Барилгын салбарын шилдгийн шилдгээр “Эрхэт Монгол” групп тодорлоо

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 13

-Гавьяат тамирчин Э.Содномпилжээд гурван давхар хаус, дасгалжуулагч Д.Баттулгад гурван өрөө орон сууцны батламж гардуулав-


 

“Барилга экспо” барилгын салбарын хамгийн том үзэсгэлэн яармаг энэ жил 14 дэх жилдээ есдүгээр сарын 9-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, өчигдөр шилдгүүдээ тодруулж өндөрлөлөө. Үзэсгэлэн яармаг болж буй “Мишээл экспо” төв дөрвөн өдрийн турш олны хөлд дарагдаж, барилгын салбарын шинэ, шилдэг бүтээн байгуулалтууд, барилгын материал, ханган нийлүүлэгчийн орчин үеийн технологиудтай ирсэн зочид танилцаж, хөнгөлөлттэй нөхцөлөөр захиалга хийж, хэрэгтэй мэдээллээ солилцож байлаа. Олны бужигнаан дунд онцгой сайхан үйл явдал тохиосон юм. Барилгын салбарын шилдгүүд тодорч “Барилга экспо-2021” үзэсгэлэнгийн хамгийн нэр хүндтэй шагнал болох “Шилдгийн шилдэг гранпри” шагналыг “Эрхэт Монгол” группийн “Grand Marshal luxury villas” төсөл хүртэж, Шилдэг нийгмийн хариуцлагатай компаниар мөн л “Эрхэт Монгол” групп шалгарлаа.

“Эрхэт Монгол” групп нь 2011 оноос хойш барилгын салбарт олон амжилттай төсөл хэрэгжүүлээд байгаагаас “Grand marshal luxury villas” дөрвөн улирлын цогцолбор хотхон олны анхаарлыг хамгийн ихээр татаж, бүтээн байгуулалт өрнөж буй 13.2 га талбайнхаа 70 хувьд нь ногоон байгууламж хийсэн, байгалийн горхи, хиймэл цөөрөм, усан оргилуур, иж бүрэн сургууль, цэцэрлэгийн цогцолбортой, хүнд хэрэгцээт бүхий л байгууламжийг нэг дор цогцоор шийдсэн гэдгээрээ тун онцлогтой юм. Тус “Grand marshal luxury villas” хотхоныг бүтээн байгуулалцаж байгаа “Эрхэт Монгол” группийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Барилга экспо-2021” үзэсгэлэнгээс шагнал гардан авсныхаа дараа ийнхүү үг хэллээ. Тэрбээр “Эрхэт Монгол” группийн хамт олонд хүндэтгэл үзүүлж, “Барилга экспо-2021” үзэсгэлэн, яармагийн хоёр ч хүндтэй шагналыг өгсөнд маш их баяртай байна. Эдгээр шагналыг “Барилгаа цагт нь ашиглалтад оруулаарай, захиалагчдынхаа итгэлийг даагаарай, барилгынхаа чанарт амласан шигээ анхаараарай” гэсэн хариуцлага гэж ойлгож хүлээж авч байна. Хүний амьдрах орчныг сайжруулах, иргэдийнхээ тав тухтай ажиллаж амьдрах орчныг үүсгэх нь бүтээн байгуулалтын хамгийн том үнэ цэн байх ёстой гэж бид ойлгож зүтгэж байгаа” гэв.

Барилгын салбарт томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж буй “Эрхэт Монгол” групп нь өнгөрсөн 80 жилийн хугацаанд элэгдэлд орж, доройтсон Сэлбэ зуслангийн барилгыг шинэчлэн, сэргээн засварлаж 35 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дөрвөн улирлын үйл ажиллагаатай олон улсын хүүхдийн зуслан боловсролын кампус болгон бүрэн шинэчилж байна. Тус групп салбартаа анх удаа ил тод, нээлттэй байдал, захиалагчийн шилэн хяналтыг бий болгож, нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгө оруулалтаар нийт найман км бохирын шугамыг Сэлбийн ам руу татаж, төвийн шугаманд холбосон төдийгүй 19.8 км өндөр хүчдэлийн шугамыг татаад байгаа нь барилгын салбарын “Шилдэг нийгмийн хариуцлагатай компани”-ийн бодит баталгаа болжээ.

Түүнчлэн “Эрхэт Монгол” групп Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргасан олимп, паралимпийн тамирчид, дасгалжуулагч нарыг нийгмийн хариуцлагын хүрээнд урамшуулан шагнаж байгаа билээ. Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэгт гурван өрөө орон сууц бэлэглэж, тэтгэлэгт цалин, Олон улс, тив, дэлхийн аваргын тэмцээний санхүүжилтээр ивээн тэтгэж, Хүндийг өргөлтийн холбоонд 10 сая төгрөг, М.Анхцэцэгийн дасгалжуулагчид таван сая төгрөг тус тус гардуулсан байдаг. Тэгвэл “Барилга экспо-2021” үзэсгэлэн, яармагийн сүүлийн өдөрт Паралимпын пауэрлифтингийн аварга Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Содномпилжээд “Эрхэт Монгол” группийн зүгээс “Гранд Маршал” хотхоны нэг тэрбум 350 сая төгрөгийн үнэ бүхий тансаг зэрэглэлийн таун хаус, түүний багш, дасгалжуулагч Д.Баттулгад “Сити резиденс” хотхоны гурван өрөө орон сууц бэлэглэснийг батламжийн хамт гардуулан өглөө. Батламж гардуулах үеэр Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Содномпилжээ “Их баяртай байна. Х.Мандахбаяр захиралтай “Эрхэт Монгол” группийн хамт олондоо баярлалаа. Намайг дэмждэг Монголын ард түмэндээ баярлалаа. Миний цаашдын амжилтад бодит дэмжлэг, том урам болж чадлаа. Илүү их амжилт гаргахын төлөө зогсолтгүй хичээсээр байх болно. “Гранд Маршал” хотхоны тансаг зэрэглэлийн таун хаус санаанд орж, төсөөлөгдөөгүй гэнэтийн зүйл байсан. Би амжилтад хүрэхийн тулд л хичээж, зүтгэж явснаас биш ийм гэнэтийн гайхалтай бэлэг авна гэдэг санаанд оромгүй байлаа. Тамирчны амжилт, хөлс хүч, хичээл зүтгэлийг яаж шагнаж, урамшуулж болдог гэдгийн тод жишээ, үлгэр дуурайллыг “Эрхэт Монгол” группийн захирал Х.Мандахбаяр ах маань үзүүллээ. Танд тусгайлан баярлалаа” хэмээн баялаж догдолсон сэтгэгдлээ хэлэв. Э.Содномпилжээ аваргын багш, дасгалжуулагч Д.Баттулга “Үнэхээр сайхан байна. 2021 оны наймдугаар сарын 30-нд шавь маань паралимпийн алтан медаль авчихаад тамирчны хотхондоо орж ирээд байж байтал Х.Мандахбаяр залгасан. “Та хоёртоо баяр хүргэе. Монголын ард түмэн бүгд баярлаж байна” гэж хэлээд гурван давхар таун хаус болон гурван өрөө байр бэлэглэхээ амласан. Тус амлалт өнөөдөр биеллээ олж байна. Тамирчны маань олон жилийн хөдөлмөрийг ойлгож, үнэлж, дэмжсэнд баярлалаа. Монголчуудынхаа хийж бүтээсэн сайхан орон сууц, хаус хотхонд бид амьдрах болсондоо таатай байна. “Эрхэт Монгол” группийн Х.Мандахбаяр болон "Өнө мөнх хөгжил" констракшны Б.Алтанзаяа захиралдаа хоёуланд нь ажлын амжилт хүсье” хэмээлээ. Э.Содномпилжээ аварга, түүний дасгалжуулагчийн дараагийн зорилго аравдугаар сард болох пауэрлифтингийн олон улсын тэмцээн, арваннэгдүгээр сарын Дэлхийн аваргыг түүчээлэх, 2024 оны Парисын паралимпэд оролцож, амжилт үзүүлэх арвин их хүсэл, итгэлээ өвөрлөн, шаргуу хөдөлмөрлөсөөр байгаа аж.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top