Сайд Б.Батцэцэг “Lead Mongolia” арга хэмжээнд үг хэлэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 10

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “LEAD Mongolia” арга хэмжээнд цахимаар оролцож, үг хэлэв.

Сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Кэрригийн 2016 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр зарлагдсан “LEAD Mongolia” хөтөлбөр амжилттай хэрэгжсэнд баяртай байгаагаа илэрхийлж, хөтөлбөрийг санхүүжүүлсэн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, гардан хэрэгжүүлсэн Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, “World Learning” байгууллагын хамт олонд талархал илэрхийлэв.

Монгол, Америкийн харилцаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд өргөжин тэлж, улс төрийн бат бөх итгэлцэл тогтож, хоёр талын хамтын ажиллагаа эдийн засаг, батлан хамгаалах, иргэд хоорондын, боловсрол, соёлын гээд олон салбарт хөгжиж, Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг тэмдэглээд харилцан итгэлцлийг бэхжүүлэх, ард түмнүүдийн ойлголцлыг гүнзгийрүүлэх, ялангуяа залуусыг ойртуулахад “LEAD Mongolia” хөтөлбөр нь чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэв.

“LEAD Mongolia” хөтөлбөр нь 5 жилийн хугацаанд хүрээлэн буй орчин, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, ил тод байдлыг хэвшүүлэх, авилгын эсрэг тэмцэх зэрэг үндсэн салбар, чиглэлд хэрэгжсэн юм. Уг хөтөлбөрт манай улсын 200 гаруй залуучууд хамрагдаж, хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан “LEAD Alliance Summit” чуулга уулзалтуудад амжилттай оролцож, Киргиз, Мьянмар, Бутан зэрэг орны үе тэнгийнхэнтэй туршлага мэдээллээ хуваалцсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top