Том дарга нарын амнаас том дэвсгэрт хэвлэнэ гэх “том” үг унаад удаагүй байна. Саяхан даа. УИХ-ын дарга Г.Занданшатар том дэвсгэрт хэвлэхийг Монголбанканд үүрэгдсэн. Амнаасаа унагаасан нь л Г.Занданшатар болохоос түүнээс ч өмнө том мөнгө хэвлэх тухай санаа судалгаа болоод цаасан дээр буусан байж. Одоогоос яг гурван жилийн өмнө Монголбанк 50 мянгатын дэвсгэрт хэвлэх судалгаа хийж байсан гэдэг. Судалгаагаар мөнгөний зардлыг бууруулахын тулд том мөнгөн дэвсгэрт хэвлэх шаардлагатай гэж дүгнэсэн гэдэг. Тэгэхээр дахин судалгаа хий гэж үүрэгдэх нь зөвхөн цаг хугацааны л асуудал байсан. Чухам хэн гэдэг дарга нь үүрэгдэх вэ гэдэг нь л асуулт байлаа.
Дээр дурдсан дүгнэлт бол зөвхөн нэг талыг харсан тайлбар. Одоогоор зах зээлийн эргэлтэд байгаа 10, 20 мянгатын дэвсгэрт өндөр ачаалалтай байгаа аж. Арай өөрөөр тайлбарлавал зах зээлийн эргэлт өндөр байгаагаас мөнгөн дэвсгэртийн чанар муудаж дахин хэвлэхэд зардал өндөр гарч байгаа гэж дүгнэжээ. Муйхраар тайлбарлавал 20 мянгатыг 20 удаа хэвлэснээс 50 мянгатыг таван удаа хэвлэх нь бага зардалтай аж.
“Цаашид манай эдийн засаг томорч, иргэдийн орлого өсөхийн хэрээр илүү том дэвсгэртийн хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэх төсөөлөлтэй. Иймд олон улстай харьцуулсан ч, дотоодын хэрэгцээ шаардлагаа тооцож үзсэн ч Монголд дараагийн том мөнгөн дэвсгэрт гаргах цаг нь болсон гэж үздэг” гэж Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирал Р.Саранцэцэг тус банкны албан ёсны цахим хуудаст ярьжээ.
Монголчууд бид тэгш ойн дээрээ том зүйлээр бэлэг барих хоббитой ард түмэн. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн тэгш ой 2006 онд тохиоход одоогоор хамгийн том дүнтэй 20 мянгатын дэвсгэрт эргэлтэд гарч байлаа. Тухайн үед өрхийн орлого 200 мянган төгрөгөөр хэмжигдэж байсантай харьцуулбал маш том дүнтэй мөнгөн дэвсгэрт гэж ойлгож болно. Судалгаагаар одоо гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний 70 орчим хувийг бүрдүүлдэг гэх судалгаа бий. Монголбанкныханы дүгнэж байгаагаар чухам энэ шалтгаанаар хамгийн их ачаалалтай дэвсгэрт гэж дүгнээд том мөнгөн дэвсгэрт хэвлэнэ гэдэг бол маш өрөөсгөл хэрэг. Хэрэв үнэхээр ийм шаардлага байгаа гэж дүгнэвэл цаг хугацааны хувьд ч, эдийн засгийн нөхцөл байдлын хувьд ч одоо бол цаг нь биш.
Үндэсний статистикийн хорооны судалгаагаар энэ оны эхний VII сарын байдлаар инфляцын түвшин улсын хэмжээнд 7.4 хувьтай, Улаанбаатар хотод 7.9 хувьтай байна. Том дарга нарын амнаас том дэвсгэрт хэвлэгдэх тухай үг цухалзах хүртэл цар тахлын үеэр иргэдэд бэлэн мөнгө тарааж, элдэв халамж, тэтгэмжийн тоо ч нэмэгдсэн. Тахлын үед Төв банк эгээтэй л принтерийн машин болчихоогүй. Ер нь эдийн засгийн аливаа хүндрэлийг даван туулахад мөнгө хэвлэх дон манай төрд шүглээд 30 илүү жилийн нүүр үзжээ. Асуудал үүсэх бүрд мөнгө хэвлэх тухай бодсоор байвал үр дүн нь бидний төсөөлж байгаагаас илүү муу ч байж мэднэ. Статистикийн судалгаагаар иргэдийн төгрөгийн хадгаламж нэмэгдсэн дүр зураг гарчээ. Долоодугаар сарын гүйцэтгэлээр иргэдийн төгрөгийн хадгаламж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.9 их наядаар нэмэгдсэнийг ҮСХ-ны судалгаанднд дурджээ. 2020 оны эхний долоон сарын байдлаар иргэдийн төгрөгийн хадгаламж 11.2 их наяд төгрөгтэй тэнцүү байсан бол энэ оны мөн үед 15.1 их наяд төгрөгтэй тэнцүү байна. Төгрөгийн хадгаламж өмнөх сараас 156.8 тэрбум төгрөг буюу нэг хувь, өмнөх оны мөн үеэс 3.9 их наяд буюу 34.7 хувиар өсжээ. Төгрөгийн нийт хадгаламжийн 89.3 хувь нь буюу 13.5 их наяд төгрөгийг иргэдийн хадгаламж, 10.7 хувийг аж ахуйн нэгж байгууллагын хадгаламж эзэлж байна. Цар тахлын үед иргэд болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс төгрөгөө зах зээлд нийлүүлэхгүй, хадгалах сонирхол үүссэн нь зөвхөн Монгол Улсын бус дэлхий нийтэд ажиглагдаж байгаа үзэгдэл юм.
Том дарга нар мөнгөний үнэгүйдлийг бууруулахын тулд, мөнгө хэвлэх зардлыг бууруулахын тулд хийж буй алхам гэж үзэж байгаа ч цаагуураа эдийн засгаа ганхуулах гэсэн ухамсарлагдаагүй хорон санаа байж мэдэхээр байна. Хэрэв яг энэ цаг үед том мөнгөн дэвсгэрт хэвлэчихвэл инфляц хоёр оронтой тоо руу орно. Өөрөөр хэлбэл өргөн хэрэглээний үнэ тэнгэрт хадна. Удаан үргэлжилбэл дефляцид орж ч мэднэ. Нэг ёсондоо том дарга нарын унагасан үг иргэдэд том ачаа болон очно гэсэн үг. Эдийн засаг нь тогтвортой, өсөлт нь урт хугацаанд хадгалагдсан орнууд том мөнгөн дэвсгэрт тэр бүр гаргаад байдаггүй. Учир нь тухайн орны дотоодын валютын үнэ цэн ямар байхаас шалтгаалаад эдийн засгийн өсөлт нь шалтгаалдаг учраас тэр. Нөгөөтээгүүр том дарга нар том мөнгөн дэвсгэртийн тухай ярих болсон нь Монголын төр төгрөгт итгэх итгэлээ алдсаныг гэрчлэх нэгэн баримт мэт харагдаж байна.
Аливаа улс онууд дотоодын мөнгөний ханшаа удаан хугацаанд тогтвортой барихын тулд том мөнгөн дэвсгэрт гаргадаг. Манайх шиг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, эдийн засаг нь зөвхөн нэг салбараас хараат, хоёр хөршөөсөө импорт, экспортын хараат улсад том мөнгөн дэвсгэрт хэвлэх нь эдийн засагтаа хохиролтой. Хэрэв өнөө, маргаашгүй том мөнгөн дэвсгэрт хэвлэлээ гэхэд өргөн хэрэглээний барааны үнэ цагаар биш минут, секунд тутам өссөөр хяналтаас гарна. Хүмүүсийн худалдан авах чадварт илтэд буурч, байгаа мөнгөндөө тааруулаад бараа бүтээгдэхүүн нөөцөлнө. Энэ нь барааны хомсдол үүсгэхэд хүрнэ гэсэн үг. Хэрсүү уншигч та анзаарсан бол Венесуэль, Зимбабве улсуудад яг ийм зүйл болсон доо. Дээрх улсууд нь эдийн засгийн ужиг хямралтай, нэг талыг барьсан явцуу бодлогынхоо хар гайгаар гиперинфляцтай болсон тул том мөнгөн дэвсгэрт гаргасан юм.
Монгол Улс финтек буюу санхүүгийн технологийн хөгжлөөрөө бүс нутагтаа тэргүүлдэг. Бүс нутгийн Япон, Солонгос улсуудаас ч бүр өмнө цахимаар төлбөр тооцоогоо шийдсэн нь судлаачдын анхаарлыг татдаг юм. Төгрөг гэдэг цахим хэлбэрт шилжээд иргэд кредит карт, интернэт банк зэргийг өдөр тутам ашиглаж байхад том мөнгөн дэвсгэртийн шаардлага үгүй. Мөнгө гэдэг 2006 оных шиг түрийвчинд түнтийхээ больсон цаг. Том мөнгөн тэмдэгт хэвлэх нь нийслэлчүүдийн хувьд ямар ч ашиггүй.
Хэрэв үнэхээр том мөнгөн тэмдэгт гаргалаа гэхэд ойрын хугацаанд хэрэгцээгүй болох магадлалтай. Бидний даган дуурайгаад, бадар бариад байдаг барууны улс орнууд том мөнгөн тэмдэгт хэвлэхгүйгээр цахим хэлбэр рүү шилжих бодлого баримталж байна. Европын холбооны улс орнууд ойрын хугацаанд мөнгөн тэмдэгтийн реформ хийж том дүнтэй дэвсгэртүүдийн тоог цөөлөх бодлого баримталж байна.
Монгол Улсад одоогоор 1-ээс 20 мянгатын 11 төрлийн цаасан дэвсгэрт гүйлгээнд байна. Үүнээс 1-ээс 10-тын дэвсгэртийн хэрэглээ маш бага хувийг эзэлдэг. Олон улсын судалгаагаар ч, манай дотоодын судалгаагаар ч төгрөгийн дийлэнх дэвсгэртүүд эдийн засагт гүйцэтгэх үүргээ хангалттай биелүүлж байгаа тул мөнгөн дэвсгэртийн реформ хийх цаг болоогүй гэж дүгнэдэг юм. Том дарга нар үнэхээр төгрөгийн үнэгүйдлийг бууруулах зорилго агуулж байгаа бол том дэвсгэрт хэвлэх санаагаа түр азнах хэрэгтэй. Үнэхээр төгрөгөө бодож байгаа бол инфляцаа дэвэргэхгүйхэн шиг цар тахлын ард гарахаа л бодох хэрэгтэй байна. Цар тахалд дарлуулахаас ч өмнө Засгийн газар Төв банкийг принтер гэж хардаг байсан. Гэхдээ эдийн засаг бага зэрэг сэргээд банкууд зээл гаргах сонирхолтой болоод ирэхийн цагт энэ бүгд яг урвуу хамаарлаар 6.6 хувьтай байгаа инфляцын түвшин 10 руу ойртоод, нэг кг махны үнэ 20 мянгад дөхөж мэднэ. Тэр цагт том дарга нар юу гэж хэлэх бол...
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 7 )
Ард түмэнд хэрэгтэй юм хийдэггүйшдээ авилгачид өөртөө л ашигтай зүйл хийсээр ирсэн үргэлжилж бна
Одоо мөнгө хармаалаад явж буй хүн тун цөөн болсон шүү.Авилгачид дансаа шалгуулахаас айгаад гэрээрээ хэдэн тэрбумаар нь хадгалдаг болсон цаг даа.Тэдэнд зориулсан юм байхдаа.
20 мянгатын 20 ширхэгийг оймсонд хийснээс 5 хан ширхэгийг хийчихвэл мэдэгдэхгүй ээ. Үнэн шүү.Текник технологи хөгжөөд Бүгдийг цахимд гэж байхад том мөнгө яриад байдаг нь сонин байна.Э/З тодорлоо гэж буруу Яриад байх юм.Инфляцд дарлуулчихаад үнэнийг хэлж чадахгүй ингэж тайлбарлана гэдэг мэдлэгийн хувтд дорой л байна даа.Том Э /З тай америк, хятад гээд том мөнгө гаргахгүй л байна шүү дээ.Харин зарим орон инфляцаа тавиад туучихгүйн тулд том мөнгөнийхөө ардаас тэрийг нь хасдаг юм
Хахууль авахад амар байдаг юм гэсэн ш дээ
Том дэвсгэрт одоо хэрэхвч хэвлэж болохгүй. ТО ДАРГА НАРАА. Хэрэглэгчид, иргэдийн олонх нь карт, цахим банкны үйлчилгээг ашиглаж хэвшээд байна шүүдээ. тОМ ДАРГА НАРАА АРД ТҮМНИЙХЭЭ АМЬДРАЛД НЭГ УДАА ОРООД ҮЗДЭЭ ЭСВЭЛ ЗӨВЛӨХҮҮДЭЭ ЦҮНХ БАРЬДАГ БИШ АРД ОЛНЫ ДУНД АМЬДАРДАГ ХҮМҮҮСЭЭР СОЛЬ.
20000 zadalj chadahgui bna shdee hudaldaa uilchilgeenii baiguullaguud chini
Үнэн шүү. Цар тахлын үед карт, электрон банк ашиглах нь эрс ихэссэн. Цаасан мөнгөний хэрэглээ эрс буурсан.