Койн, койн л гэнэ эхлээд мэд, дараа нь арилжаанд оролц

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 01

Койны сэдэв хуучраагүй байна. Сайн ч, муу ч байсан нэг хүрэхгүй минутын дотор 30 тэрбум төгрөг босгосон. Хоёр дахь шатны арилжаа ирэх сарын 13-нд эхэлнэ. Тэр болтол их юм үзэх нь бололтой. Биржүүдтэй холбоотой гомдол ихээр гарч улмаар хөндлөнгийн аудит оруулахаа IHC койн хөгжүүлэгчид мэдээлсэн. Дэлхий дахинд шинэ тутам крипто арилжаа монголчуудад шинэ содон,  сонсголонтой учраас залуус голцуу шуурцгааж байна. Шинэ зүйл эхэлж байгаа зохион байгуулагчдад буруу байхгүй ч дүрэмгүй шахуу энэ салбарт дуун дээр бүх зүйлээрээ бооцоо тавиад орж болохгүй гэдгийг мэргэжилтнүүд сануулсаар байна. Яг энэ нийтлэлийг бичиж байх хооронд Олон улсын валютын сангаас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд аливаа криптовалютын ханш өндөр хэлбэлзэлтэй байдаг нь хүлээн зөвшөөрөгдсөн валютын шалгуурыг хангахгүй байгаа бөгөөд дэлхий дахинд криптовалютын эрэлт нэмэгдэж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Дэлхий дахин шинэ зүйлд бэлтгэлгүй байгааг үүнээс харж болно. Тиймээс дэлхий дахинд криптовалютын арилжаа хийхдээ сэрэмжтэй байхыг анхааруулсан.

Хүн гэдэг амьтан шинэ зүйлд гайхаж хандана. Койн гаргасан залуусыг хардаж сэрдээд байгаадаа ч биш хүн гэдэг амьтны төрөлхийн инстинктэрээ энэ асуудалд эргэлзэж хандсан юм. Олон залуус тэр дундаа нийгэмд сошиал хуудсаар нөлөөлөх болсон залуусын маркетингаар хошуурч байгаа болохоор Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагаас мэдэгдэл гаргаж анхааруулсан. Учир нь энэ салбарт дүрэм, журам тодорхой болоогүй байгаа учраас тэр. Яг одоо бол Монгол Улсад цахим мөнгө гэж чухам юу болохыг Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар тодорхойлсон байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө 2017 оны тавдугаар сард батлагдсан энэ хуулиар Цахим мөнгөтэй холбоотой тусгай бүлэг оруулсан нь нэлээд шинэлэг зүйл байлаа. Хуульд цахим мөнгө, түүний шинжүүдийг тодорхойлж, Монголбанкнаас зөвшөөрөл олгох, хяналт тавих эрхийг хуульчилснаар цахим мөнгөний хэрэглээнд үүсэж болох төөрөгдөл, мөнгөний нийлүүлэлтэд үзүүлэх сөрөг үр дагаврыг бууруулсан ч гэж үзэх талтай.  Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.1.25-д “Цахим мөнгө гэж Монгол Улсын мөнгөн тэмдэгт-төгрөгтэй адил үнэ цэн бүхий Монголбанкны зөвшөөрөлтэй гаргасан бэлэн бус төлбөрийн хэрэгслийг хэлнэ” гэж тодорхойлжээ.

Мөн хуулийн 35 дугаар зүйлд Цахим мөнгө болон цахим мөнгө гаргагчид тавих шаардлагыг зохицуулсан байна. Тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т Цахим мөнгө нь мөнгөн дүн нь цахим хэлбэрээр хадлагдсан, мөнгөн хөрөнгөөр баталгаажсан, цахим мөнгө гаргач нь түүний харилцагчаас бусад гуравдагч этгээд төлбөрт хүлээн зөвшөөрсөн, цахим мөнгө нь мөнгөн хөрөнгөд, мөнгөн хөрөнгө нь цахим мөнгөнд чөлөөтэй хөрвөх чадвартай” байна гэдгийг заасан байх юм. Хэрэв аливаа нэг этгээд цахим мөнгө гаргахаар болсон бол Монголбанканд хүсэлт илгээх бөгөөд эцсийн байдлаар зөвшөөрсний дараа төлбөрийн системд нийлүүлэх боломжтой болох ажээ. Түүнчлэн цахим мөнгө нь зээлийн эх үүсвэр болохгүй, харилцан хөрвүүлэх үүргийг цахим мөнгө гаргагч хүлээнэ гэдгийг ч тодорхой тусгасан байна.

Та бүхэн мэдээллийн цахим хуудсуудаар “Виртуаль хөрөнгийн эх үүсвэрийн тухай хуулийн хэлэлцүүлэг өрнөсөөр байгааг харсан байх. Энэ хууль криптовалютыг тусгах хамгийн анхны алхам байна гэж байгаа ч хууль санаачлагчдын зүгээс ямар нэгэн баталсан тайлбар хийгээгүй. Виртуаль хөрөнгө гээчийг ойлгохдоо барууны улсууд криптовалютаас салгаж ойлгосон байдаг. Гэтэл манайд виртуаль хөрөнгийн дэд бүтэцгүй мөртлөө хууль санаачлах гэж байгаа нь хэн нэгний лобби яваад байгааг ч үгүйсгэхгүй.

“Монголд хууль боловсруулахад судалгаа маш муу хийдэг, араас нь түүнийгээ байнга өөрчилж байдаг. Энэ хууль дээр маш болгоомжтой, шинжлэх ухаанчаар мөн чанарыг нь ойлгож хандах хэрэгтэй. Олон дахин нягтлах ёстой. Хууль батлахдаа юуг нь ч ойлгохгүйгээр махчилж орчуулдаг гэм бий. Битгий л ингэж хандаасай гэж хүсэх байна” гэж эдийн засагч Х.Батсуурь ярьсан юм. Европын холбоо энэ тухай хууль батлах тухай яриа өнгөрсөн жил өрнөж байсан ч судалгаа дутуу гэх шалтгаанаар хэлэлцэхээ зогсоосон. Зах зээл дээр Биткойны ханш өсөөд эхэлмэгц хошуурагчдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул Олон улсын валютын сангаас мэдэгдэл гаргажээ.

Орчин цагт дараах гурван төрлийн шаардлагыг хангаж байгаа эсэхээр мөнгө гэж нэрлэх үү, үгүй гэдгийг тогтдог. Нэгдүгээрт, аливаа зүйлийн үнийг хэмжих нэгж байж чадаж байна уу, хоёрдугаарт, чөлөөтэй хөрвөх төлбөр, тооцооны хэрэгсэл болж чадаж байна уу, гуравдугаарт үнэ цэнээ удаан хугацаанд тогтвортой хадгалж чадаж уу гэх гурван шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлдог байна. Харин дэлхий нийтийн шуураад байгаа крипто валютуудын хувьд дараах шаардлагуудыг зарим талаар хангаж чадахгүй байна. Жишээлбэл ямар нэгэн койноор хүссэн дэлгүүртээ ороод худалдаж авч чадаж байгаа юу, үнийн хувьд хэлбэлзэлгүй байж чадаж байгаа гэдэг эргэлзээтэй. Та бодоод үз дээ дэлхийн хамгийн итгэлтэй гэгдэж буй биткойны ханш өнгөрсөн дөрөвдүгээр сард 65 мянган долларт хүрч байсан бол хоёр сарын дараа энэ дүнгийн талаас бага хувь хүртэл буурсан. Ханшийн ийм савлагаа хөрөнгийн зах зээлд ч байдаггүй. Хормын дотор үнэ нь огцом өсөж, эсвэл бууж байдагт л криптовалютад чухам итгэж болох уу гэдэг эргэлзээг төрүүлээд байгаа юм.

АНУ-ын Хөрөнгийн зах зээлийн арилжааны комиссоос гаргасан судалгаа бий. Америк даяар койны арилжаанд оролцож буй 10 тутмын тав нь криптовалют, блокчейн технологийн талаар мэдлэггүй, таван хүн тутмын нэг нь хөрөнгийн зах зээлийн арилжааны талаар ойлголтгүй болох нь тогтоогджээ. Үүнээс хэрсүү уншигч та нэг зүйлийг бодож байгаа байх. Хүн мэдэхгүй байх тусмаа илүү том бооцоо тавина. Хэрвээ мэдээд эхэлбэл бооцооны хэмжээ арай багасдаг. Тийм ч учраас тус хорооноос сошиал сүлжээний цахим хуудсуудаар хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн энэ төрлийн сурталчилгаа явуулахгүй байхыг анхааруулаад байна. Барууны улс орнуудыг хараад байхад криптовалютын арилжаанд оролцохыг олны танил одууд сурталчлахгүй байна. Харин зах зээлээс их хэмжээний ашиг олоод, өөрийн байр сууриа баталгаажуулсан бизмесменүүд “Бодож нүү” гэдгийг сануулсаар буй. АНУ-ын Холбооны нөөцийн банк ч энэ асуудалд уламжлалт байр суурьнаас хандаж байгаа. Дэлхий дахин цар тахал гэдэг аюултай нүүр тулаад одоо тэсэж гарах эсэхээ дэнсэлж байгаа цаг мөчид криптовалют зэргээс шалтгаалсан хөөс хагараад эхэлбэл эдийн засаг сэргэхэд цаг хугацаа шаардагдана. Тийм ч учраас ОУВС, Европын төв банк зэрэг санхүүгийн томоохон байгууллагууд мэдэгдэл гаргаад удаагүй байна.

Цөөн хэдэн улсын Төв банкууд крипто валюттай холбогдох зохицуулалт боловсруулжээ. Гэхдээ дээрх зохицуулалтын гол зорилго нь зах зээлд оролцогчдыг тэгш байдлаар хангах, цаашлаад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эх үүсвэр болгохоос сэргийлсэн төдий л агуулгатай. Нэг зүйлийг сануулахад эрсдлээс эмээсэн улс орнууд бүх төрлийн койны арилжааг хориглоод байгаа. Нэг үгээр хэлэхэд улс орнууд процессыг яг одоогоор ажиглаж байна. Ердөө дөрвөн жилийн өмнө дэлхийн 90 орчим улсын төв банк энэ талаар судалж байсан бол энэ тоо дөрвөн жилийн дотор 140 орчим болж нэмэгджээ. Тухайлбал Япон улс криптовалютын арилжааг ойрын хугацаанд хүлээн зөвшөөрөх бодлоготой байгаа бол Өмнөд Солонгос, БНХАУ зэрэг улсууд арилжааг хориглодог. Учир нь тооцоолох боломжгүй учраас тэр.  Төв банкуудын байр суурь, крипто валютын ирээдүй зэргээс харвал Төв банкууд алс хэтдээ крипто валютыг хуулиар зангидахаас гадна, өөрсдөө ч крипто валют гаргахаар төлөвлөж байна. Сүүлд Колумб, Венесуэль, Хондурас улсууд биткойны дотоодын арилжааг хүлээн зөвшөөрч “Биткойн” бэлэн мөнгөний машин суурилуулсан. Тэртээ тэргүй макро эдийн засгийн асуудалтай байгаа дээрх улс орнуудыг энэ асуудалдаа бодлоготой хандахыг донор орнуудаас уриалсаар байна. Түүнчлэн иргэд нь ч шинэ содон шийдвэртэй тэмцэхээр гудамжинд жагсаж буй.

Үүнээс хараад уншигч та нэгийг бодож хоёрыг тунгаасан байх. Тэгээд ч IHC арилжаалсны дараа тухайн бирж дээр асуудал, хийдэл үүсээд хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн. Энэ нь юу хэлээд байна вэ гэвэл санаалчилсан хүмүүсдээ ч биш элдэв криптовалют арилжаалах дэд бүтэц монголд бүрдээгүйтэй л холбоотой. Нэг ёсондоо бирж гэж нэрлэсэн хэдийг нь зохицуулахгүй бол цаашид алив арилжаа хийдэлтэй болох нь гарцаагүй. Хийж бүтээх гэж буй хүмүүсийг нь бус биржийнх нь арилжааг зохицуулчихбал хаа хаанаа амар байхсан. Дэд бүтэцгүй ямар ч салбарыг аврагч Христ ч ирээд авардаггүй гэдгийг дэлхийн түүх гэрчилнэ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top