Г.Занданшатар: Боломжийг бодит үр дүн болгох нөхцөл бүрдлээ, нэг зүгт харах цаг ирлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 13

Төрийн ордонд яг одоо /2021.09.13/ “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болж байна.


Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ уулзалт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон УИХ-ын дарга миний бие хамтдаа оролцож, цар тахлын амаргүй нөхцөл байдлыг даван туулахын тулд хувийн хэвшлийнхэн буюу баялаг бүтээгчидтэйгээ нүүр тулан уулзаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагаар болж буй энэ уулзалтаас ирэх оны төсөв хэлэлцэхэд бодлогоо оновчтой тодорхойлохоос эхлээд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих олон санал санаачлага гарах юм.

Цар тахлын үед эрсдэл бүх дэлхийд бий болж, түүнээс үүдсэн том сорилтын өмнө Монгол Улс тулж ирсэн. Монгол Улсын төр, засаг буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нэг цонхоор, нэг зүгт харж буй түүхэн цаг үе бол өнөөдөр. Өөрөөр хэлбэл боломжийг бодит үр дүн болгох нөхцөл бүрдээд байна. Улмаар НЭГ МОНГОЛ НЭГ ЗҮГТ харах цаг ирлээ.

Өнгөрсөн 30 жилийн туршлага сургамжаа цэгнэж, КОВИД-ын нөхцөлөөс үүссэн бодит байдлаа тооцож үзсэний үндсэн дээр эдийн засагтаа хувьсгал хийж, алсын хараагаа цэгцлэх хэрэгтэй гэсэн дүгнэлтийг Улсын Их Хурал хийсэн. Тиймээс эрх зүйн, эдийн засгийн, нийгмийн бодлогын гурван хувьсгал хийх зорилтыг дэвшүүлж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ зорилтоо хэрэгжүүлж эхэлсэн. Эрх зүйн хувьсгалт шинэчлэл гараандаа гарсан. УИХ-аас эрх зүйн, эдийн засгийн, нийгмийн бодлогын гурван хувьсгал хийх зорилтыг дэвшүүлж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ зорилтоо хэрэгжүүлж эхэлсэн.

Эрх зүйн хувьсгалт шинэчлэл гараандаа гарсан. Одоо энэ эгзэгтэй нөхцөлд эдийн засгийн шинэчлэлийг эхлүүлэх түүхэн үе ирлээ гэж харж байна. Цаашид, Эдийн засгийн хөгжлийн яам байгуулж ажиллана. Мөн УИХ-д хэлэлцэхээр хүлээгдэж байгаа хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжих, цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн хуулийн төслүүд бий. Хуулийн төслүүдэд хувийн хэвшил, салбар бүрийн саналыг тусгах хүрээнд мэргэжлийн холбоодтой нь хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.
" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top