Тайзаа гэрэлтүүлж, Театраа нээе

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 08

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор “Соёл, урлагийн ажилтны өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 2 дахь долоо хоногийн ням гаригт тэмдэглэн өнгөрүүлж ирсэн уламжлалтай. Энэ өдөр тун удахгүй тохиох гэж байна. Соёл урлагийн салбарынхан цар тахлын улмаас театраа хаалгаад тайзнаасаа буугаад чимээ аниргүйхэн хоёр жилийн нүүрийг үзлээ. Хошин урлагийнхан энд тэнд хурим найр хөтөлж, дуучид ямар нэг байгууллагын нүүр царай болж байгаа харагдана. Зарим нь хувийн бизнес, төрийн алба гээд өөр өөрийн замаа бодоод эхэлжээ. Зун намрын цагт найр наадам хавтгайрч хүмүүсийн бөөгнөрөл замбараагаа алдсан.

Тэртээ тэргүй бөөгнөрч байгаа юм чинь хүн хоорондын зай барих, халдвар хамгааллын дэглэмийг сахих зарчмаар театр, соёлын орднуудаа нээвэл яасан юм бэ. Урлагийнхан тоглолтынхоо орлогоор амьдарч, тайзан дээрээ л жаргадаг улс шүү дээ. Сонгууль болохоор вирус тардаггүй хэр нь дуулахаар вирус тарчих гээд байна уу, бүжиглэхээр тахал дэгдчих гээд байна уу. Ард түмэн урлаг уран сайхнаар цангаж байна шүү. Урлаг бол бидний амьдарч буй цаг үеийн соёлын илэрхийлэл агаад сэтгэлгээний илэрхийлэл, гоо зүйн хүмүүжил юм. Хүн төрөлхтөн урлаггүйгээр орших боломжгүй бөгөөд баяр цэнгэл, гуниг харуусал, хайр бахдалыг урлагаар дамжуулан хүний сэтгэл зүрх хөглөгдөж байдаг билээ.Тиймээс зүрхэнд гэгээ нэмж хорвоог тэтгэдэг урлагийн салбарын тайзаа гэрэлтүүлж, театраа нээе.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top