Монгол Улсын Гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар "Намбаа" хэмээх шинэхэн номоо өлгийдөж, өчигдөр /2021.09.13/ номын хуримаа хийлээ.
Дэлхийн дэвжээнээ улсынхаа төрийн дууллыг хэдэнтээ эгшиглүүлж, зөвхөн чөлөөт бөх төдийгүй Монгол Улсын спортын түүхэнд тод мөрөө үлдээсэн гавьяат маань "Намбаа" хэмээн нэрийдсэн анхны номоо спортоор хичээллэж буй ирээдүй болсон шилдэг тамирчдадаа болон спорт сонирхогч хүүхэд залуучуудад зориулан бүтээжээ.
Спорт бол хүмүүжил ,төлөвшил хүндлэл. Миний бичсэн ном та бүхний сэтгэлийг баясгаж, ажил амьдралд тань өчүүхэн ч гэсэн тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.
Тэрбээр номын нээлт дээр хэлсэн үгэндээ "Би ирээдүйрүүгээ чиглүүлж энэ номоо бичлээ. Спортоор хичээллэж байгаа хүүхэд, залуучууд болон бусад хүүхдийн хүмүүжилд энэ номынхоо гол утга санааг чиглүүлсэн. Энэ номдоо зөвхөн тамирчны замнал биш олон зүйлийг багтаахыг зорьсон.
Намайг Намбаа гэж мэдэхгүй хүн ховор байх. Би та бүхний хувьд Намбаагаараа эхэлсэн, цаашид Намбаагаараа л байна гэж энэ номоо энгийнээр нэрлэсэн.
Миний хувьд чөлөөт бөхийн барилдаанаар 18 жил хичээллэж, дэлхийн нэг номерт бичигдэж явлаа. Тэндээс буугаад хамгийн сүүлийн байрт хүртэл орлоо. Ингээд бодоход ялалт, ялагдал, тэсвэр тэвчээр, ухаарал гээд бүх л зүйльд спорт намайг хүмүүжүүлжээ.
Энэ спортоор хичээллэхэд миний аав, ээж, хамт олон, олон сайхан багшийн хүчинд өнөөдөр өдий зэрэгтэй хүн болж хүмүүжсэн гэж боддог. Миний анхны багш Монгол Улсын Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Хангайн Намшир багш маань байна. Дараа нь миний Бямбажавын Баттулга гэж үндсэн дасгалжуулагч. Бид хоёр олон том ялалт, ялагдлыг хамтдаа үүрч байсан. Мөн Бямбаренчингийн Баяраа багшаа дурдах ёстой. Би бөхийн замналаар гурван багшийн гар дамжиж, дэлхийн дээвэр дээр очиж зодогложээ. Амжилт гэдэг дандаа хамтын бүтээл байдаг. Өнөөдөр энд олон сайхан хүмүүс хүрээлээд байж байгаа нь би их баян хүн юм" хэмээн онцоллоо.
Сэтгэгдэл ( 0 )