2006 оноос хойш жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ 2021 оны есдүгээр сарын 16-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
Энэ жилийн хувьд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлах нь чухал учир Төв цэнгэлдэх хүрээлэн буюу задгай талбайг сонгон арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.
"Намрын ногоон өдрүүд"-ийг урьд нь гол төлөв Мишээл экспод зохион байгуулж байсан. Энэ жил гадаа талбайд зохион байгуулж байгаа учраас оролцох аж ахуйн нэгжүүдийн тоо хэмжээ нэмэгдэж байна. Аж ахуйн нэгжүүд шинээр үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, танилцуулах, ногоочид ургацын талбайгаас хураасан ногоогоо шинээр нь борлуулах боломжтой. Мөн хөнгөн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид шинээр оролцож байна.
Энэ жилийн арга хэмжээнд зөвхөн худалдаа арилжаанаас гадна шинэ бараа бүтээгдэхүүнийг таниулан сурталчилж мэдээлэл өгнө. Тухайлбал, тэжээлийн үйлдвэрийн чиглэлээр хэрэгжүүлсэн төслийн хувьд тухайн тэжээлийн нэр төрөл, шинээр бий болгосон эрдэс тэжээлүүд, малыг тэжээхийн тулд ямар арга барил шаардлагатай зэрэг мэдээллийг танилцуулна. Хүнсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ковидын нөхцөл байдалтай уялдуулаад амин дэм агуулсан шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна. Мөн хүүхэд залуучуудад зориулж сонирхолтой, зураг авах бололцоотой үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлэхээр төлөвлөж бэлтгэл ажлаа хангажээ.
Сэтгэгдэл ( 0 )