Төв аймгийн Жаргалант, Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд болсон газар хөдлөлттэй холбогдуулан ОБЕГ-аас тайлбар мэдээлэл өглөө.
ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын тасгийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн " Баян-Өлгий аймгаас ирүүлсэн мэдээллээр иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй. Учирсан хохирол байхгүй гэх мэдээллийг өгсөн. Төв аймгийн нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлт нь Улаанбаатараас гадна таван аймгийн нутгаар мэдрэгдсэн байна. Тодруулбал Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх сумдаар болон Улаанбаатар хотод мэдрэгдсэн. Бид Төв аймгийн Жаргалант сумын засаг даргатай Онцгой байдлын газрын удирдлагаар дамжуулан холбогдоход газар хөдлөлт болсон хэсгүүдэд очиж ажиллаж байна, одоогоор учирсан хохирол байхгүй гэж мэдээлсэн. Улаанбаатар хотын хэмжээнд өчигдөр орой болсон газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд харилцан адилгүй мэдрэгдсэн байна. Иргэд чичирхийлэл мэдрэгдсэний дараа гэрээсээ гарч, Онцгой байдлын байгууллага руу нэлээдгүй залгаж, мэдэгдсэн. Хөрсний хурдтгал хэмжих багажаар Богд уул, Хүрэл тогоотын сав газарт бүртгэгдсэн мэдээллээр таван магнитудын газар хөдлөлт нь гурван баллын чичирхийлэл үүсгэсэн байна.
Улаанбаатар хотод зарлан мэдээлэх 60 цамхаг байдаг. Энэ удаагийн газар хөдлөлт аюулын хэмжээнд хүрээгүй учраас зарлан мэдээлэх цамхаг дуугараагүй. Тиймээс иргэд сандрахгүй, тайван байх хэрэгтэй. Аюулын хэмжээнд хүрсэн тохиолдолд зарлан мэдээлэх дохиолол ажиллана" гэлээ.
Сануулахад, өнөөдөр /09.08/ шөнийн 00:50 цагт Төв аймгийн Жаргалант сумын Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 124 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 178 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-т 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.
Тэгвэл мөн өнөөдөр 10:16:02 цагт Баянхонгор аймгийн Жинст сумаас баруун зүгт 21 км-ийн зайд 3,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм.
Өчигдөр /09.07/өдрийн 08:28 цагт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Баянзүрх багийн “Оргот” гэх газар 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.
Сэтгэгдэл ( 1 )
Ихэнх нь дуугарахаа байгаад эвдэрчихсэн биз дэ.