Бүсгүйчүүд минь, бүүвэйн дуугаа дуулж байгаарай

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 17

Бүүвэйн дууны аялгуу цаанаа л нэг уянгалаг. Энэ аялгууг сонсоогүй, бүүвэйн дууг бишрээгүй хүн ховор биз ээ. Монголчууд бүүвэйн дуу сонсож өссөн хүн бүтэн сэтгэлтэй болдог хэмээдэг.

Хүүхдийг хэвлийд байхад нь намуухан аятай дуу сонсож байхыг зөвлөдөг явдал өнөө ч хадгалагдсаар байгаа юм. Энэ нь монголчууд хүүхдийнхээ хүмүүжилд анхаарч байгаагийн нэг хэлбэр. Хүний сэтгэлийг зөөллөж, хүнийг хүн болон торниход энэ дууны хүч асар их нөлөөтэй ажгуу. Хөгшчүүдийн "Бүүвэйн дуу сонсоогүй, эхийн ангир уураг амсаагүй хүн хатуу сэтгэлтэй байдаг" гэх "онол" ч бас нэгийг бодогдуулна. Бүүвэйн дуу нь хүүхдэд хүртэх, танин мэдэх, ой хөгжүүлэх, зөв харилцаанд сурах, зөөлөн сэтгэлтэй болгодог учир аав, ээж хоёулаа хүүхдээ бүүвэйлэх хэрэгтэй хэмээн сэтгэлзүйчид үздэг юм байна.

Бүүвэйн дууны уянгалаг ая, үгийн цэцэлсэн утга, үйл хөдлөлийн жигд хэмнэл, хүүхдийн бяцхан гарт мэдрэгдэх эхийн бие, эхийн уураг сүүний амт бүхэн нэгдэж хүмүүн болохын заяа тэгширдэг ажээ. Харин сүүлийн үед залуу ээж, аавууд бүүвэйн дуу дуулахаа больсон гэх шүүмжлэлд өртдөг болов. Тиймээс үнэт өв болсон бүүвэй дуугаараа үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийн дээдийг ухаарч үзээрэй, залуучууд минь.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top