Хүний мөнгөнд санаа зовох шиг тэнэг зүйл байдаггүй

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 19

А: Гар утасны шинэ загвар нь гарсан байна. Худалдаж авна аа. 

Б: Ижилхэн л утас шүү дээ. Дэмий үнэтэй зүйлд цалингаа үрж яана вэ.

Шинэ загварын гар утас гарах бүрд бидний эргэн тойрон ийм яриа өрнөдөг болсон. Зөвхөн гар утсаар жишээ татсан болохоос ер нь бүх зүйл дээр энэ мэт харилцан яриа өрнүүлэх нь хэн хэндээ тааламжтай байдлаар төгсдөггүй. Ихэнхдээ нэг нь бэл бэнчингээ гайхуулж, нөгөө нь атаархсан байдлаар харилцан яриа өндөрлөдөг. Бусдын эрх чөлөөг хүндэтгэж, өөрөө бие даан, соёлжиж төлөвшсөн хүмүүс хоорондоо ийм элдэв шалдав зүйл огт ярьдаггүй. Учир нь юм ойлгодог хүмүүс ийм яриа өрнүүлсэн хүнээс зугтаадаг болсон цаг. Яриа эхлүүлж байгаа нөхрийн хувьд нэгэнт бусдыг атаархуулж таашаал авдаг учраас засах боломжгүй. Харин атаархагч болж харагддаг талд түүнээс зайлсхийх боломж байдаг. Хүн ерөөсөө хүний юманд санаа зовох шиг тэнэг зүйл байдаггүй. Сэтгэлээ чилээхийн нэмэр. Ойр тойронд тань үрэлгэн хүн байгаа бол лагаа иднэ үү, луувангаа иднэ үү маньд ямар хамаа байна гэж амьдрах хэрэгтэй. Яагаад гэвэл тэр хүний хөрөнгө мөнгө чинийх биш. Тэр хүний хувийн өмч. Тэнэг үрэлгэн гэдгийг нь ч гайхах хэрэггүй. Чи өөрөө л түүнээс их мөнгөтэй, түүнээс ухаантай байхад боллоо. Дотно нэгэндээ зөвлөгөө өгөх сэтгэлтэй байж болно. Ямар ч тохиолдолд түүнийгээ ил гаргах хэрэггүй. Учир нь мөнгө хөрөнгийг цагаан болон хар атаархал дагаж байдгийг санах хэрэгтэй. Өөрөөсөө асуугаад үзээрэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top