Нөхөн сонгуулийн сурталчилгааны ажиллагаа албан ёсоор өнгөрөгч бямба гарагт эхэлж, Үндэсний олон нийтийн телевизээр нэр дэвшигчдээ тодорхой цагт санал бодлыг нь сонсоод эхэлжээ. Харамсалтай нь, нөхөн сонгуульд горилогчид маань өнөөх л 20, 30 жилийн өмнөх сонгуулийн сурталчилгааны хэв маягаасаа салж чадсангүй. Өрсөлдөгчдөө муулсан, төрөө харааж зүхсэн, ард түмнээ үгээгүй ядуугаар нь цоллосон нэг тийм уур амьсгал яг хэвээрээ. Гагцхүү өөрсдөө л лут амьтад гэдгээ харуулах гэж хичээсэн дүр төрх дэлгэц дүүрэх нь ой гутам. Уг нь “Ой мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай” гэдэг дээ. Энэ төрд болж байгаа зүйл ч бий. Болохгүй зүйл ч бий. Ард түмний дунд ажиллаж хөдөлмөрлөөд хөрөнгө чинээтэй амьдарч байгаа нь ч бий, ажиллаж хөдөлмөрлөхгүй ядуу буурай нь ч байгаа гэдгийг л ойлгох ухаан алга, тэдэнд. Энэ төрийг өмгөөлж хамгаалах гэсэнгүй. Хамгийн гол нь ард түмэн тэс өөр зүйл хүсэх болсныг тэд лав ухаж ойлгосонгүй нь харагдлаа.
Тухайн нэр дэвшигч ямар зорилго дор төрийн эрх барих хамгийн дээд байгууллага, УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаагаа юуны өмнө тодохойлох ёстой ч зав гарвал өрсөлдөгчөө муулж, завсар гарвал өөрийгөө магтах шинжтэй. Мэдээлэл өргөн авах болсон энэ үеийн сонгогчид тэднээс илүү шинэлэг, илүү бодлогын түвшний зүйл хүсэж байхад нэгнээ муулсан байдалтай байгаа нь цаашид нэр дэвшигчид маань сонгогчдоосоо хоцорно. Өөрөөр хэлбэл нэр дэвшигчдийн боловсрол сонгогчдынхоо боловсролоос хоцорч эхэлжээ. Өөрийгөө магтаж, өрөөлийг муулахаар УИХ-ын гишүүн болчихно гэх мугуйд бодол өнөө хүртэл хадгалагдаж байгаа нь хачирхалтай. Эдгээрийг сонсож суухад энэ нэр дэвшигч чинь харин зөв зүйл ярьж байна, хэрэгжүүлмээр бодлого байна гээд өлгөөд авах зүйл огт алга. Тэр чигтээ хараал зүхэл, өөрийгөө дөвийлгөгчид байгаа нь харамсалтай.
Эртнээсээ өрөөлийг муулж, өөрийгөө магтахыг цээрлэж ирсэн түмэн маань ч сонгуулийн жилүүдэд ихэд будилах болов. Нэгэнтээ төрийн өндөр дээд албан тушаалтан, өндөр дээдсийг баруун солгойгүй харааж зүхэж, “Би очоод буудна” шахуу зүйл ярьсан нэр дэвшигчийг мундаг гэж хардаг байсан нь үнэн. Ийнхүү нэгэн үе “Хаан аа хороож би хаан болно” гэсэн жудаггүй бүхэнд тал засдаг байлаа. Энэ нь нийгмийн ядуурал, бухимдал дунд бий болдог орон зай л даа. Өөрөөр хэлбэл өөрийнхөө зүдүү ядуу явааг төрдөө “хаан”-даа тохож түүнийг үзэн яддаг байдал бий. Тэр л цагийг дамжаад гарч ирсэн түмэн.
Төрөө харааж, өөрсдийгөө дөвийлгөгчдийг шүтэх болсон том шалтгаан бий. Тэр нь социализмын буулганд 70 жил зүтгэж, дарга шүүмжилж үзээгүй, даргаа муухай харж байгаагүй түмэн шүү дээ. Хэрвээ дарга шүүмжилвэл өөрөө хэрэгт орох үзэгдэл ч цөөнгүй байв. Тэр ч бүү хэл удирдагчийнхаа зургийг хоймроо тавиад шүтэж байсан түмэн. Ийм буулганаас гараад удаагүй түмэн ерээд он, 2000 оны эхэн үе хүртэл энэ айдсаасаа бүрэн салаагүй байсныг бүгд мэднэ. Ийм цаг үед ихэс дээдсээ “Ална, шулна” гээд яваад очихоор “Чинхүү зоригт хөвүүн” хэмээн сонгодог байсан нь ч туйлын үнэн. Тухайн үеийн Улс төрийн товчоо, Сайд нарын зөвлөл, Төв хорооны нарийн бичгийн дарга, хуучин МАХН-ын эсрэг муу үг унагаана гэдэг амиа хорлосонтой адил зүйл болж байв. Тэгвэл нэр дэвшигчид маань шинэ цагийн сонгогчдод өөрийгөө ойлгуулах гэж яваа шүү гэдгийг сануулъя.
Нөгөө талаас ардчилал хэмээх зүйл хойд хөршид мандсан цагаас хойш манайд бий болсон. Кремлээс удирдуулж байсан цагийг халснаас хойш 30 гаруй жил болж байхад энэ айдас бүрэн алга болсон гэдгийг ч ухах хэрэгтэй. Өдгөөгөөс 20 гаруй жилийн өмнө “Шударга ёс” ярьж, “Ихэс дээдсээ ална” гэж явсан нөхөд өдгөө парламентад сууж л байна. Тэд шударга ёс ч тогтоосонгүй, ихэс дээдсээ ч буудсангүй, өөрөө буудуулахдаа тулчихсан сууна. Тэгэхээр “Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлнэ” гэдэг шиг энэ хэдэн өрөөлийг харааж өөрсдийгөө дөвийлгөгчдөөс хэн нэг нь ялалт байгуулна. Сонгуулийн дүн гарахад л хараарай. Хэн их харлуулсан муулсан нь хамгийн бага санал авч, хэн бодлого ярих гэж оролдсон, хэн санаа чилээж байгаа нь ялна.
Миний дурдаж байгаа бол зөвхөн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 28 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа нөхдийн дунд болж өнгөрсөн зүйл шүү дээ. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөө л ийнхүү тараа таниулав. Тэднээс дурдвал МАН-аас Э.Батшугар, АН-аас Э.Бат-Үүл, ИЗНН-аас Ш. Гантулга, "Зөв хүн Электорат эвсэл"-ээс Б.Найдалаа, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Ш.Төмөрсүх, Үнэн ба зөв намаас А.Отгонбаатар, Дэлхийн монголчууд намаас Л.Цог, Ард түмний олонхийн засаглал намаас А.Бат, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Ц.Гантулга, Бие даан нэр дэвшигч Х.Бат-Ялалт нар тус тус өрсөлдөж байгаа. Энэ бүх нэр дэвшигчдийн байр суурийг ямар нэгэн байдлаар сонслоо. Яана даа л гэж гасламаар. Харин Б.Найдалаа гэх нөхөр бодлого ярихыг оролдсон бөгөөд бусдыг муучлахаас зайлсхийж байгаа нь харагдана лээ.
Жишээ нь, залуу үеийн төлөөлөл гэж болох 32 настай А.Отгонбаатар гэх залуу “Намайг ард түмэн лайв хийдгийг мэднэ. Тэгэхээр би УИХ-ын гишүүн болбол Төрийн ордонд лайв хийнэ. Тэр гишүүн хуралдаа ирсэнгүй. Тэр гишүүний өрөөнд хувийн хэвшлийнхэн ирээд ийм зүйл ярьж байна” гэх мэтээр лайв хийнэ гэдгээ хэллээ. Тэр чухам ямар байгууллагад яах гэж ирж байгаагаа мэдэхгүй байна. Ямар сайндаа “Би Төрийн ордонд лайв хийнэ” гэж байх вэ дээ. Ийм л нөхөд УИХ-ын 28 дугаар тойрогт өрсөлдөж байна гэхээр дэндүү чамлалттай.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Угаасаа боловсрол , соёл гэх юмгүй тамганаас өөр нөхөргүй ҮНЭН БА ХУДАЛ намын дарга гэх Отгонбаатар шиг хэрүүл хийхээс өөр юмгүй амьтад арай төрд орохгүй байлгүйдээ . Аав ээжээс заяасан хэл ам хийх , хэрүүл шуугиан тарих авьяастай Элбэгдоржийг дуурайж хэрүүлийн бодовсролоо дээшлүүлсэн ийм балай амьтадын тоо нэмэгдэж байна шүү