Манай эрх баригч нам 100 жилийн түүхтэй. Үе үеийн удирдагчид нь хаан мэт хүндлүүлж ирсэн. Тэдний тансаглалд төсвийн хөрөнгө ч зах хязгааргүй урсаж байсан жишээ үй олон. Гэхдээ үүнийг монголчууд өршөөдөг. Учир нь өөрсдийнх нь нүдэнд харагдахгүй болж өнгөрч байна шүү дээ. Тэгвэл одоо дарга нарыг хүлээж авах, үдэж гаргах гэж бөөн сүр бадруулдаг болжээ.
Ойрхоны ганц жишээ татахад, саяхан нийслэлийн алслагдмал нэгэн дүүрэгт шинээр ашиглалтад орсон цэцэрлэгийн нээлтэд Засгийн газрыг төлөөлж хоёр ч том сайд очсон байна. Үүний бэлтгэл болгож тус цэцэрлэг хүрдэг шороон замыг хүртэл хусаж тэгшилсэн гэж байгаа.
Тэр нь яах вэ, гол нь дарга нар ирдэг өдөр цэцэрлэгийн хоолонд бууз хуушуур, тефтель гээд сайхан бэлтгэжээ. Гэвч сайд нар дагуулж ирсэн олон хүнийхээ хамт буцсанаас хойш бараг сар орчим нөгөө цэцэрлэгийн багш, хүүхдүүд дандаа ногооноос бүрдсэн хоол идэж байгаа аж. Учир нь дарга нар ирдэг өдөр 60 кг махаар найрлаж, сайхан харагдсан юм гэнэ. Дээр нь өнөө цэцэрлэгийн ариун цэврийн өрөө тэгэсгээд хөлдчихжээ. Одоо багш нар нь хүүхдүүдээ саванд шээлгээд гэр хорооллын ойролцоо айлууд руу гүйдэг болчихсон. Ойр хавийн айлууд нь цэцэрлэгийн багш нарт ч их дургүй болсон юм билээ. Энэ талаар дээгүүр доогуур хэл ам гаргах гэхээр сайд нар ирээд нээлт дээр нь үг хэлснээс хойш сар ч өнгөрөөгүй шүү дээ. Дарга харахаараа дайлж цайлах гээд гүйчихдэг дунд түвшний “хурга”-н нөхдүүддээ эрх баригч намынхан чимээгүй нэг сануулах цаг бас болжээ. Жижиг, томгүй нийлчихсэн тансаг жүжигт тоглож байдаг та нарын хийрхэл л энэ ард түмнийг төрдөө дургүй болгож байгаа шүү.
Сэтгэгдэл ( 1 )
өдийд хөлддөг ариун цэврийн өрөө байх уу