Сурвалжилга: Нутаг нутгийн "брэнд" дэлгэсэн "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 17

Навчис шарлаж, өнгө алаглаад намрын улирал хэдийн иржээ. Намар цаг гэдэг тариаланч, ногоочдын хувьд зуны гурван сар “бөөцийлж” ургуулсан хүнсний ногоо, жимс жимсгэнээ худалдаалж, шаргуу ажилласан хөдөлмөрийнхөө үр шимийг хүргэх хамгийн сайхан үе байдаг.  Бид энэ удаагийн сурвалжилгаараа “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ хэрхэн өрнөж байгааг хүргэхээр бэлтгэлээ.
 


16 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ арга хэмжээ өмнөх жилүүдийнхээс онцлогтой. Учир нь өмнөх жилүүдэд “Мишээл экспо” төвд 200 орчим аж ахуй нэгж оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулдаг байв. Харин энэ удаад төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайг тойрон 310 аж ахуй нэгж бүтээгдэхүүнээ танилцуулж буй.

Талбай тойрон цагаан асрууд сүндэрлэжээ. Дан ганц хүнсний ногоо бус дотоодын жижиг дунд үйлдвэрүүд ч энд байна. Иргэдийн хөлд дарагдсан байхыг харахад манайхан үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж буй нь тодхон харагдав.

Увсын чацаргана, Ховдын тарвасаас эхлээд монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн ногоочид нутаг нутгийн “брэнд” бүтээгдэхүүнээ танилцуулах бөгөөд “Ивээл” брэнд, “Зу зу” хүүхдийн ноолууран хувцас гэх мэт үндэсний үйлдвэрлэгч компаниуд ч бүтээгдэхүүнээ дэлгэжээ.  

Үзэсгэлэн худалдаанд нэг оролцсон хүмүүс дахин дараа жилүүдэд орох нь элбэг байдаг аж. Увсын аймгаас ирж, хүнсний ногоо болон чацаргана, цагаан идээ борлуулж буй ногоочин үзэсгэлэн худалдаанд  хоёр дахь жилдээ оролцож байгаа аж. Тэрбээр холоос ирж нийслэлчүүддээ бүтээгдэхүүнээрээ бэлэг барьж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм.
 


 

ХХААХҮ-ийн яамнаас зохион байгуулж буй энэхүү арга хэмжээний талаар салбарын сайд З.Мэндсайхан “Манай яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үндэсний үйлдвэрлэлээ дэмжих арга хэмжээгээ энэ сарын 16-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд 310 орчим аж ахуй нэгж оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа юм.

Цар тахлаас үүдэн сүүлийн нэг жил жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нэлээд хүндрэлтэй байсан. Гэхдээ үндэсний үйлдвэрүүд маань ард түмний хэрэгцээг хангах үүргээ нэр төртэй биелүүлж ирлээ.

Бид дотоодын хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангахын тулд хүнсний ногооны үрийг 80 хувь хөнгөлсөн. Энэ нь  засгийн газраас тариаланчдад үзүүлсэн маш том дэмжлэг гэж харж байна. Цар тахлын үед бидний авч хэрэгжүүлсэн арга хэмжээ маань үр дүнтэй байсан гэж үзэж байгаа” гэсэн юм.

“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ найман өдрийн турш үргэлжлэх бөгөөд салбарын төрлүүдийг өдөр өдрөөр онцлон сурталчлахаар төлөвлөжээ. Тухайлбал өнөөдөр сүү, сүүн бүтээгдэхүүнийг танилцуулсан. Харин маргааш хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэрийн салбар, 19-нд ургамлын гаралтай хүнс болон амттаныг танилцуулах аж.

Үзэсгэлэн худалдаанд борлуулагдаж буй зарим хүнсний ногооны үнийн мэдээллийг хүргэе.

Төмс:    1кг-600 төгрөг

Лууван: 1кг-2000 төгрөг

 Байцай: 1кг-1200 төгрөг

Улаан манжин: 1кг-1500төгрөг

 Тарвас: 1кг-1500 төгрөг, шуудай тарвас 30000 төгрөг

Зөгийн бал: 400гр-12000 төгрөг

                     700гр-20000 төгрөг

                     1кг-25000 төгрөг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top