ОЛОН ӨНГӨ: Яг чам шиг амьдарч үзэх сэн

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 16

Нэг үеэ бодвол бүсгүйчүүд маань дуртай зүйлээ хийж, эрх чөлөөгөө эдэлж, эрмэг салхи шиг амьдардаг болжээ. Миний нэг танил сайн ханьтай, сайхан үр хүүхэдтэй. Тэрбээр төрөл бүрийн амтат бялуу, дэссэрт, хоол хийхийг цахимаар зааж 500 гаруй мянган дагагчтай болсон цахим орчинд идэвхтэй хүн. Түүний нэрийн жор нь юүтүб сувгаар түүнээс ч их хандалттай. Дуртай ажлаа хийхийн сацуу мотоцикл унаж хаа сайгүй дүүлж явдаг нь надад хамгийн их атаархал төрүүлдэг билээ. Төмөр хүлэг хаазлан, хуяг дуулга агсан эрчүүдтэй зэрэгцэн эр зориг дүүрэн давхих бүсгүйг хараад хэний ч цагаахан атаа хөдлөх нь дамжиггүй.

Бүсгүй нэг харахад Алтай Таванбогдод, нэг мэдэхэд Буйр нуурт явж байдаг юм. Энэ их ажлын хажуугаар яаж амжуулдаг юм гэмээр төрөл бүрийн амтатныхаа хичээлийг таслалгүй оруулахыг яана. Заримдаа хээрийн аялалын ширээгээ өнгө алаглуулан амтлан зассан байх нь ч хараа булаана. Басхүү үүний зэрэгцээ олон нийтийн сайн сайхан үйлсэд уриалан дуудаж нийгэмд хэрэгтэй ажлуудыг сэтгэл зүрхээрээ санаачлан хийчихнэ.  Бас  тэр йоги, фитнесст явахаа ч мартахгүй. Бүсгүйг ийм эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө байхад нь тусалдаг, дэмждэг сайн ханьд нь түүний өмнөөс талархмаар. Тэр найз минь нийгэмд дуу хоолой болж яваа Монголын олон зуун бүсгүйчүүдийн төлөөлөл юм. Хувь болоод хувьсгалын ажлаа гайхамшигтай амжуулж чадаж байгаа нууц нь ердөө л төлөвлөгөө гэсэн юм. Заримдаа ганц ажилдаа түүртэж буй өөрсдөөсөө ичмээр. Амьдралын идэвх дүүрэн, эрч хүч ханхийлгэн инээмсэглэн явдаг түүнийг харахаар яг л чам шиг амьдарч үзэх сэн гэж дуу санаанд ордог доо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top