Элсэлтийн ерөнхий шалгалтын НЭГ Ч МАТЕРИАЛ ЗАДРААГҮЙ гэв

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 08 сарын 26

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2021.08.26/ их, дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Монгол Улсын хэмжээнд 88 их, дээд сургууль бий. Энд 147 мянга гаруй оюутан суралцах тооцоо байна. Хөдөө, орон нутгаас ирж байгаа 75 мянга гаруй оюутан орж ирнэ. Улс орон даяар элсэлтийн ерөнхий шалгалтыг амжилттай зохион байгууллаа. Нийт 40420 шалгуулагч бүртгүүлсэн. Үүнээс 91 хувь нь шалгалтаа өгч, батламж хуудсаа авч байна. Халдвар авч, элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөөгүй 170 шалгуулагч байна. Энэ бол тооцоолж байснаас бага тоо. Тэднээс ирэх есдүгээр сарын 2-5-нд элсэлтийн ерөнхий шалгалт авна. Хэрэв долдугаар сарын 1-4-ний хооронд элсэлтийн ерөнхий шалгалтыг авах байсан бол 3000 орчим хүүхэд шалгалтаа өгөх боломжгүй байдалд хүрэх байлаа. Түүнчлэн 10 мянга орчим багшаас 1000 орчим багш нь халдварын эрсдэлд байсан. Элсэлтийн ерөнхий шалгалтаар дамжиж халдвар тархах магадлал өндөр байсан. Энэ мэт маш том эрсдэл үүсэх байсан" хэмээн ярилаа. 

Үүнээс гадна Элсэлтийн ерөнхий шалгалтын нэг ч материал задраагүй гэдгийг салбарын сайд нь онцоллоо.

Тэрбээр "Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой олон хар мэдээлэл гарсан. Элсэлтийн ерөнхий шалгалтын нэг ч материал задраагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Харин нэг хүүхэд гар утсаа авч орсон, баригдсан. Элсэлтийн хэмжээст оноог буруу тогтоосон гэх гомдол гарсан. Энэ бол ташаа мэдээлэл юм" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top