг тусгасан эрх зүйн орчин бүрдүүлэхэд бүх шатандаа анхаарч ажиллах саналыг хэллээ.

Нам эрүүл бол төр эрүүл, төр эрүүл бол улс орон хөгжинө гэсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг нэн яаралтай ажил хэрэг болгох шаардлагын үүднээс ажлын хэсэг 8, 9 дүгээр сард эрчимтэй ажиллаж, төслүүдийг эцэслэн боловсруулж өргөн барих чиглэлийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өглөө. Тэрбээр “Судалгаа, шинжилгээ, нотолгоонд суурилсан улс төрийн намын орчин үеийн чиг хандлагыг төлөвшүүлэх чиглэлд анхаарч ажиллах зүйтэй. Намын чиг үүрэг, санхүүжилт, үйл ажиллагаа хууль дээдлэх зарчимд суурилсан байх, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох нь нэн чухал хэмээн үзэж Үндсэн хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. Мөн сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэний дэмжлэг авсны үндсэн дээр улс төрийн нам байгуулах журмыг тогтоох нь нэн шаардлагатай хэмээн үзсэн. Үүнийг өнөөгийн улс төрийн намуудын нөхцөл байдал ч нотолж байна, судлаачид, эрдэмтэд ч сануулсаар байдаг. Энэ хуулиуд нь Монголын ардчиллыг төлөвшүүлэхэд, төгөлдөржүүлэхэд нэн чухал ач холбогдолтой” хэмээлээ.

Ард түмэн Монгол ардын намд үнэмлэхүй итгэл үзүүлсэн, тиймээс үнэмлэхүй итгэлийг үнэмлэхгүй зүтгэлээр хариулах учиртай хэмээн тэмдэглээд “Улс төрийн намууд эрх мэдлийн төлөө биш, улс орны хөгжлийн төлөө бодлогоо уралдуулдаг, засаг төр нь тогтвортой байдаг байхын төлөө улс төрийн намууд нэгдэн, зөвшилцөж, хамтран ажиллах учиртай” гэв. Цар тахлын нөхцөлд Монгол Улсын төр, Засгийн газар хичээн, бүхий л боломжоо дайчлан сайн ажиллаж байна, тогтвортой ажиллах ёстой гэдгийг Улсын Их Хурлын дарга хэлээд “Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга үүнд гол үүрэг гүйцэтгэх ёстой. Төр засаг нь сахилга баттай, хариуцлагатай, тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэх ач холбогдлыг нь тооцож ажлын хэсгийн гишүүд үнэмлэхгүй зүтгэл гарган ажиллаарай” хэмээн захив.

Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намууд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллах ч бусад улс төрийн намуудтай зөвшилцөн, хамтарч ажиллаад есдүгээр сарын 15-ны дотор өргөн мэдүүлэхийг чиглэл болгов. Улс төрийн нам үүсч, хөгжсөний 100 жилийн босгон дээр нам, төр эрүүл болох, улмаар улс орон цэгцэрч, хөгжихийн үндэс суурь нь Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль байх болно гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэж, ажлын хэсэг судлаач, эрдэмтэд, улс төрийн намуудын төлөөлөлтэй хамтарч ажиллахыг чиглэл болгов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top