Ц.Мөнхцэцэг: Хамгийн хурдацтай хөгжиж буй спорт бол дугуй

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 07

-Монголын дугуйн холбооны Удирдах зөвлөл хуралдаж, дугуйн спортын цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцов-

 

Түгжрэлийн улирал эхэлж, зуны дулаан цаг ард хоцорч байна. Сүүлийн жилүүдэд нийслэлийн иргэд унадаг дугуй унах нь олширсон. Ялангуяа дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед хамгийн эрсдэл багатай унаа, нийтийн тээврийн нэг гэдгийг экспертүүд хэлж буй. Иймд дугуйн спортыг бүх талаар хөгжүүлэх нь Монголын биеийн тамир, спортын хөгжил, хүн амын эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чухал ач холбогдолтой юм.

2021 оны есдүгээр сарын 04-ний өдөр Монголын дугуйн холбооны Удирдах зөвлөлийн хуралдаан болж, Монголын дугуйн спортын өнөөгийн байдал, тив, дэлхийн аваргын тэмцээн уралдаанд гаргаж буй ололт амжилт, мэргэжлийн болон сонирхогчдын түвшний уралдаан тэмцээнүүд, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцож, тодорхой шийдвэрүүд гаргав.

Хуралдаанд Монголын дугуйн холбооны дэд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг оролцов. Тэрээр хөнгөн атлетикийн тамирчин бөгөөд сүүлийн жилүүдэд дугуйн спортоор хичээллэж байгаа юм. Ц.Мөнхцэцэг гишүүн тамирчин хүний хувьд УИХ дахь Биеийн тамир спортыг дэмжих бүлгийг мөн ахалдаг.

Ц.Мөнхцэцэг гишүүн цар тахлын улмаас дийлэнх спортын төрлийн бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаан тасалдаж, хичээллэгчид, тамирчдын тоо цөөрч байгаа өнөө үед хамгийн амжилттай явж буй спортын төрөл бол дугуйн спорт гэдгийг онцлов.

 Мөн дэлхийн жишгийн дагуу дугуйн зам талбайг өргөтгөж, дугуйчдад ээлтэй орчин бүрдүүлэхийн зэрэгцээ дугуйн спортын тодорхой төрлүүд болох уулын дугуй, ВМХ дугуй, дугуйн аялал, сонирхогчдын дугуйг хөгжүүлэх ёстойг тэмдэглэлээ. Дашрамд дурдахад, Монголын дугуйн холбоо цар тахлын нөхцөлд УОК, НОК-ийн гаргаж буй халдвар хамгааллын дэглэм, журмын дор тэмцээн уралдаануудаа явуулж, шинээр олон тамирчин, сонирхогч, хүүхэд залуусыг дугуйчдын эгнээнд татаж чаджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top