Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өчигдөр (2021.09.20) Колумбын их сургуулийн Тогтвортой хөгжлийн төвийн захирал Жеффри Сакс бараалхав.
Талууд Тогтвортой хөгжлийн зорилтууд болон цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов. Жеффри Сакс “Тогтвортой хөгжлийн төлөөх санаачилга” хөдөлгөөнтэй бөгөөд үүнд МУИС, зарим их, дээд сургууль элссэн байна. Иймээс түүнийг Монгол Улсад урьж, тогтвортой хөгжлийн бодлого, хэрэгжилт, ялангуяа цар тахлын дараах эдийн засгийг хэрхэн сэргээх, дэлхийн улс орнууд яаж хөгжих, энэ чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцав.
Мөн тогтвортой хөгжлийн талаар Монгол Улсад бүс нутгийн форум зохион байгуулах, их, дээд сургуулиудад лекц унших боломжийн талаар санал солилцлоо.
“Монгол Улсад байгаа чадавхыг ашиглан тогтвортой хөгжлийн бодлогыг чиглүүлэх чиглэлээр туслахад бэлэн. Бүх талаар дэмжиж ажиллана” гэдгээ Жеффри Сакс хэллээ.
Жеффри Сакс нэр хүндтэй эдийн засагч, сурган хүмүүжүүлэгч, шинийг санаачлагч, гэгээрүүлэгч бөгөөд эдийн засаг, тогтвортой хөгжлийн чиглэлээр судалгаа хийдэг юм. Тэрбээр байгаль орчны манлайллын “Цэнхэр гарагийн шагнал”-ыг 2015 онд хүртэж байсан.
“Time” сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 удирдагчийн тоонд хоёр удаа нэрлэгдэж байжээ.
Түүний ядуурлыг устгах, макро эдийн засгийн тогтворгүй байдлыг даван туулах, өлсгөлөн/өвчинтэй тэмцэх, байгаль орчны тогтвортой үйл ажиллагааг сурталчлах чиглэлээр хийсэн ажил нь дэлхийн 125 гаруй улсад хүрсэн гэж үздэг юм.
“New York times” сэтгүүл “Магадгүй дэлхийн хамгийн чухал эдийн засагч”, “Time” сэтгүүл “Дэлхийн хамгийн алдартай эдийн засагч”-аар нэрлэсэн бол “The Economist” сэтгүүлийн судалгаагаар хамгийн нөлөө бүхий гурван эдийн засагчаар тодорч байжээ.
Сэтгэгдэл ( 0 )