Д.Даваасүрэн: Сурагчдын хичээлийн хоцрогдлыг нөхөхөд багш нарт арга зүйн дэмжлэгийг үе шаттай үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 07

Ковид-19 цар тахлын нөхцөл байдал хичээл, сургуулийн үйл ажиллагаанд доголдол үүсгэж, улмаар “Монгол Улсын хэмжээнд 180 мянга гаруй хүүхэд цахим сургалтад хамрагдаж чадаагүй байна” гэсэн судалгааг гаргажээ. Судалгаа болон нөхцөл байдлыг үндэслээд Боловсрол, шинжлэх ухааны яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт зэрэг төр, захиргааны байгууллагуудаас сурагчдын хичээлийн хоцрогдлыг гурван жилийн хугацаанд нөхөх, арилгах төлөвлөгөөг 2021-2022 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ талаар болон багшийн мэргэжил, арга зүйг сайжруулах сургалтуудын талаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Бүртгэл, төлөвлөлт, мэдээллийн албаны дарга Д.Даваасүрэнтэй ярилцлаа.


 

-Ковид-19 цар тахал гараад хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд дэлхий дахинд төдийгүй Монгол Улсад хичээл, сургуулийн үйл ажиллагаанд өөрчлөлт орж, цахимаар голдуу суралцах болсон. Цахим сургалтын давуу болон сул талаас  яриагаа эхлүүлье?

-Цар тахлын улмаас танхимын хичээл хоёр жил орчим хугацаанд тасалдлаа. Сурагчдад тодорхой хэмжээний хичээл сургалтын үйл ажиллагааны алдагдал үүсээд байна. Монгол Улсад цахим хичээлд тодорхой шалтгаануудын улмаас хамрагдаж чадаагүй 180 мянга гаруй хүүхэд байна гэсэн судалгаа гарсан. Жишээлбэл, хөдөө отроор явсан хүүхдүүд, нэг айлын олон хүүхэд улсын сургуульд суралцахад интернэт төхөөрөмж, телевиз, гар утасны хүртээмжгүй байдлаас цахим хичээлд хамрагдаж чадаагүй байна. Цахим сургалтын хувьд давуу болон сул талууд аль аль нь бий. Мэдээж багштайгаа нүүр тулж харилцдаг танхимын сургалтыг цахим сургалт бүрэн орлож чадахгүй. Тиймээс хүүхдүүдийн эзэмших ёстой байсан мэдлэг, тухайн насандаа эзэмших ёстой чадварт тодорхой алдагдал үүссэн гэж үзэж байгаа. Энэ хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2021-2022 оны хичээлийн жилээс хэрэгжиж эхлэх гурван жилийн цогц төлөвлөгөөг боловсруулсан. Гурван жилд сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах үйл ажиллагааны удирдамж, төлөвлөгөө, түүнийг дагалдан гарч байгаа сурагчдын нийгэм, сэтгэлзүйн байдлыг дэмжих “Ногоон гэрэл” үйл ажиллагааны удирдамж, төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэх юм.

-Энэ хичээлийн жилээс эхлээд гурван жилд сурагчдын хичээлийн хоцрогдлыг нөхөх арга хэмжээг зохион байгуулах юм байна. Ямар ажлууд хийх вэ?

-Эхний ээлжид өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр багш нар, сургуулийн удирдах ажилтнууд, боловсролын газрын удирдлага, мэргэжилтнүүдэд хичээлийн хоцрогдлыг нөхөх удирдамж, төлөвлөгөөг ойлгуулах, хичээл сургалтын байгууллагын менежмент, арга зүйд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Сурлагын хоцрогдлыг нөхөх арилгахад дэмжлэг үзүүлэх” гэсэн нэртэй сургалтыг цахимаар зохион байгууллаа. Тус сургалтыг зохион байгуулахад Боловсрол, шинжлэх ухааны яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв зэрэг байгууллага хамтарч ажилласан. Анх удаа 100 хувь цахимаар шууд холболт хийж, сошиал хуудсаар видео дамжуулалт хийх аргаар 48 мянга гаруй багш нарт сургалт зохион байгуулсан. Сургалтыг Азийн хөгжлийн банкны “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх” нэртэй төслөөр санхүүжүүлсэн. Мөн сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах төлөвлөгөөний хүрээнд сурагчдад хэрэглүүлэхээр “Сурагчдын бие даан ажиллах дасгал ажлын дэвтэр”-ийг боловсруулахад Азийн хөгжлийн банкнаас дахин санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Улсын хэмжээнд зохион байгуулсан энэ сургалтаас гадна нийт сурагчдын сурлагын хоцрогдлыг арилгахад багш нарт арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс тасралтгүй үйл ажиллагаа явуулах юм. Хичээлийн хоцрогдлыг нөхөх, арилгахад багш нарын арга зүйд дэмжлэг үзүүлэх гол чиглэл бол цахим болон зайны сургалтыг хэрхэн явуулахад чиглэнэ. Бид болдог бол 100 хувь танхимаар хичээллэмээр байна. Танхимаар нүүр тулсан байдлаар явж байгаа хичээл, зайнаас дэлгэцийн цаанаас явж байгаа хичээлийг харьцуулах аргагүй шүү дээ.

-2021-2022 оны хичээлийн жилд багш нар ямар сургалтуудад хамрагдах хуваарьтай байгаа вэ?

-Энэ хичээлийн жилийн бэлтгэлийг хангах, сургалтын хоцрогдлыг нөхөх хамгийн том сургалтад түрүүнд хэлснээр 48 мянга гаруй багш хамрагдсан гэсэн үг. Ирэх арав, арваннэгдүгээр сард улсын хэмжээний бүх сургуулийн багш нарт ажлын байран дээр нь очиж, зөвлөн туслах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Жил бүр уламжлал болсон багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад нэг болон тав, 10 дахь жилдээ ажиллаж байгаа ЕБС-ийн багш, ажилтан, удирдлагууд хамрагддаг. Энэ хичээлийн жилийн сургалтыг аравдугаар сард бүртгэл, статистикаа гаргаад төсвөө зохиож, 2022 оны нэгдүгээр сараас цахимаар зохион байгуулна. Түүнчлэн багш нарын цахим сургалтын арга зүй, хосолсон сургалтын арга зүйд дэмжлэг үзүүлэх, төрөлжсөн болон захиалгат, сонголтот сургалтуудыг зохион байгуулна. Сонголтот сургалт гэдэг нь багш нарын хэрэгцээний асуулгын үр дүнд суурилж сургалтын модулиудыг боловсруулдаг. Жишээлбэл, “Бага насны хүүхдийн хөгжилд дэмжлэг үзүүлэх” гэдэг ч юм уу тодорхой сэдвээр сургалтын хөтөлбөрүүдийг санал болгож, тэндээс багш нар өөрийнхөө хэрэгцээтэй гэсэн сургалтыг сонгож авч, хамрагддаг. Төрөлжсөн сургалт гэхээр цаг үеийн хэрэгцээ шаардлага юу байна, багш нарт тусгайлан дэмжлэг үзүүлэх агуулга юу байна гэдэгт үндэслэн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран сургалт зохион байгуулдаг. Захиалгат сургалтаар тухайн сургалтын байгууллага багш ажилтнуудынхаа мэргэжлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх үүднээс агуулгаа тодорхойлоод манайд захиалга ирүүлж болдог. Захиалгын дагуу сургалт явуулах багийг бүрдүүлж тухайн газарт нь очиж сургалт явуулдаг. Сургалт болон багш нарын арга зүйн дэмжлэгийн талаар хуваарь, мэдээллийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн цахим хаягаас цаг тухай бүрд нь авч болно.

-Хэрвээ цаашдаа ч гэсэн цахимаар хичээллэх шаардлага гарвал бэлтгэл хэр хангаж байна вэ?

-100 хувь бэлтгэлтэй байна гэж хэлэхэд хэцүү ч бид өнгөрсөн хоёр жилд цахим болон теле хичээл, зайны сургалт явуулах тодорхой хэмжээний туршлагыг хуримтлуулсан. Туршлагаа илүү боловсронгуй, хүртээмжтэй болгох тал дээр анхаарч ажиллаж байна. Сурагчдын оролцоотойгоор танхимын болон зайны хосолсон сургалт зохион байгуулах шаардлага хэзээд үүсэж магадгүй. Одоо ч гэсэн Ковид-19 цар тахлын улмаас хүүхдээ танхимын сургалтад хамруулах уу, шууд цахим сургалтад хамруулах уу гэсэн сонголт эцэг, эхчүүдэд байна. Тиймээс танхим, цахим хосолсон сургалт явуулах арга зүйд түлхүү анхаарч байгаа. Хосолсон сургалтын арга зүйгээр хичээл явуулах жишиг контентуудыг бэлтгэж багш нарт хүргэх зорилготой байна. Сургуулийн өмнөх болон бага боловсрол эзэмшиж байгаа сурагчдад цахим интерактив буюу хүүхэд өөрийн оролцоотойгоор туршиж, хийж үздэг хичээлүүдийг бүрдүүлж баяжуулах ажлуудыг хийнэ. 2020-2021 оны хичээлийн жилд төсөл, хөтөлбөрүүдийн дэмжлэгтэйгээр 1-12 дугаар ангийн зарим хичээл тус бүрд нэгээс гурван интерактив хичээл, контентуудийг бэлтгэж econtent.edu.mn сайтад оруулсан байдаг. Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсрол, бага боловсролын хичээлийн агуулгыг илүү баяжуулах юм. Харин багш нарын хөгжлийг дэмжихийн тулд цахим сургалтын платформыг үргэлжлүүлэх, тус платформ дээр багш нарыгаа байнгын оролцоотой байлгахын тулд дахин контентууд бэлтгэж, хүргэж, багш нарын өөрсдийнх нь хамтын ажиллагаагаар жишиг, сайн туршлагуудыг гаргаж, түгээх зэргээр ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөж байна. Хэрвээ бүрэн цахимаар хичээллэх нөхцөлтэй тулгарвал үүнд бэлэн байхын тулд дасан зохицох, багш нь зайнаас болон цахимаар сургалтаа хэрхэн явуулах вэ, хүүхэд зайнаас болон цахимаар хэрхэн суралцах вэ гэдэгт сайтар суралцах хэрэгтэй.

-2024 оныг хүртэл сурагчдын хичээлийн хоцрогдлыг нөхөхийн тулд контент боловсруулах, багш нарыг арга зүйгээр дэмжих зэргээр олон төлөвлөгөө гаргажээ. Энэ бүхний үр дүнг хэрхэн төсөөлж байна вэ. Гурван жилийн дараа хичээлийн хоцрогдол арилах уу. Ялангуяа бага ангийн хүүхдүүдэд уншиж, бичихээс эхлээд асуудал их тулгарч байна шүү дээ?

-Хоёр жилийн хичээл, сургалтын агуулга, чадварын хоцрогдлыг нэг жилд, хэдэн сард огцом арилгах боломжгүй. Тийм учраас 2021-2022 оны хичээлийн жилд ЕБС, сургуулийн өмнөх боловсролын салбарт баримталж байгаа бодлого бол хүүхдүүдийн нийгэм, сэтгэлзүйн байдлыг нь дэмжих, сургууль, цэцэрлэгтээ дасан зохицох суурь чадваруудад түлхүү анхаарч, сурлагын хоцрогдлыг үе шаттай арилгах зорилтыг тавьж байгаа. Дараагийн хичээлийн жилээс сурлагын хоцрогдлыг арилгах үйл ажиллагаа 50 хувьтай, тухайн ангидаа буюу хүүхдийн насандаа байх ёстой чадварыг эзэмшихэд цаг хугацаагаа зарцуулна. Гурав дахь хичээлийн жилээсээ сурлагын хоцрогдлыг 70 хувиас дээш нөхөх байдлаар гэдэг ч юм уу мэдээж хамгийн өндөр үр дүнд хүрэхийн тулд хичээж ажиллана. 

-Тэгвэл Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн хувьд улсын хэмжээнд ажиллаж байгаа бүх багш бүртгэлтэй байдаг уу. Зохион байгуулж байгаа сургалт, үйл ажиллагаанд нь хэр олон багш хамрагддаг вэ?

-Ерөнхий боловсролын сургуулийн 37 мянга гаруй багш, сургуулийн өмнөх боловсролын 11 мянга гаруй багшийн бүртгэл, статистик, мэдээллүүд манай дээр байдаг. Тэдэнд хандсан үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. 2020 оноос Дээд боловсролын багшийн хөгжлийн алба гэж бас байгуулагдсан.

-Сурагчдын хичээлийн хоцрогдлыг нөхөхөд багш нарын ямар чадварыг хөгжүүлэх хэрэгцээ их байна вэ?

-Сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхнө гэдэг багшгүйгээр хэрэгжих боломжгүй. Ялангуяа хосолсон сургалтын арга зүйг хэрэгжүүлэхэд багш нар өөрсдөө илүү чадваржих хэрэгцээ байнга тулгамдаж байдаг. Жишээлбэл, цахим сургалтыг яаж явуулах вэ, яаж хямд төсөр боломжоор зайны сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг бэлтгэж хүүхдүүддээ хүргэх вэ зэрэгт анхаарах хэрэгтэй байгаа. Багш нарынхаа арга зүйд дэмжлэг үзүүлж, тулгамдаад байгаа чадварууд болох мэдээлэл харилцааны технологийг ашиглаад зайны хичээл, видео хичээл, интерактив хичээл бэлтгэх, хүүхдүүдэд илүү сонирхолтой байхаар контентуудыг бэлтгэх, танхимд сургалтаа явуулахдаа шинэлэг, оролцоонд суурилсан арга зүйгээр явуулахад дэмжлэг үзүүлэхэд бид хамтарч ажилладаг.

-Танай байгууллагаас багшлах эрхийн үнэмлэхийг олгож байгаа хэвээрээ юу?

-2019 онд Багшлах эрх мэргэжлийн зэрэг олгох журам шинэчлэгдэхэд 2013 он хүртэл хэрэгжиж байсан өмнөх журам нь хүчингүй болсон. Одоогоор Багшийн хөгжлийн тухай хуулиар бол багш мэргэжлээр их, дээд сургууль төгссөн хүн болгон багшлах эрхтэй. Өөрөөр хэлбэл, багш мэргэжлээр их, дээд сургуулийг төгссөн хүн заавал багшлах эрхийн үнэмлэх авч байж дунд сургуульд багшлах шаардлага тавигдахгүй байгаа. Тиймээс багшлах эрх мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг манай байгууллага явуулахгүй байна. Багш мэргэжлийн диплом нь байгаа бол багшлах эрхтэй л гэсэн үг.

-Энэ хичээлийн жилд багш солилцооны хөтөлбөр яаж хэрэгжих вэ?

-Монгол, Солонгосын багш солилцооны хөтөлбөр 2012 оноос хойш жил болгон хэрэгжиж байна. Солонгосын талаас багш нар Монголд ирдэг, Монголын талаас багш нар Солонгосын бага сургуулиудад багшилдаг. Хоёр орны соёлын солилцоо, тэр дундаа боловсролын салбар дахь арга туршлагаа солилцох, багш нар харилцан нэгнээсээ суралцах зорилгоор хөтөлбөр явж ирсэн. Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас болоод энэ жилийн тухайд багш солилцооны хөтөлбөр 100 хувь цахимаар явахаар болж байна. Монгол төдийгүй олон улсад ч иймэрхүү хөтөлбөр цахим болж байна. Тиймээс англи юм уу солонгос хэлээр бүрэн ойлголцох чадвартай багшийг солилцооны хөтөлбөрт хамруулах шаардлага гарсан. Бид шаардлагын дагуу дөрвөн багшийг сонгоод, арваннэгдүгээр сараас солилцооны хөтөлбөрт цахимаар хамруулна.

-Багш нартай харилцах, сургалт явуулах, мэдээлэл солилцоход коронавирусний нөхцөл байдал хүндрэл үүсгэж байна уу. Багш солилцооны хөтөлбөр шиг сургалтууд ихэвчлэн цахимаар болж ирэв үү?

-Цар тахлаас өмнө багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг танхим голлож явуулж байсан хэдий ч ер нь 2014 оноос хойш багш нарыг ажлын байрнаасаа мэргэжлээ дээшлүүлэх боломжийг түлхүү олгох үүднээс цахим болон танхимын сургалтыг хослуулж явуулж эхэлсэн. 2019 оноос хойш цар тахлын үед хоёр жил цахимаар багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг явуулсан. Нэг талаасаа багш нар ажлын байран дээрээсээ зардал гаргахгүйгээр, хол замд ирж очихгүй сургалтад хамрагдах нь давуу талтай. Нөгөө талаас ялангуяа хөдөө орон нутаг, алслагдсан сумдад интернэтийн хүчин чадал нь хүрэхгүй байх эсвэл багшийн хэрэглэж байгаа нөүтбүүк, компьютерийн хүчин чадал хүртээмжгүй, хүрэлцэхгүй байх явдал гардаг. Гэхдээ бид энэ асуудлаа шийдвэрлээд цахимаар сургалтаа хоёр жилийн хугацаанд зохион байгуулж, багш нарыг 90-ээс дээш хувьтай хамруулсан байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Санаа(172.69.252.140) 2021 оны 09 сарын 10

Яам, хүрээлэн, БМИД 3т ажлын уялдаа холбоо бна уу. Яам нэг өөр юм ярих, БМИД нь нэг өөр ярих. Сургууль дээр учраа олж бгаа юм ер алга. Цахим сургалт үр дүн муутай болсон. Маш их тасалдсан гацсан. Сүүлдээ аргаа бараад гарсан. Сургуулийн удирдлага зөв оновчтой зрхицуулалт хийж чадахгүй зарим сургууль багш сурагчдад маш их ачаалал өгч шахаж бна. Мэдэх юм алга.

0  |  0
Top