Шинэ ногооны үзэсгэлэн худалдаа Барс захаас үнэтэй байна

Админ | Zindaa.mn
2021 оны 09 сарын 10

Намрын сэрүүн унасан энэ өдрүүдэд нийслэл төдийгүй орон нутгийн ногоочдын ажлын ид үе байдаг. Тэгвэл энэ жилийн ногоо хураалтын ажил дуусаж орон нутгийн ногоочид нийслэлийн ногоон өдрүүдийг өнгөлөөд багагүй хугацаа өнгөрлөө. Тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Алтан намар” шинэ ногооны үзэсгэлэн энэ жил нийслэлийн есөн дүүргийн 20 орчим байршилд зохион байгуулагдаж байна. Тус үзэсгэлэн худалдаагаар ногооч­дын ажлыг дэмжихээс гадна нийслэл хотын иргэдийг шинэ ногоогоор хангах зорилготой юм. Үзэсгэлэн худалдааг зорин очиж ногооны үнийг сурвалжиллаа.

“Алтан намар” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж буй “Жуков”-ын талбайд Сэлэнгэ аймгийн сумдаас ирсэн 10 орчим асар байлаа. Тус асруудаар ногоо худалдан авч буй иргэдээс хижээл насны эмэгтэйгээс сэтгэгдлийг нь сонсов. Тэрбээр “Манайх хажуу байранд амьдардаг. Өдөр тутмын хоол хүнсний ногоо, алим жимсээ бага багаар авч байна. Ихээр авахаар муудчих гээд байдаг. Хүнсний ногооны үнэ харьцангуй тогтвортой байна. Харин нарийн ногооны үнэ бага зэрэг өсжээ”. Тус талбайд төмс 600, байцаа 1000, манжин 2000, сонгино 2000,  лууван 2000-2500 төгрөгөөр худалдаалж байлаа. Тэгвэл "Дүнжингарав" худал­дааны төвд энэхүү үзэсгэлэн мөн үргэлжилж байв. Тус худалдааны төвийн гадна талбай дахь асарт ногооны худалдаачид завгүй ажиллах болжээ. Лангуунд хүнсний ногооноос гадна улаан лооль, ногоон сонгино, амтат гуа, сармис, жимс жимсгэнэ, зөгийн бал зэрэг бүтээгдэхүүн байх аж. Тус үзэсгэлэнд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Шаамар, Сант, Мандал зэрэг сумдаас ирсэн ногоочид харагдаж байлаа. Үзэсгэлэнд оролцогчдын хэлж байгаагаар сүүлийн жилүүдэд иргэд эх орны хөрсөнд ургасан органик бүтээгдэхүүн ихээр хэрэглэх болсон нь худалдан авалтад сайнаар нөлөөлж байна. Нийслэлд хүн ам ихтэй учраас  орон нутагт хийснээс борлуулалт сайтай байдаг гэв. Мөн худалдан авалт сайтай байгаа учраас төмс ногоо муудаж хаягдах нь бага байна гэж сэтгэл хангалуун баяртай хэлсэн юм. Тус талбайд нарийн ногоо бусад цэгүүдээс 200-500 төгрөгийн илүү үнэтэй байгаа нь ажиглагдлаа. "Барс" худалдааны төвд өглөөний есөн цагийн орчимд худалдаачдын ажил дөнгөж эхэлж байсан тул хүн цөөтэй байлаа. Лангуун дээр өрсөн хэд хэдэн төрлийн ногоо нь дундраагүй дүүрнээрээ харагдана. Тус төвд худалдаалагдаж буй ногоо нийслэл төдийгүй Төв аймгийн Жаргалант, Борнуур сумдаас ирсэн байх аж. Худалдаачдын өдрийн ажил эхэлж буй энэ цагаар хоолныхоо ногоог авч буй иргэдээс илүүтэй жижиглэн худалдаа эрхлэгчид бөөндөж авч харагдана. Тус худалдааны төвд иргэдийн өдөр тутамдаа өргөн хэрэглэдэг төмс 600, лууван 1800-2000, манжин 1800, байцаа 1000, брокколи 6000 төгрөгийн үнэ ханштай байлаа. Дамлан худалдаалдаг худалдаачид дэлгүүр захууд дээр даруй 200-500 төгрөг нэмж борлуулдаг тухайгаа учирлаж байв.

Нийслэлийн иргэдийг шинэ ургацын ногоогоор хангах зорилготой тус үзэсгэлэнгийн ногооны үнэ зах худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй ногооны үнээс өндөр байна. Гэвч иргэд зах худалдааны төвүүд гэхээсээ илүүтэй шинэ ногооны үзэсгэлэнг ихээр зорьж байна. Тус үзэсгэлэн  энэ сарын 25-ыг хүртэл үргэлжлэх юм.

Л.ОТГОНМЯГМАР

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top