Өчигдөр (2021.09.19) УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалан, Л. Мөнхбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Б. Мөнхбаатар, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, аймгийн ИТХ-ын дарга Г. Мөнгөнхуяг, Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, Мөрөн сумын Засаг дарга Б.Батбаяр, Төслийн удирдагч Б. Оюун нар тууз хайчилж албан ёсоор нээлт хийлээ. Энэхүү Цэвэрлэх байгууламж нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн MOН-3713 төсөл”-ийн хүрээнд баригдсан. Цэвэрлэгдсэн усаа ногоон байгууламж, зам талбай услахад дахин ашиглах, цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулж шахмал түлш гарган авах боломжтой дэвшилтэт технологи бүхий Цэвэрлэх байгууламж юм.
Аймгуудад анх удаа монгол инженерүүд Монгол орны цаг уурын нөхцөлд тохирохуйц цэвэрлэх байгууламжийн шийдэл гарган, нэг маягийн зураг төсөл болгон батлуулж, тус төслөөр хэрэгжүүлж байгаа нь онцлог юм. Шинээр барьсан Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн авч явах ашиглагч байгууллага болох “Хөвсгөл ус суваг” ХХК-ийн 22 ажилтныг онолын болон танилцуулах сургалтад хамруулж, ажиллуулж байна. Барилга, байгууламжийг ашиглалтад хүлээж авсан өдрөөс эхлэн цэвэрлэх байгууламжийн туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажил 1 жилийн хугацаанд үргэлжлэх юм байна.
Цэвэрлэх байгууламжийн барилгын гүйцэтгэгч “Набсан” ХХК болон “Эс Энд Эй Трейд” ХХК төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад орууллаа.
Сэтгэгдэл ( 0 )