Зохиолч, орчуулагчид, ном шимтэн уншигч хэн бүрийн хүсэн хүлээдэг номын баяр энэ жил "Өдөр бүр уншъя” уриатайгаар зохион байгуулагдаж буй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гаригт “Номын баярын өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу номын баярын нээлт өнөөдөр /2021.09.17/ жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо.
Энэ баяраар ихэнх зохиолчид шинэ номынхоо нээлтийг хийдэг нь нэн таатай. Тэгвэл өнөөдөр энэ бичигдээгүй хуулийг түүчээлч "Алтан өд" шагналт зохиолч, сэтгүүлч Д.Дамдинжав “100 НАСТАЙ ЗАЛУУ-ЗАЛУУ ХҮН БҮРИЙН ЗААВАЛ МЭДЭХ УЧИРТАЙ ТҮҮХ” номынхоо нээлтийг хийлээ. Тэрбээр энэхүү номоо "Монголын залуучуудын холбоо"-ны 100 жилийн ойд зориулан бүтээжээ.
Зохиолч номынхоо талаар "Залуучуудийн нэг чухал үүргийг ахмад үеэ хүндлэх гэж би боддог. Үүний тулд бидэнд ямар үнэ цэнээр өнөөгийн энэ нийгмийг авчирсан бэ гэдэг өнгөрсөн үеийнхээ түүхийг мэддэг байх хэрэгтэй.
Шинэ үеийн залуучууд түүхийн зузаан ботиудыг бараг л уншдаггүй нь гашуун үнэн. Энэ нь олон л шалтгаантай байх. Тэдгээрийн нэг нь түүхийг яаж сонирхолтой, уншууртай байдлаар хүргэх вэ гэдгийг орхигдуулдаг юм болов уу гэж санагддаг юм аа. Нөгөө талаар, түүх гэхээр л баахан он дарааллын бичиг, үйл явдлын жагсаалтыг гэж ойлгож боломгүй. Тиймээс түүхэн үйл явдлыг сэтгүүлзүй, уран зохиолын төрлийг ашиглан сонирхолтой байдлаар бичиж, залуучууддаа хүргэхийг зорьсон.
Түүх хүнд өгөөжтэй байх учиртай. Түүхээс хүн урам зориг, ухаан мэдлэг, уламжлал, үнэт зүйлээ олж авах учиртай. Тиймээс энэхүү номонд Монголын залуучуудын "Өнгөрсөн, одоо, ирээдүй" гурван цагийн хэлхээнд ямар байсан, ямар байгаа, ямар байх ёстойг багтаахыг хичээлээ. Би энэхүү номыг Монголын залуу үеийнхний оюунд оруулж буй өчүүхэн ч болтугай хувь нэмэр гэж төсөөлнө. Талархан хүлээн авч, таалан болгооно гэдэгт найдаж байна" хэмээлээ.
Сэтгэгдэл ( 0 )