Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирч яваа гэх иргэн Ш.Эрдэнэтуяа манай сонинд хандсан юм. Түүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд асар хортой химийн бодист хордсон аж.
-Та болсон үйл явдлын талаар тайлбарлахгүй юу?
-Энэ хэрэг 2019 оны есдүгээр сарын 24-ний өдөр болсон юм. Тухайн үед би “Биокомбинат” УТҮГ-т Хөдөлмөр аюулгүй байдлын ажилтнаар ажиллаж байсан. Гэтэл манай үйлдвэрийн газрын тухайн үеийн удирдлагууд ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг гүйцэтгэхийг шаардаж, надаас гадна нэг эмэгтэй, хоёр эрэгтэй ажилтанд энэ ажлыг үүрэгдсэн. Голомтод ажилласан энэ дөрвөн хүнээс нэг нь одоогоор нас барчихлаа. Миний хувьд биеийн байдал маш хүнд. Үхлээ хүлээгээд хэвтэж байна. Хамгийн их гомдолтой байгаа зүйл бол Биокомбинатын удирдлагууд хордсон ажилтнуудынхаа үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын зэргийг нь мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, эмчилгээний тэтгэмж гаргуулж өгөхийнхөө оронд өөрсдийн хариуцлаггүйгаас үүдсэн хууль бус ажлаа хаацайлж байгаа явдал нь ажилчдаа үхэл рүү түлхэж байгаатай адил зүйл болоод байгаа юм.
-Ямар бодисууд ашигласан байдаг юм бэ?
-Дихлоризо циант натри буюу суперкилл, licon-грунт антиплесень гэх бодис ашигласнаас болж ажилтнууд хордож, эрүүл мэндээрээ хохирсон. Тухайн хортой бодисуудыг БОАЖЯ, ХХААХҮЯ, ЭМ-ийн сайдын 2019 оны хоёрдугаар 26-ны өдрийн А/59, A-45, A/81 тушаалаар Монгол Улсад ашиглахыг хориглосон байдаг. Би энэ бодисыг судлаад үзэхээр нэг нь тэр чигээрээ хүнцэл, нэг нь тэр чигээрээ шүлт байна. Өөрөөр хэлбэл, тэр бодисыг манай байгууллагад ашиглах ямар ч үндэслэлгүй. Тэгээд ч миний ажлын байрны чиг үүрэг биш. Угаасаа энэ байгууллага /Биокомбинат/ үйл ажиллагаанаасаа өөр чиглэлийн буюу ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийчихсэн байгаа нь хууль бус асуудал. Үүнийг мэргэжлийн байгууллагуудаас ч тогтоосон.
-Ариутгал халдваргүйтлийн ажлыг тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн байгууллагаар хийлгэх ёстой биз дээ?
-Тийм. Гэтэл тэгээгүй. Дотоод ажилчдаараа энэ ажлыг хийлгэсэн. Хийлгэхдээ бүр маш хортой химийн бодис ашиглуулсан байдаг. Биднээр халдваргүйжүүлэлтийн ажил хийлгүүлэхэд хэрэглүүлсэн тэр химийн бодис нь ахуйн хортон шавьж, мэрэгч устгал, ариутгал хaлдваргүйжүүлэлтийн зориулалтаар ашиглаж болох бодисын жагсаалтад багтаагүй бодис юм билээ. Гэтэл яагаад Биокомбинат УТҮГ-ын тухайн үеийн дарга Б.Цолмон болон нэр бүхий албан тушаалтан ийм аймшигтай химийн хортой бодисыг ахуйн ариутгалд ашиглуулж, ажилтнуудаа хордуулсан бэ гэдэг ноцтой асуудал байгаа юм.
-Нэр бүхий албан тушаалтан гэж байна. Энэ асуудалд өөр ямар албан тушаалтан нэр нь холбогддог юм бэ?
-Биокомбинатын тухайн үеийн дарга Б.Цолмон болон одоо түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа С.Тэсхуяг гэх хүмүүсийн хууль бус үйлдлийг хуулийн байгууллага үнэнч шударгаар шалган тогтоох ёстой. Тэдний гаргасан шийдвэрүүд анхнаасаа хууль бус байсан. Биокомбинат бол улсын төлөвлөгөөт үйлдвэрлэлийн газар. Тэндхийн ажилчид хөдөлмөрийн гэрээнийхээ дагуу хүлээсэн үүрэгт ажлаа л гүйцэтгэх учиртай. Гэтэл ажилчдаараа ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийлгүүлэх шийдвэр гаргаж, гүйцэтгэхийг тулган шаардаж болохгүй биз дээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг маш ноцтой зөрчсөн. Тэр тусмаа тус хуулийн зургаадугаар бүлэг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналт” гэсэн хэсгийн заалтуудыг зөрчиж байгаа юм.
-Тэр албан тушаалтнууд энэ бодисыг яаж яваад ариутгалын ажилд ашиглуулчихваа?
-Дихлоризо циант натри буюу суперкилл, licon-грунт антиплесень гэх бодис анх хэрхэн хилээр орж ирснийг судалж үзсэн. 2019 оны долдугаар 24-нд Мал эмнэлгийн ерөнхий газартай ариутгал-халдваргүйжүүлэлтийн нитрит суурилсан, хүчил, шүлтийн нэгдэл агуулсан хуурай нунтаг бэлдмэл Г-2019/16 дугаартай гэрээний хүрээнд БНХАУ-ын Өвөрмонголын “Хуа тянь” эмийн үйлдвэрээс Монгол Улсын “Тэнүүн Хишиг” компанид 2019 оны наймдугаар сарын 12-нд нийлүүлсэн байдаг. Харин Licon0-грунт антиплесень бодисыг Б.Цолмон нь Зооноз өвчин судлалын үндэсний төвийн ариутгал-халдваргүйжүүлэлтийн албаны дарга н.Цэрэнсүрэнгээс ширхгийг нь 56 мянган төгрөгөөр худалдан авсан нь баримтаар тогтоогддог. Тэд уг бодисын нэрийг нь өөрчилж, аюулгүй гэх үгээр халхавчилж, хил нэвтрүүлсэн байгаа нь хамгийн ноцтой асуудал. Одоо тэрхүү хортой бодисын үлдэгдэл хаана хадгалагдаж байгаа, юунд хэрэглэгдэх бол гэхээс би маш их эмээж байна. Үүнийг мэргэжлийн байгууллагууд хянаж, шалгахыг бас хүсэж байна.
-Ариутгал халдваргүйжүүлэлтийн дараагаар танай байгууллагын хэчнээн хүнд хордлогын шинж тэмдэг илэрсэн бэ?
-60 гаруй хүнд илэрсэн. Ихэнхийг нь ажлаас нь халсан. Хамгийн аюултай нь хордсон хүмүүсийг тухайн үед хлорт хордсон гээд эмчлээд байсан. Гэтэл тэрхүү ариутгалын бодис нь шал өөр маш хортой химийн бодисууд болж таарсан. Энэ бол зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй зүйл болж таарсан.
-Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулж, хуулийн байгууллагаас хэн нэгэнд хариуцлага тооцсон удаа бий юу?
-Би энэ асуудлаар хандаагүй, яваагүй газар гэж байхгүй. Цагдаа, Мэргэжлийн хяналт, эмнэлгүүдээр цөхрөнгөө бартал явж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл үнэн мөнийг тогтоож, гэмт этгээдүүдэд хариуцлага хүлээлгээгүй. Харин ч Биокомбинат УТҮГ-ын дарга нь миний амь насанд удаа дараа заналхийлж, дарамтлах болсон. Би өнөөдөр химийн хортой бодист эдгэшгүйгээр хордчихоод байна.
-Суперкилл гэх бодис нь цианит натрийн найрлагатай гэсэн үг үү?
-Тэр суперкилл гэдэг бодис нь гурван янзын найрлагатай. Хуа тянь гэдэг компаниас авсан энэ бодис нь 88.5 хувьтай цианит натри агуулсан байгаа юм. Тэр бодисыг нь Биокомбинатын удирдлагууд зориулалтын бусаар ашигласнаас болж ийм харамсалтай хэрэг гарчихаад байна.
-Эмнэлгийн байгууллагаас танд ямар онош тавьж байна вэ?
-Химийн хурц хордлогоос болж, бүх эрхтэний бүтэц нь алдагдсан гэсэн. Миний элэг жижиг болчихсон. Уушигны угийн бүтэц өөрчлөгдсөн гээд тоочоод байвал энэ биед эрүүл эрхтэн гэж үлдэхгүй болж байх шиг байна.
-Таны хувьд энэ хэргийг шийдвэрлүүлэхийн тулд Мэргэжлийн хяналт, хуулийн байгууллагаар их явсан гэсэн. Яагаад шийдвэрлэгдэхгүй байна гэж бодож байна вэ?
-Миний хувьд биеэр өвдөж, зовохын хажуугаар сэтгэлийн маш их дарамтад орж байна. Би танай сониноор дамжуулж, ХХААХҮ-ийн сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж дараах үгийг хэлмээр байна. Энэ осол бол Засгийн газрын хэмжээнд яригдах зүйл шүү. Өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэлийн ослын комисс гаргаж, хянан тогтоох ёстой байсаар байтал гомдолд санаатайгаар хууль зөрчсөн буруу хариулт өгч, гомдлыг шилжүүлж явсаар байгаад одоогоор нэг хүн амиа алдчихлаа. Нэг хүн эрүүл мэндээрээ ноцтой хохирчихсон. Энэ хэрэгт хяналт тавьсан төрийн албан хаагч, хууль хяналтын байгууллага, МХЕГ-ын улсын байцаагч нар нь өөрсдөө олон нийтийг хамарсан хурц хордлогыг нуун дарагдуулж байна. Гэхдээ үнэн мөнийг тогтоохын тулд яваа мэргэжлийн байгууллагын алба хаагчид ч бас бий. Тухайлбал, МХЕГ-ын Тамгын газрын дарга Ч.Энхбат энэ асуудлыг хянан шалгаж, тогтоох тухай маш тодорхой асуудлуудыг хөндөж Биокомбинатын удирдлагад хүргүүлсэн байдаг. Ариутгалд ашигласан энэ бодисын чинь найрлагад хүний эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулах химийн бодис байгааг хуулийнхан шалгаж тогтоогоод өгөөч ээ. Амьд гэрч, хохирогч нь би байна. Миний эрүүл мэндийн хохирлыг анхааралдаа аваад өгөөч. Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хан-Уул дүүргийн магадлах комисс миний энэ хэргийг тогтоож, үхлийн ангал руу бүү түлхээч гэж л хүсэж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Био комбинатын бузар булхайг илчлэх цаг болсон шүү