АНУ-ын хойд Виржиниагийн коллежийн оюутан Х.Нандин-Эрдэнэ, МУИС-ийн оюутан Э.Нандинцэцэг нар өөрсдийн санаачилгаар “Тохилог өрөө” хэмээх сайн дурын аяныг зохион байгуулж Дархан-Уул аймгийн “Нэгдсэн эмнэлэг”-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн хүлээлгийн өрөөг тохижуулсан билээ. Тэгвэл тус аяныг өрнүүлсэн үлгэр жишээч залуусын төлөөлөл Э.Нандинцэцэгтэй ярилцлаа.
-Дархан-Уул аймгийн “Нэгдсэн эмнэлэг”-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн хүлээлгийн өрөөг өөрсдийн санаачлагаар тохижуулжээ. Яагаад энэхүү сайн дурын ажлыг хийх болов оо?
-Би МУИС-ийн гуравдугаар курсын оюутан. Энэхүү “Тохилог өрөө” сайн дурын ажлыг эхлүүлсэн шалтгаан нь КОВИД-19 цар тахлын үеэр дэлхий нийтээрээ эрүүл мэндийн салбарынхан буюу эмч сувилагч нар маань их ачаалалтай ажиллаж байгаа. Тийм ч учраас төрж өссөн аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн хүлээлгийн өрөөг бүрэн тохижуулъя гэсэн санааг найзтайгаа хамт гарган энэхүү ажлыг эхлүүлсэн. Хүмүүс ихэвчлэн хэвтэн эмчлүүлж байгаа өрөөгөө тохижуулах хүсэлтэй байсан. Гэхдээ бидний хэн нь ч өвдөж болно. Тиймээс Яаралтай түргэн тусламжийн хүлээлгийн өрөөг тав тухтай тохилог, дулаахан орчинтой болгохын тулд сонгон авч, бүрэн тохижуулсан.
-Цар тахлын үед сайн дурын энэ ажлыг хийгээд явахад амар байгаагүй байх. Тулгарч байсан хүндрэл бэрхшээл юу байв даа?
-Энэ ажлыг хийхэд бид хоёр гурван долоо хоногийн хугацаа зарцуулсан. Төсөв санхүү бүрдүүлэхэд их хүндрэлтэй байдаг юм билээ. Яг өрөөгөө тохижуулах гээд оюуны зураглал гаргаад, судалгаа хийгээд, бэлтгээд байгууллагуудаар танилцуулаад явсан. Энэ үед их ажиглагдаж байсан зүйл нь барилгын материал, барааны үнэ их өссөн байсан. Төсөв маань тооцоолж байснаас давж гарсан.
-Багагүй хөрөнгө, мөнгө зарцуулсан байх. Төсөв санхүүгээ яаж бүрдүүлсэн бэ. Тусалж, дэмжсэн байгууллагууд байв уу?
-Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллагуудаас хандив туслалцаа авсан. Мөнгөн туслалцаа гэхээсээ илүү материалын туслалцаа үзүүлсэн. Тухайлбал, өрөөг тохижуулахад хэрэглэгдэх шавар, замаск, цемент гэх мэт засварын ажлын материалуудыг “Даян” төв болон “Болор Талст”-ын хамт олон бидэнд 100 хувийн хөнгөлөлттэй өгсөн. Үүнд их баяртай байгаа. Үүнээс гадна “Витафит дистрибьшн”, “Очир төв” хэмээх байгууллагууд мөнгөн туслалцаа үзүүлсэн. Яалт ч үгүй ийм ажил хийж байх үед байгууллагуудаар ороод бидэнд тэдэн төгрөгний туслалцаа үзүүлээч ээ гэхэд тийм ч нааштай ханддаггүй, тэр болгон туслалцаа үзүүлээд байдаггүй юм билээ. Тийм болохоор өөрсдөөсөө тодорхой хэмжээний мөнгөн хандив өгсөн. Эд зүйлсийн хувьд өрөөнд хэрэглэгдэх ус цэвэршүүлэгч, сандал, өлгүүр гэх мэт зүйлсийг байгууллагуудаас хөнгөлөлттэй үнээр авсан.
-Зөвхөн эд зүйл, материал авахаас гадна засварын ажлыг хийсэн ажилчид гэж байгаа байх. Хэдэн хүн ажиллуулсан, тэдгээр хүмүүсээ хэрхэн цалинжуулсан бэ?
-Өрөөг тохижуулахад хоёр хүнээр гурван өдрийн турш засвар хийлгүүлсэн. Тэр хүмүүсээс хөнгөлөлт, туслалцаа авах боломжгүй байсан. Тийм учраас ажлын хөлсийг нь бид хоёр өөрсдийн мөнгөө нийлүүлж байгаад өгсөн дөө. Барилгын материалын засварын хөлс мКв-аар тооцогддог юм билээ. Тийм болохоор хамгийн их мөнгө орсон нь энэ байсан. Энэ засварын ажлыг хийхэд нийтдээ хоёр сая гаруй төгрөг зарцуулсан.
-Энэ ажлыг хийхэд ар гэрийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Бидний аав ээжүүд маань их дэмжсэн. Тийм ч учраас яг бодсон шигээ амжилттайгаар, үр дүнтэй хэрэгжүүлж чадлаа. Иргэдийн эрүүл мэндийг дааж явдаг энэ хариуцлагатай, чухал салбарыг сайжруулан засах санааг Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд дэмжих байх, туслах байх, нааштайгаар хүлээж авах байх гэж бодон төлөвлөгөөгөө гаргаад их зоригтой эхэлсэн. Санаачлан хэрэгжүүлсэн ажил маань санаснаар, төлөвлөснөөр бүтсэн. Зориод хийсэн ажлаа бүтээгээд дуусгасандаа баяртай байна.
-Цаашдаа ийм ажил хийх, залуучуудыг уриалах бодол байна уу?
-Цаашдаа Дархан-Уул аймгийн оюутан залуусыг уриалаад энэхүү сайн дурын үйл ажиллагааг ядаж жилдээ нэг удаа ч юм уу хэрэгжүүлээд явна гэж бодож байгаа. Тийм ч амар ажил биш юм билээ. Их зориг шаардсан, туршлага хуримтлуулсан, урам авсан ажил байлаа. “Тохилог өрөө” аяныг хэрэгжүүлэхэд бид хоёрын ард сайн санаат хүмүүсийн дэмжлэг их байсан. Сайн дурын ажил гэдэг сайхан сэтгэлийн үүднээс, буцааж нэхэхгүй хайраар бүтдэг зүйл юм даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Д.Мягмарзаяа
Сэтгэгдэл ( 0 )