Монголын төр монголчуудынхаа төлөө ажилладаг уу гэж асуумаар үе бий. Арай ч ард иргэд угаасаа бидэнд дургүй гээд хорлох гээд байдаггүй байлгүй дээ. Дарханы замын ажил гэж ярьж ч дуусдаггүй, урагшилдаг ч үгүй нэг юмтай боллоо. Энэ замыг хуулж хаясан өнгөрсөн гурав шахам жилд монголчууд цар тахлаас дутахгүй хэмжээнд хорлогдсон юм. Төр засгаас санаатайгаар иргэдийнхээ эсрэг ийм хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан тохиолдол сүүлийн 50 жилд лав гараагүй байх. Шинэ зам барих нэрийдлээр хуучныг хуулж хаяад сайжруулсан гэгч нэртэй дэрчигнүүр шороон зам тавьсан. Хэдэн тэрбум төгрөгөөр хийсэн тэр зам нь мянган мянган автомашиныг эвдэж, олон зуун хүнийг гэмтээж бэртээлээ.
Нас барсан хүн ч цөөнгүй бий. Гэтэл энэ дээр нэмж, олон нийтийн янзыг үзэж ясыг тогшиж байгаа мэт мэдээлэл үе үе цацдаг болов. Тухайлбал, Дарханы замын ажил бараг шувтарч эхний 113 км нь ашиглалтад орлоо гэх мэт. Яваад үзэхээр өнөө хуучин энд тэнд нь сэтэлж, булсан замаа л нээсэн байна. Хаа байна өнөө дөрвөн эгнээ зам нь. Хуучин нарийн зам шигээ л юмыг алаг цоог газар хийсэн болжээ. Үүнийгээ сайд нь ч хэвлэлийнхэн дуудан зарлаж байгаа харагдах юм. Дээр нь УИХ-д Дарханаас сонгогдсон Г.Дамдинням гэдэг нөхөр “Би л анхаарал тавьсаар урагшлуулж байна” гэж таарсан газар бүрдээ зарлах нь дотор эвгүйцэм. Ямар сайндаа л өмнөх Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж явсан Н.Энхбаяр эдийн засагч “Хэдэн км үргэлжилж буй нь ялгаагүй, XXI зуунд олон улсын чанартай автозам ийм түвшинд хоёр жил болж байна гэдэг эмгэнэлтэй бөгөөд ичгүүртэй хэрэг” гэж бухимдаж байх вэ дээ. Дээрээс нь оросууд хүртэл ирээд Дарханы замын зургийг аваад “Монголын олон улсын чанартай авто зам энэ байна” гэх утгатай нэвтрүүлэг хийж цацаад байхад ямар монгол хүн тайван байх билээ.
Гол нь энэ зам зөвхөн Дархан орох гэж яваа хүмүүсийг тамлаж байгаа юм биш. Энэ замыг ийм сэг хэвээр байлгах нь Монгол Улсын эдийн засгийг хорлож байгаа гэмт хэрэг л дээ. Сүүлийн хэдэн жил Хөвсгөл аймаг дотоодын жуулчид гэж олигтой юм авсангүй. Хэн л машин тэргээ эвдэж, тэр муухай замаар давхиж очих вэ дээ. Үүнээс үүдээд зуны улиралд л гадаад, дотоодын жуулчин тосож хэдэн төгрөг олдог хүмүүс хохирлоо. Уул уурхай, үйлдвэр заводгүй аймгийнхан ингэж чадуулав. Дээр нь өнөөдөр Сэлэнгээс ногоочид ирж өнгөрсөн нэг жилийнхээ хөдөлмөрийн үр шимийг нийслэлийнхэнд дэлгэдэг цаг. Шинэ ногооны үзэсгэлэн худалдаа Ялалтын талбай, Дүнжингарав гадаа гарсан байна. Гэхдээ хүмүүс “Барс” захын ногооноос үнэтэй байна гэж хэл ам таталж байгаа. Ногоочид харин “Дарханы зам эвдрэлтэйгээс болоод явах машин олдохоо байсан. Олдсон машинд нь тээврийн хөлсийг өмнөхөөсөө хоёр, гурав дахин илүү өгч байж авчирч байна. Ийм болохоор хямд худалдахад хүндрэлтэй байгаа” гэж учирлаж байна лээ. Удахгүй улаанбуудайг Улаанбаатар руу зөөх их ажил эхэлнэ. Нөгөө л нэмэгдсэн үнээр тээвэрлэж таарах гээд байна. Гурилын үнэ өсөх нь цаг хугацааны асуудал боллоо. Түүнчлэн энэ тоос шороо татуулсан замаар тээвэрлэж авчрахаас өөр арга байхгүй. Ингэж сул шороон дунд авчирсан буудайг тээрэмдэхэд ямар гурил гарах вэ. Замын шороотой халтайсан юм л байна биз дээ. Тийм болохоор Л.Халтар сайдын өнгөн дээр монголчууд халтар гурил идэх нь ээ гээд байгаа юм.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 2018 онд салбарынхаа дэд сайд болсон. 2020 оны сонгуулийн үр дүнгийн дараа Засгийн газарт сайдаар томилогдсон. Дарханы замыг хуулахаас эхлээд бүх хугацаанд шийдвэр гаргах үүрэгтэй байсан хүн сайдаар ажиллаж байна. Гэтэл энэ зам нэртэй там нь өнөөг хүртэл яагаад хэвээрээ байна вэ. Энэ замын санхүүжилтийг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголтын банкныхан гаргаж байгаа. Зарим хүмүүсийн хардаж буйгаар бол их л муухай юм сонсогдож байна. Санхүүжүүлэгчид нь манай дарга нарын занг мэдэх болохоор хятадуудыг шалгаруулж хийлгэх гээд, монгол дарга нар нь юм унагаж авах гээд өнөө компаниудыг нь дарамтлаад байгаа тухай л даа. Ер нь иймэрхүү яриа үнэний хувьтай байж мэдэх л юм. Дотооддоо бол манай тендерчин дарга нар шууд 10 хувь нэхээд хэвтчихдэг. Дунд нь зуучилсан хүнд бас 10 хувь гэх мэтээр төрийн албаны дарга тойрсон цүнх баригчид чинь улсаа цөлмөөд дуусгаж байгаа шүү дээ. Тэрбум төгрөгөөр тавих замыг 500 сая төгрөгт хийх гарц жинхэнэ ажил хийж байгаа нөхдөд үлддэг оронд чанар, эрүүл өрсөлдөөн ярих аргагүй.
Л.Халтар сайд төмөр замд ачигчаас нь орлогч дарга хүртэл ажилласан юм гэнэ лээ. Сайд болгож байхаар төмөр замын дарга болгоод орхих байж. Улс орны хэмжээний аж ахуй чирч явах чадваргүйгээ Дарханы замын жишээн дээр харуулж байна. Дарханы замыг яаж ийгээд дуусгая, би ийм саналтай байна гээд хэвлэлийн хурал хийгээд гараад ирэхэд л монголчууд уухайлан дэмжих байлаа. Гэтэл бүр хамаг ажлаас зугтсан мэт л байх юм. Ийм байтал шахаж шаардаж, ажилд чиглүүлэхгүй байгаа нь ямар шалтгаантай юм бол оо. Ер нь тэгээд манай төрийн томчууд хариуцлага ярих тухай зөвхөн ярьдаг л болсон. Хурал, чуулган дээр аль нэг дарга орж ирээд хариуцлага тооцно, авлигачидтай салам тэмцэнэ гэж зарладаг. Хойгуур нь өнөө олон асуудал нь байж л байдаг. Хаана ямар асуудал шийдэгдээд байгаа юм. Нэг нам үнэмлэхүй ялчихаар Засгийн газарт хариуцлага ярьж болохгүй болчихдог уу. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ковидтой хүнд үед ажиллаж байна, хэнийг ч огцруулахгүй” гэж зарлаж байна лээ. Ийм хүнд цагт ажиллаж байгаа тусмаа л шаардлага өндөр тавьж, ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүсээ солих ёстой юм биш бил үү. Бүр цаашилбал, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ажиллаж байх хугацаанд Монгол Улс бараа материалын хомсдолд орсон шүү. Барилгын материалаа дагаад орон сууцны үнэ тэнгэрт хадсан. Бараа таваар байтугай нэг хэсэг эмнэлгүүдэд шаардлагатай эд хэрэгсэл ч олдохоо байсан үеийг монголчууд үзэж тууллаа. Японоос хуучин машин оруулж ирдэг 40 тоннын ганц чингэлэг 6000 ам.доллараар ирж байна. Энд менежмент хийх ёстой газар нь Зам, тээврийн хөгжлийн яам. Гэтэл энэ яам шууд захиалга хийнэ гэх зэргээр бараа таваарын эргэлт гацахад нөлөөлсөн гэж ярих хүмүүс ч байдаг. Жирийн иргэдийн бараа тав, зургаан сараар ирдэггүй байтал том групп компаниудын үнэтэй жипнүүд захиалсан даруйд л Улаанбаатарын гудамжинд давхиж явдаг дабль стандартыг хаанаас тогтоосон бэ гэдэгт өнөөдөр олон хүн хариулт нэхэж байна аа. Л.Халтар сайд хүүхдийнх нь компани тээвэрт давуу эрх эдэлж байгаа тухай хэл амыг дарахаар гарч ирдэг юм билээ. Одоо иргэдийнхээ өмнө ямар ажил хийж байгаа, гарц шийдэл ийм байна гээд гарч ирэх цаг нь болжээ. Орчин цагийн ардчилсан нийгэмд төрийн алба нь иргэддээ үйлчлэхэд чиглэсэн байдгийг эрхэм сайд нар мэддэг л байгаа даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 15 )
Ene hogiin hulgaich
ийм л луйварчид сайд гэхээр МАН тоглож байгаа бус уу. Нөгөө сэлэм ч дээ
Iim said baidag ymuu psda hen said gej heleh ym
Iim said baidag ymuu psda hen said gej heleh ym
Эвдэрхий байсан ч гэсэн хуучин замаа хуулахгүй байлгаж байгаад, хажуугаар нь тэр шинэ тавих 4 эгнээ замынхаа 2 эгнээг барьж ашиглалтад оруулчихаад хуучныгаа шинэчилж болдоггүй л юм байх даа
Эвдэрхий байсан ч гэсэн хуучин замаа хуулахгүй байлгаж байгаад, хажуугаар нь тэр шинэ тавих 4 эгнээ замынхаа 2 эгнээг барьж ашиглалтад оруулчихаад хуучныгаа шинэчилж болдоггүй л юм байх даа
Эвдэрхий байсан ч гэсэн хуучин замаа хуулахгүй байлгаж байгаад, хажуугаар нь тэр шинэ тавих 4 эгнээ замынхаа 2 эгнээг барьж ашиглалтад оруулчихаад хуучныгаа шинэчилж болдоггүй л юм байх даа
Яагаад устгуулаад байнаа.Максын Ганбаа ГАЛТАР 2 түрүүвч нэг гэдгийг би битгий хэл захын нохой ч андахгүй
АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлэх 2 р хэсгийг Арж капитал гэдэг МАКС Ганбаагийн охин компанид өгч байгаа юм байна.Ганбаатар та 2 бараг түрүүвч нэгтэй андууд .одоо тэр хахууль дундаас нь мөнгө цохих өнгөрсөн.замтай л болгож өгөөрэй ГАЛТАР АА
АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлэх 2 р хэсгийг Арж капитал гэдэг МАКС Ганбаагийн охин компанид өгч байгаа юм байна.Ганбаатар та 2 бараг түрүүвч нэгтэй андууд .одоо тэр хахууль дундаас нь мөнгө цохих өнгөрсөн.замтай л болгож өгөөрэй ГАЛТАР АА
АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлэх 2 р хэсгийг Арж капитал гэдэг МАКС Ганбаагийн охин компанид өгч байгаа юм байна.Ганбаатар та 2 бараг түрүүвч нэгтэй андууд .одоо тэр хахууль дундаас нь мөнгө цохих өнгөрсөн.замтай л болгож өгөөрэй ГАЛТАР АА
АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлэх 2 р хэсгийг Арж капитал гэдэг МАКС Ганбаагийн охин компанид өгч байгаа юм байна.Ганбаатар та 2 бараг түрүүвч нэгтэй андууд .одоо тэр хахууль дундаас нь мөнгө цохих өнгөрсөн.замтай л болгож өгөөрэй ГАЛТАР АА
НЭРЭНДЭЭ ТААРСАН ЭНЭНИЙ АЖИЛ ХИЙХ Ч ГЭЖ ДЭЭ, ДАРХАНЫ ЗАМ ДЭЭР ХАНГАЛТТАЙ ХАРУУЛЛАА, ОДОО БОЛОО ЮМ БИШ ҮҮ, ЕРӨНХИЙ САЙД ГУАЙ?
НЭРЭНДЭЭ ТААРСАН ЭНЭНИЙ АЖИЛ ХИЙХ Ч ГЭЖ ДЭЭ, ДАРХАНЫ ЗАМ ДЭЭР ХАНГАЛТТАЙ ХАРУУЛЛАА, ОДОО БОЛОО ЮМ БИШ ҮҮ, ЕРӨНХИЙ САЙД ГУАЙ?
ZaMAA yadahdaa husaach HALTARAA.