ОЛОН ӨНГӨ: Алчуур

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 14

Алчуур гэдэг үгний цаана маш олон нууц оршиж байдаг. Хүүхнүүд өнгөлөг алчуурны цаана гунигаа нууж, үзэсгэлэнгээ далдлах ч үе байна. Эсвээс алчуур гэдэг бүсгүйн гоо сайхныг нь илүүтэй тодотгож эрхэмсэг, тансаг харагдуулдаг юм. Алчуурны сэжүүрээс алдуурсан үг амраг сэтгэлд хүрдэг болов уу, алчууранд шингэсэн хайрын нулимс алсдаа тэгээд хатдаг болов уу. Алчуур гэхээр таны сэтгэлд цэцэг хуар нь алагласан намирсан торгон мэдрэмж сэрхийгээд ирж байгаа биз. Тэгвэл алчуур олон янз. Хир буртгийг арчдаг хээгүй алчуур байна, хэв янзанд нь баадагнадаг хэлбэргүй алчуур байна. Самбарын, шалны, цонхны, ширээний, аяганы, шанаганы, ажлын, албаны гээд олон алчуур бий. Бид багадаа нусны алчууртай хамгийн эхэлж танилцдаг. Цэвэрч ахуйч байх үлгэрийг тэр алчуур зааж өгсөн. Дараа нь цагаахан хормогчиндоо зүүдэг буландаа эрвээхэйн хатгамалтай нимгэн алчуур сурагч насных байлаа.

Оюутан болоод ээжийн саатай алчуурыг үнэрлэж унтдаг байсан бол төгсөөд амрагийн бэлэглэсэн торгон алчуурыг нандигнаж явдаг болов. Хожим нь эмээгээ тэнгэрт дэвшихэд тэнгэрийн өнгөтэй алчуурыг нь өөртөө дурсган үлдээсэн сэн. Эмээ минь тэр алчуураараа гэрийнхээ гадаа даллаж, хонинд явсан бидэнд “Цайгаа ирж уу” гэсэн дохио дуудлага өгдөг байлаа. Тэр гэгээн намираа одоо ч нүдэнд харагдах шиг. Ингээд бодохоор алчуур бүхэн эзэнтэй, алчуур бүхэн түүхтэй санж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top