Г.Отгонтамир: Жолооны үнэмлэхэд оногдуулсан торгуулиа “E-mongolia”-аар төлөх боломжтой

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 07

Жолооны үнэмлэхийн торгуулиа төлж чадахгүйгээс үүдэн хугацаа дууссан үнэмлэхээ дахин захиалж чадахгүй байгаа гэх иргэн манай сайтад хандсан. Үүний дагуу торгуулиа хэрхэн төлөх талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамираас тодрууллаа.

Тэрбээр “Замын хөдөлгөөнд оролцож байгаа дүрэм зөрчсөн жолоочид цагдаагийн албан хаагч торгуулийн арга хэмжээ тооцдог. Энэ үед иргэд өөрсдийн хайнга, санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалж торгуулийн хуудсыг мартах, хаях тохиолдол гардаг.

Хэрэв торгуулийн хуудас байхгүй бол “E-mongolia” аппликэйшн рүү хандсанаар бар кодын дагуу торгуулиа тушаах бүрэн бололцоотой.

Иргэд маань ойролцоо гудамж, зам дээр зогсож байгаа албан хаагчдаар өөрийнхөө дугаарыг шүүлгэхийн тулд иргэний үнэмлэх, бичиг баримтаа үзүүлнэ. Хэрэв байхгүй тохиолдолд цагдаагийн албан хаагчид байгаа багажаар шүүлгэхээр мэдээлэл нь гараад ирэх бүрэн боломжтой байгаа. Тэгэхээр иргэд маань тухайн тээврийн хэрэгслийнхээ торгуулийг, эсвэл тухайн иргэн маань өөрсдөө замын хөдөлгөөнд оролцож байгаад жолооны үнэмлэхээрээ торгуулсан, торгуулын хуудас байхгүй бол “e-mongolia” аппликэйшнээр дамжуулан төлж болно” гэлээ.

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай хэлтэст өдөрт хамгийн багадаа 310-320 зам тээврийн ослын дуудлага мэдээлэл ирдэг байна. Тиймээс замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийг дүрмээ зөрчихгүйгээр, соёлтой оролцох хэрэгтэй байгааг хэлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top